Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хэрүүл сурсан хүн сайд болдог
Цагийн салхинд санчигных нь үс бууралтсан энэ хүн нэр төр хийгээд алдар гавьяаны төлөө ард түмнээ умартан дээгүүр санаархаж эгэл нэгний халаасыг нимгэлдэг дээдсүүд шиг сайн сайхны төлөө хэмээгээд шартаж, согтож унатлаа хундага тулгаж яваагүй. Зөвхөн өөрийнхөө сэтгэлийн хүч,хөдөлмөрөөр дөнгөж мэндэлсэн нялх малын бүлээн хошууг дотоод энгэрээрээ домнож малынхаа буяныг өөртөө хүртэж малдаа буянаа хайрласан хөх бууц хөглөрсөн монгол нутгийн эгэл нэгэн малчин Монгол улсын хөдөлмөрийн баатар энэ хүнийг мэдэхгүй танихгүй нь үгүй биз ээ.

-Хот, хөдөө хоёрын дунд амьдралын ангал үүсээд байна. Үүнд хэн буруутай гэж та үздэг вэ?
 -Хот хөдөөд ч биш монгол оронд асар том ангал үүссэн. Монгол улсын арван зургаан намыханд мах иддэггүй хүн байхгүй. Өнөөдөр малчдыг боддог суурин газрын иргэн байхгүй болсон. Хятадаас оруулж ирсэн өттэй хүнсний бүтээгдэхүүн, морь уургалах нь бүү хэл олом татахад суга нь ханзарчих хэврэг бараагаар тарган ирэг, сэрхийг сольж аваад л сууж байна шүү дээ.
 -Газар хувьчилалын талаар таны бодол?
 -Дэлхийн аливаа нэг орныг дуурайх дуурайхгүй юм гэж байдаг. Монгол орон чинь Англи, Японы хуулбар биш. Малчин мал бэлчээр гурвыг гадаадын хуулбараар хийж болохгүй. Өөрийнхөө толгой дээрх бөөн цагаан үсийг сайн харахгүй атлаа хүний өө андахгүй гэдэг шүү дээ. Төр засаг худлаа алсыг харж эх орныхоо торгон хилээс цааш шуналт сэтгэлээ бэлчээж байхаар өөрийгөө, ард түмнээ хараасай даа. Ямар нөхцөлд ямар орныг дуурайх ёстой гэдгээ мэдэх ёстой. Монголын газар нутаг бол үе үеийнхний өмч хөрөнгө. Тарчиг амьдралтай ард түмнийг мөнгөөр солиод юу хийх вэ дээ. Манай ард түмэн мартамхай учраас нэг хууль гаргаад сүүлд нь төдийн төдийг сольчихлоо л гэнэ. Тэр хуулийг ард түмэн үнэн хэрэг дээрээ мэдэхгүй шүү дээ. Газар хувьчилна гэдэг ерөөсөө болохгүй асуудал. Бухимдангүй байгаа ард түмний нэг нь би гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
-Амьдралд бичигдээгүй хууль илүү үйлчлээд байх шиг?
-Хүний амьдралд бичигдээгүй хууль үйлчилдэг нь үнэн. Одоогийн батлагдаад байгаа энэ хуулиудыг хоёр сая ард түмний дунд мэддэг нь цөөхөн.
-Амралтын өдрүүд урт болсноор сөрөг үзэгдэл нэмэгдлээ?
-Манай ард түмний архидах өдрийн тоог нэмсэнтэй миний санал нийлдэггүй. Малчдад амралтын өдөр гэж байдаггүй.Ер нь хөдөөнийхөн монголын амьдралыг нуруун дээрээ үүрч явдаг гэж хэлж болно. Хот суурин газрын томчуууд чинь гадаадаас зээл авлаа гээд гайхуулаад байхаар ганц үндэсний үйлдвэрээ сэргээчих юмсан гэсэн бодолгүй харалган хүмүүс шүү дээ.
-Малчдын хөдөлмөрийн гэрээ, малын бүтээгдэхүүнийг авч буй үнэ ямар түвшинд байна. Малчин хүний хувьд энэ жилийн зуншлага ямар байх бол?
-Малчдын хөдөлмөрийг хотын пүүс компанийн эзэд гээд л нэг хэсэг хөрөнгөтнүүд шулж амьдарч байна. Малыг малчдад өгснөөр хоттой ойр аймаг сумдыхны зол алс орон нутгийхны хохь болж байна. Нийслэлээс холдох тутам Хятад гутал, гурил хоёрын үнэ өснө шүү дээ. Ийм өнгөцхөн бодолтой засгийн газар байхад Монгол орон ард түмний амьдрал дээшлэхгүй шүү дээ. Цаг агаарын хувьд гадаа болж байгаа ганг саарал ордонд сууж байгаа их хурлынхан мэдэхгүй. Өвс ургах(өндөрсөх) хугацаа нь дууссан болохоор малын бэлчээр үүнээсээ сайжирахгүй. Одоо долоон сарын сүүлээс нааш тэнгэр орохгүй.
-Залуусын боловсрол ямар түвшинд байна вэ?
-Боловсрол гэдэг харьцангуй ойлголт өнөөдрийн залуус мөнгө олох арга ухаанд бүрэн суралцсанаар бүхнийг мөнгөөр хэмждэг болсон байна. Үг нь ардын зүйр үгэнд өвгөдөө хайрлаж нялхсаа хүндэлж байж нөхрийн хэргийг бүтээвэл өөрийн үйлс бүтнэ гэсэн сайхан сургаал бий. Гэтэл одоо би болвол чи хамаагүй гэсэн шугамаар л яваад байна. Сургууль соёлын хувьд сэхээтний хүүхэд их дээд сургуулийн босгыг давна уу гэхээс биш хөдөөний хүүхдүүд хоосон хоцроод байгаа. Яг үнэнийг хэлэхэд таван зуу дотор малтай айлын амьдрал тааруу шүү дээ. Малаа өсгье гэсэн бодлого өнөөдөр арилчихсан болохоор л мөнгө их байр суурь эзлээд байна. Ховдын хүүхэд хотод ирж сургуульд суралцахад ямар зардал гарах вэ гэдгийг л бодмоорсон доо.
 -Сайд болгон тушаалдаа тэнцэхгүй юм шиг. Жиш: Сангийн сайд гэхэд л... ?
 -Би чамтай санал нэг байна .УИХ-ын 76 гишүүн дотор нэг ч малчин байхгүй. Гэхдээ би өөрийгөө хэлж байгаа юм биш. Ямарч аймгийн нэг сум түүн дотроо багт надаас дээр таваас арван малчин байгаа. Уг нь МАА,ХАА-г мэддэг таван хүн төрийн их хуралд суудалтай байх ёстой гэж би боддог. Малчин хүн гэдэг чинь өвс ногоог шинжиж нэг уулын орой дээрээс таван сумын нутгийг харж суудаг юм. Гэтэл засгийн газрыхан хоёр метр шавар хананаас өөр юу харж суух билээ дээ. Юмаа мэддэг хүнийг биш улс төрөөр хэрэлдэж чаддаг хүнийг сайдаар тавьдаг болсон
-Эрэгтэйчүүдийн байр суурь эмэгтэйчүүдтэй солигдоод байх шиг...?
-Ямар нэгэн юмыг хэн нь удирдах нь хамаагүй. Зөвхөн зөв л залах нь чухал. Энэ олон нам олон толгойтой могой тал тал тийш үсчээд ард түмнээр туршилтын туулай хийж гүйцлээ.
-Засгийн газар өөрсдийнхөө төлөө л хууль батлаад байх шиг?
- Тийм зөвхөн хувиа хичээсэн асуудалд хутгалдаж сууна банк дампуурчихлаа л гэнэ түүний хөрөнгө мөнгийг нь малчид аваагүй нь ойлгомжтой. Саарал ордныхон ард түмний нэрийг барьж өөрсдийнхөө амбаар агуулахыг өсгөөд төр засаг, нийтэд хэрэгтэй савыг суллаад дууслаа.
-Залууcm хандаж та юу хэлэх вэ?
-Одоо бухимдаад байгаа ард түмний сэтгэл тайвширах цаг ирнэ гэдэгт би итгэдэг. Хамгийн гол нь залуучууд маань архин далайд живэхгүй байх нь чухал. Архи, авгай, амьдрал гурав нэг саванд тохирдоггүй юм. Үүнийг л хэлмээр байна.
                        “Азийн Монгол” В.Нэргүй 1998.06


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats