Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Их хурлын гишүүн байсан юм аа гээд эргээд харах харц мөр алга
Цэрэндашийн Намхайнямбууг таньж мэдэхгүй хүн ховор. Нэгэн үе улсад 15 мянга шахам толгой мал өсгөж өгсөн алдарт хоньчин хэмээн мандаж явсан, нам засгийн хэвлэлүүдэд энгэр дүүрэн одонтой зураг нь байсхийгээд л томоор гардаг асан, МАХН-ын ТХ-ны гишүүнээр дөрвөнтөө сонгогдож явсан Завхан аймгийн Сонгино сумын уугуул энэ эр 1992-1996 онд УИХ-ын эрхэм гишүүний суудалд заларч, төрийн хууль батлалцаж явлаа. Их Хурлын гишүүний үүрэгт ажлаа өгөөд л нутагтаа очно хэмээн ярьж байсан боловч өдгөө нэгэнт хотын хүн болон төвхнөж, хүүхдүүд нь нийслэлийн сургуулиудад суралцаж байна.
Харин Намхайнямбуу баатартай  Худалдаа үйлдвэрлэлийн дээд  сургуулийн оюутны байранд тун  санамсаргүй тааралдсан юм. Мэнд  усаа мэдэлцсэний дараа энд  жижүүрээр ажиллаж байгааг нь сонслоо. Ингээд түүнтэй хөөрөлдсөн ярианыхаа тэмдэглэлийг сийрүүлье.

Их хурлын гишүүн байсан юм аа гээд эргээд харах харц мөр алга
-Та УИХ-ын гишүүний үүрэгт ажлаа өгснөөсөө хойш нутаг руугаа  яваагүй юу?
-Явсан л даа. 1996 оны намраас нутагтаа очиж байж байгаад хэдэн малаа Гачуурт руу тууж авчирсан. Хотод орж ирээд хоёр cap л болж байна. Одоо мал маань гаднаа, Улиастайд байгаа.
-Хаагуур өвөлжив дөө? Танайх өөрийн гэсэн өвөлжөө, хашаа хороотой юу?
 -Цаашаа Гачуурт өөд Хондой орж өвөлжсөн. Өөрийн гэж өмчилж авсан хашаа хороо байхгүй ээ. Айлын хашаанд л. Сая мал төллөх болоод наашаа Улиастай руу авчирсан юм. Одоо ид төллөж байна.
-Олон малтай юу?
-Хонь, үхэр голлосон зуу гаруй толгой малтай. Төллөх мал 70-аад бий.
 -Таны одоо хийж байгаа ажил чинь...
-Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн оюутны байрны жижүүр. 24 цаг гараад 72 цаг амардаг юм. Амрах хугацаа нь овоо ахиу юм. Тэр хугацаандаа хэдэн мал дээрээ байхад дөхөмтэй.
-Цалин хэдий хэр авах вэ?
-32-33 мянга л юм даа.
-Намайг «АЭ»-д ажиллаж байх үед танай гэр бүлийн хүн тэнд ажилладаг байсан. Одоо хэвээрээ юу?
-Хэвээрээ. Эхнэр «Ардын эрх» сонины газар үйлчлэгч хийдэг. Ингэж хаа хаанаа л ажил хийхгүй бол 100-гаад толгой мал чинь 11 хүний амьдралыг баталгаажуулна гэх юм алга байна шүү дээ.
-Танайх 9 хүүхэдтэй бил үү?
-Тийм ээ. Том нь цагдаагийн дээдэд, бусад найм нь 10 жил дотроо л сурч байна. Хүүхдүүд хороололд байдаг. Тэнд надад байр өгсөн юм.
-Мал ахуйд тань тусалдаг өөр хүн, хамжаа бий юу?
-Нэг бандиа 6-р ангиас нь авсан. Тэр л яваандаа малчин болох болов уу
-Ажилдаа та мориор ирдэг үү?
-Үгүй ээ, ойр зуур морь унадаг л юм. Ажилдаа ч автобусаар л ирж очдог доо.
-Яг өөрийн тань хувьд УИХ-ын гишүүн байх, гишүүнээсээ больчих үеийн амьдралд аль хэр их ялгаа гарах юм бэ?
-Их хурлын гишүүн байснаараа би буруудсан гэж боддоггүй л дээ. Өнөөдрийн амьдралаа хэнд ч лайхаж гомдох юм алга. Гэхдээ Их хурлын гишүүн байсан юм аа гээд эргээд харах харц мөр алга байна шүү дээ.Нам нь ялагдчихаад ч тэгдэг байх даа. Би ч одоо нэг нам дагнасан хүн юм. Нэгэнт миний эсрэг (инээмсэглэв) нам төрийн эрх барьж байгаа болохоор би «надад ажил өгөөч» ч гэж явсангүй, намайг бас «ийм тийм ажил хийгээдэх» ч гэсэнгүй.
-Таны өөрийн тань нам танд ямар нэг ажил олж өгч санал тавьсан уу?
- Манай намынхан уулзалддаг л даа. Би ч ажил гуйгаагуй. Манай нам чинь намайг ажилд оруулах нь байтугай, өөрсдөө ажилгүй болсон олон сэхээтэнтэй нам шүү дээ. (инээв)

Би өнөөдөр ч гэсэн Сонгинодоо очвол ухасхийгээд л мянгат малчин болчихно
-Ер нь таныг хот руу орж ирэхэд түлхэц болсон гол зүйл бол УИХ-ын гишүүн болсон явдал мөн биз?
-Тийм ээ, Их хурлын гишүүн болоод л хот руу орж ирэх бодол гол нь шийдэгдэхгүй юу дээ. Гэхдээ гишүүн болоогүй байсан ч л манайх хот руу орж ирэх байсан байх аа. Улс орны тогтолцоо ч ийм болж ирж байна. Өнөөдөр холынхоны хохь, ойрынхоны зол болчихсон байна шүү дээ. Улаанбаатарт нэг нэхийгээр 25 кг-ийн хятад гурил авчихна. Завхан аймагт тэгвэл хоёр нэхийгээр ч ийм хятад гурил авч чадахгүй. Ганц миний мэдэх гурилаар жишээлэхэд л ийм зөрүүтэй байна.
-Хэрэв та УИХ-ын гишүүн болоогүй бол өдийд одоо хаа сайгүй тодроод байгаа мянгат малчдын адил баян хүн болчих байсан биз?
-Байлгүй яахав, байна л гэж боддог. Би өнөөдөр ч гэсэн Сонгинодоо очвол ухасхийгээд л мянган малтай болчихно. Хүн өнждөггүй шүү дээ. Хорвоод хүн гээч амьтан чинь худлаа, үхдэг л юм. Би есөн хүүхэддээ мянган хонь хотлуулаад үхэх үү? Есөн хүүхдийнхээ тархинд юм үлдээгээд үхэх үү? гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ. Тэгээд би хотонд нь мянган хонь үлдээснээс, тархинд нь мянган үг үлдээе гэж бодож л наашаа шулуудсан юм аа. Түүнээс биш, эх нутгаасаа уйдсан, буруулсандаа наашаа зугтаагүй. Төрийн тогтол¬цоо ч өөр болж, бүх нэгдэл устаж үгүй боллоо. Би нэгдэлдээ түмэн төл өсгөж өгөөд, хоёр дахь түмээ өсгөж явтал цаг үе ийм болж, 4840 болгоод л улсад малаа тушаасан. Мэдээж хэрэг баяжиж хөрөнгөжихөө  бодсон бол би хэдэн ч мянган малтай болчихож чадалгүй яахав дээ.
-За, та улсад 14800 гаруй хонь өсгөж өгчээ. Малыг малчдад нь буцааж өгөх үед танд хичнээн толгой мал ирсэн бэ?
 -Надад 170-аад толгой мал ирсээн. Нэгдэл бол зохих ёсоор нь л хувааж хуваарилсан байна лээ. Түүнд ямар ч гомдох юм байхгүй. Гэхдээ өөрөө байсан шиг яаж байх вэ дээ. Байхгүй хүнд хуваарилах, байгаа хүмүүс хувааж авах гэдэг чинь хоёр өөр юм шүү дээ.
 -Малыг хувьчлах үед та УИХ-д сууж байсан уу?
 -Тийм, наашаа ирчихсэн байсан юм. Гэхдээ тэр тал дээр гомдоггүй ээ, гомддоггүй шүү.
-Дээр үед, таныг ид мандаж явах үед ийм нэг домог шиг яриа их газар авсан байсан: «Малчдаас «Правда» сонин захиалдаг хүн ганц Намхайнямбуу баатар байдаг юм гэнээ» гэж. Тэр үнэн үү?
-(удтал инээж) «Правда» сонин яаж захиалах вэ дээ. Би чинь орос хэл мэдэхгүй хүн шүү дээ. Манай монголчууд чинь ямар ч үед юмыг туйлшруулж байдаг хүмүүс. Сайтгах, муутгах аль алинд нь. Хамрын ирмэг дээр тогтоочих юмыг заавал хамар давуулж байж л санаа нь амардаг... (инээв) Тэр үед миний л адил малчид олон байсан. Би тэдний л дунд малын төлөө гэж зүтгэж явсан. Тэр цагт сонин хэвлэл дээр гарч байсан ярилцлага энэ тэрд дээшээ доошоо олон л юм байсныг үгүйсгэхгүй ээ.
-Та парламентад 4 жил суулаа. Зарим хүмүүсийн ярьдгаар, энэ их сургуулиас хэр баргийн боловсролтой хүмүүсийг дагуулахааргүй юм олж мэдсэн нь лавтай. Та өөрөө ч УИХ-ын гишүүн байхдаа Монгол телевизэд  өгсөн ярилцлагадаа «Хуулийн дээд боловсрол эзэмших дайны л болж байна» гэсэн утгатай үг хэлж байсан санагдана. Ер нь та өөрийгөө аль зэргийн албыг бардам хашаад явчихаж чадна гэж боддог вэ?
 -Би 24 цагаар манаанд суухгүйгээр ажил хийвэл чадаад л явна гэж боддог. Яг тийм ийм алба горилж байна гэх юм алга. 30 гаруй жил 500 гаруй хонь таргалуулж, турааж, үхүүлж, үхүүлдэггүй болж үзсэн би, 4 жил олон хүнтэй тулж ажиллаж үзсэн би ямар ч гэсэн 10-20 хүнтэй ажиллах тэр анзааны ажлыг хөдөлгөөд байж чадна. Гэхдээ өнөөдрийнхөө хийж байгаа энэ ажлыг би чамладаггүй л дээ. Ажил л хүнийг голно уу гэхээс, хүн ажлыг голж болдоггүй юм.
-Танай хүүхдүүд голдуу төвд нэртэй юм. Та өөрөө өгсөн үү?
 - Үгүй, ламаас нэр авдаг байсан. Аав маань нэлээд шүтлэгтэй хүн байсан. Түүнийг дагаад би ч бас шүтлэгтэй.
 -МАХН-ын нэлээд нэр хүндтэй гишүүн байсан үедээ шашин шүтлэгээ яаж зохицуулдаг байв даа?
-Шүтлэг чинь зүрхэнд л байдаг болохоос ил гардаггүй юм шүү дээ. Нам бол ил явдаг.

Миний өвөг дээдэс дөрвөн хамжлага захирдаг, угсаа залгасан тайж нар байлаа
-Ингэхэд таны удам судар, эцэг өвгөд ямар хүмүүс байсан юм бэ?
 - Манай эцгийн тал бол тайж угсаатай хүмүүс юм. Миний эцэг бол хүний ганц хүү.1983 онд өөд болсон. Өвөг эцэг маань тайж гэдгээрээ   1938 онд баригдаад явсан, 10 жилийн ял эдлээд нутагтаа ирж үхсэн юм гэдэг. Түүний эцэг нь мөн л хэдэн үе залгасан, жасаа тамгатай, алба хааж явсан тайж юм гэдэг. Тэр чигээрээ явсан бол би ч мөн угсаа залгаад л сууж байх даг. /инээв/
-Хэр чинээлэг тайж байсан юм бол?
-Нэг их ч чинээлэг байгаагүй юм гэнэ лээ. Дөрвөн хамжлага захирдаг байсан гэдэг. Хожим нь аав маань “Тэдний, тэднийхэн чинь манай хамжлагууд даа” гэж ярьдаг байсан. Одоо ч тэр манай хамжлага байсан айлуудын үр хүүхдүүд тэр голдоо бий. Манай аав  бол жирийн л малчин байсан.
-Ингэхэд та одоо нас хэд хүрч байна вэ?
-50 хүрлээ шүү дээ. Хулгана жилтэй.
-Таныг их залуухнаараа баатар болсон гэдэг байхаа?
-Би чинь дөрөв төгсөөд л мал дагасан хүн. Эвлэлийн XVII их хурлаас, 29 настайдаа хөдөлмөрийн баатар болсон. Хүний шударга хөдөлмөрийг үнэлдэг сайхан цаг байж дээ.

«Хөдөлмөрийн баатраас автобусны мөнгө авахгүй гэж байхгүй...»
-Өнөөгийн Цаг үе, одоогийн хүмүүсийн тухайд ямар бодолтой явдагаа хуваалцахгүй юу.
-Төр засгийн бодлогын хувьд ч би юу хэлэх вэ дээ. Нэгэнт л төрийн хар хүн болж төрсний хувьд захирагдах л учиртай. Одоо ч би төр засагтаа цайныхаа дээжийг өргөсөн хэвээр л яваа. Энэ төр засаг л биднийг авч яваа юм чинь. Гэхдээ сэтгэлд таарахгүй юм гардаг аа... Ялангуяа өнөөдөр хүн хүн биш болсонд, мөнгөгүй хүнтэй харьцахаа больсон. Мөнгө гэдэг зах зээлийн зайлшгүй хэрэгцээт юм байх л даа, их мөнгө атгаж үзээгүй болохоор би мэдэхгүй юм. Гэхдээ их мөнгө гэдэг чинь хүнийг эвдчихдэг юм... Одоо эх зах гээч юм алга болсон гэж би боддог. Өнөөдөр ингээд автобусаар явж байхад настай хүн ороод ирэхэд суудлаа тавьж өгдөг залуучууд алга. Харин нэг 17-той хөөрхөн хүү үеийнхээ охиныг өвөр дээрээ суулгачихаад бах аятай үнсээд явж байхыг би нэг бус удаа харсан. Монгол хүнд чинь хэлдэг хэлдэггүй үг, нуудаг нуудаггүй ажил гэж байсан байхгүй юу. Өнөөдөр энэ зурагтаар гарч байгаа нэвтрүүлгүүдийг хар. 60-70-аад оны монголын сайхан кинонуудыг үзэх үү, өнөө шалдан нүцгэнүүдийг үзэх үү гэвэл шалдан нүцгэнийг л сонгох болж. Хүүхдийн дэргэд ч үзэхэд хэцүү телевизийг яалтай. Энэ мэтээс л хүний зан их эвдэрч байна даа гэж эмзэглэж явдаг даа.
-Автобус гэснээс, (та дээр ажилдаа автобусаар ирдэг гэж ярьсан) таныг нийтийн унаанд явахад хүмүүс таних юм уу?
-Таньдаг юм аа, надаас мөнгө нэхэх нь гайгүй. Эртээд би Улиастайн автобусанд суугаад явж байтал... Тэр өдөр би ажил гараад баатрынхаа үнэмлэхийг авч явсан. Одоо бол алга л даа. Кондуктор ирээд мөнгө нэхэхэд нь би баатрынхаа үнэмлэхийг гаргаад үзүүлсэн. Гэтэл «Хөдөлмөрийн баатраас мөнгө авахгүй гэж байхгүй шүү дээ. Гавьяатаас л авдаггүй болохоос» гэж байна. Харахад үсээ дэгдээхэй шиг гоёор засч, өнгө өнгөөр будсан ганган л охин харагдана лээ. Тархи нь тийм нимгэн, хөдөлмөрийн баатар, гавьяат хоёрын аль нь дээгүүр юм бэ гэдгийг мэдэхгүй хүн үүргээ гүйцэтгэж явна л даа. Би тэгээд дуугараагүй. Дуугарах арга байхгүй шүү дээ. Маргах юм бол тэр хүн ч бас маргана. Аль ч үгүй би өөрөө ичээд үлдэхгүй юу... Хүний боловсрол гэдэг ийм юмнаас л эхлэх ёстой. Монголыг монгол боловсрол л аварна. Гэтэл одоо хар. Өглөө босоод л гадаадын нэг баяр. Яасан ч олон баяртай болчихсон юм бэ? 3-р сарын 18-ныг би мөрөн дээрээ юм зүүсэн цэргийнхний  баяр л гэж боддог байсан юм. Гэтэл одоо аарцгандаа соосогтой  болгон баяраа болгочихсон байна шүү дээ. Долоо хоногийн тавд нь ажилласан нэртэй,  хоёрт нь архидсан улс болчихлоо. Үгүй, одоо малчин хүн ч гэсэн малаа өсгөхийн тулд нэг идэх хоолоо хоёр иддэг юм шүү дээ. Малаа өсгөе гэж бодохоос өөх ч орохоо больчихдогсон.
Уръдын малчид гэдэг чинь одооны «69» унаж малаа эргүүлдэг, тэндээс сав гурил авчраад энд хоёр төлгөөр солъчихдог малчид биш
-Одоо ч хамгийн үнэтэй мал ямаа болоод байнаа? Мянган ямаатай хүн том саятан болж байна. Танайх ямаатай юу?
-Цөөвтөр ямаа бий. Ямаа, тэмээ хоёр чинь 12 жилд ордоггүй, хүйтэн хошуутай мал шүү дээ. Тэмээ сэтэрхий уруултай. Ямаатай баян гэж чи дуулсан уу? Тэр баяны хонь түм хүрсэн юм гэнэ лээ гэж ярьдгаас биш, тэр баяны ямаа түм хүрсэн гэж ярьдаггүй. Өнөө¬дөр ноолуурын үнээ дагаад л ямаа өсөөд байгаа болохоос, бүтэн долоо хоног шуурга тавихад Монголд нэг ч ямаа үлдэхгуй. Ямаа өссөнийг буруутгаж байгаа юм биш, ер нь ямаа тийм мал.
-Хүмүүс тэгтэл ямааг «баяжихын түрүү, хоосрохын сүүлч» гэж яриад байдаг даа. Тэр ямар учиртай юм бол?
-(инээв) Хоосон хүн ч таван ямаатай үлддэг шүү. Ямаа үнэндээ цаас ч хамаагүй идчихээд явж байдаг, хотын захын борчуулын хашаанд л сайхан мал болохоос, сүргийн манлай болж чаддаггүй юм аа. Ер нь манайх ингэж л туйлширдаг улс. 70 жилд барьж бүтээсэн хашаа саравчаа бүгдийг нь үрэн таран хийчихлээ. Мал өсч байна, 30 саяд хүрлээ л гэнэ. Хоёр төө цас ороод, долоо хоног шуурахад хэд нь үлдэх вэ гэсэн тооцоо хаа ч байхгүй. Ойрын 7 жил дараалж өн боллоо шүү дээ. Энэ тэнгэр заавал нэг авцаатай даа. Урьд чинь айл болгоны гадаа мянган хонь, зуун үхэр гэж байгаагүй юм. Урьдын малчид гэдэг чинь ясны малч хүмүүс байхгүй юу. Одооны «69» унаж малаа эргүүлдэг, тэндээс хэдэн сав гурил авчраад энд хоёр төлгөөр сольчихдог малчид биш. Жинхэнэ хотон доторхи малаа өсгөж байсан тэр малчин болгон мянган малтай болчихгүй яасан юм бэ? Байгаль зохицуулаад өгнөө, гайгүй. Тэр зохицуулгыг давах бэлтгэлтэй байх талаар төр засаг, малчин хоёрын хоорондын харьцаа өнөөдөр алга болжээ.
-Танай хувийн мал хулгай зэлгийд өртөх нь гайгүй байна уу?
-Хоёр хөлт ч гайгүй ээ. Дөрвөн хөлт л хэцүү юм.
-Өө, хот тойронгоор бас чоно байх уу?
-Яг энэ Улиастай хавьд бол байхгүй л дээ. Цаашаа Гачууртаад бол яггүй шүү.
 
Бид нэлээд тухлах бодолтой байсан боловч Намхайнямбуу гуай малдаа яараад, «Ингэсхийгээд болговол яасан юм бэ? Хээр ямаа ишиглэчихвэл муу ишиг нь тэсэхгүй нусаа гоожуулчихна» гээд өндөлзөв. Малдаа яарч байгаа малчин хүнийг ахиж элдэв асуултаар хоргоох зүрх хүрсэнгүй. Улиастайгаас буцаж явах замд тэнгэр хуйсганан шуурч байхуйд «Одоо энэ хүйтэрч байгаа чинь яг л номоороо яваа хэрэг шүү дээ. Харин эртээд цагаан сарын дараа гэнэт дулаардаг л буруу болсон юм» хэмээн Намхайнямбуу баатрын хэлсэн нь бодогдлоо.
А.ЗАНАА ярилцав.
/Өчигдөр, 1998 №17/


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats