Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Холынхны хохь, ойрынхны зол болж байна
-Та нутаг нугаа явалгүй  яагаад энд суурьших болов?
-    Ер нь хүн чинь зайлшгүй нөхцөл байдал, тухайлбал амьдралд хөтлөгдөх юм байна шүү дээ. Миний хувьд бусдын адил өндөр боловсрол, мэргэжилгүй ч гэлээ өөрийнхөө амьдрал, есөн    хүүхдийнхээ маргаашийг бодолцсон хэрэг лдээ.
-    Баруун бүсээс төвийнх нь арай илүү амьдралтай гэж хэлж байна аа даа?
-Тэгэлгүй яахав. Энд чинь хэдэн зуу, мянгаар малын хэрэг алга. Сүүний хоёр сайхан үнээтэй байхад өөрийнхөө цайг сүлээд илүүгий нь барьж гараад
зарчихад    хэдэн борчуудынхаа өдрийн боовны гурилтай болчихож байна. Тэгвэл баруун хязгаарын нэг сумын хөдөөний нэг өрх өдөрт хэдэн зуун литр сүү саадаг байгаад яах юм. Өнөө зах зээл нь байхгүй шүү дээ. Зуны ид халуунаар өрөм, зөөхий хийж амжилгүй гашлана шүү дээ. Хоёр гайгүй хурдан морьтой байя гэж бодъё. Энэ газар чинь элдэв ой баяр наадам ер тасрахгүй. Бай шагнал ч өндөр юм. Хоёр морио үсэргээд байхад өнгөт телевиз, эрээн хивс овоолчихож болохоор. Гурил будаа, гутлын тос, саван, ойр зуурын хувцас хунар гээд өдөр тутмын хэрэглээний юм нь хүртэл манай баруун аймгийнхаас хямдхан байна шүү дээ. Дээр нь сургууль соёлын хүүхдийн онгоц, унааны зардал гэж гарахгүй. Хичнээн сайн сураад, их дээд сургуульд орлоо ч онгоц, машины зардал, сургуулийнх нь төлбөрийг дийлэхгүй айлын хүүхдэд сурах бололцоо алга. Амьдралын тийм байдлаас сургууль, соёлдоо явж чадахгүй орхиж, дундаас завсардаж байгаа хүүхэд цөөнгүй л бий байх. Амьдралын ийм байдлаас болоод ганц манайх биш баруун аймгийнхан төвийн чиглэлд нүүгээд байгаа юм.
-Баруун талаас нүүж ирэхэд хэр бэрхшээлтэй юм? Танайх овоо хэдэн малтай биз?
-Намаасаа УИХ-ын гишүүнд нутагтаа нэр дэвшиж сонгуулийн ажил цэгцэрч миний ажил ч шулуудлаа. Ингээд улсын баяр өнгөрөөгөөд нааш гарсан. Хоёр cap шахам явж ирсэн дээ. Ээнэгшин дассан нутаг уснаасаа гараад явахад мал, хүнгүй л хэцүү юм. Хэдэн тэмээ, сарлагаа орхиод зөвхөн хонь, адуу, үхэртэй ирсэн. Нийтдээ ЗОО-гаад толгой малтай байна.
-Энэ газар нутагшиж байна уу? Мал хэр онд оров?
-Манай энэ газрыг Бага хоондой гэдэг юм. Гачуурт тосгоны нутаг. Уг нь сайхан хангай юм. Гэлээ ч манай баруун нутгаас тэс өөр, бод малын хувьд ирсэн жилдээ нутагших янзгүй. Нэг муу тэрэгний хайнаг хүртэл уурлаад байх юм. Тарга суулгаж чамбайруулах шим тэжээлтэй өвс ургамал алга. Агь, таана, ерхөг, дээр нь хужир шүү гээд хүний хоолоор бол янз бүрийн амт чанартай хачир байх хэрэгтэй. Гэтэл тэр нь дутаад мал чамбайрах янзгүй. Хаврын хайлмагтсан цас долоосон мал хүртэл хөлөрч тавируун байдаг. Энд үгүй юм. Дээр нь алс холын туувар бас нөлөөлсөн дөө. Гэхдээ хөөрхий баян хангайн буян хишигт хэдэн мал маань гайгүй л онд орж байна даа. Харин энд чинь хонь, чоно хоёр нь зэрэг өсчихсөн газар юм. Харгалзагч шиг дагасаар байхад л өнөө хээрийн зэгэл амьтан самбаачилчих юм. Даага, сарвай гүү, морь гээд арав гаруй тооны адуугаа идүүлчихлээ.
-Одоо мал ид төллөж байгаа цаг биз?
-Алс хол туугдаж ирээд намар тарга тэвээрэг муу авсан болохоор хээл авалт тааруу. Ер нь нэлээдгүй мал сувайрсан. Гэхдээ ганц нэгээр төллөж байна даа.
-Таны өмнө ярьсан дээр нэг зүйл тодруулъя. Улаанбаатарт шилжиж ирээд Завханы Сонгинод байснаасаа илүү амьдарч байна гэсэн утгаар та ярив уу?
-Хөөрхий. Би чинь нутаг, мал хоёроо муулах эрхгүй хүн. Өмнөх тогтолцооны үед одоогоос дор байгаагүй юм шүү дээ. Сайн цагт юм бүхэн эзэнтэй, ажил амьдрал баталгаатай байж. Хаа нэгтээ тохиолддог байгаль цаг уурын хүндрэлийг эс тооцвол бэрхшээл алга байв шүү. Одоо чинь юм бүхэн баталгаагүй болж амьдралын зуд болчихоод байна уу даа гэж бодогдох юм. Адаглаад айван тайван аж төрөх бололцоогүй болоо шив. Дээрэм, тонуул, алаан талаан, залилан хүчин гээд сайнаасаа саар юм нь илүү үзэгдэж сонсогдох болж дээ. Хотод ирсээр хоёр хуваагдсан. 1-10 дугаар ангид долоон хүүхэд сурдаг. Тэд хотод. Би нэг бандитайгаа энд. Хөгшин маань хот, Хоондой хоёрын дунд явган нүцгэн гүйж гурил будаа зөөж хоёр талд боов боорцог хийж өгдөг бүр тусгай ажилтай. Хүүхдүүд маань өдрөөс өдөрт өсч идэх уух өмсөх зүүх нь хүртэл нэмэгдэнэ. Өөрийн хувьд даралт ихдээд байх болсон. Хуучин шигээ хийж, бүтээх нь больж санаа үлдэждээ. Зах зээл маань төвийн бүс, тэр дундаа зөвхөн Улаанбаатарт байна. Үхсэн хоёр хурганы арьсыг гурван мянгаар зараад гурил авч хэдэн хүүхэддээ боов хийж өглөө гэж хөгшин маань дуугарч байсан. Энэчлэн зах зээлийн энгийн жишээ олон. Тэгвэл эх орны хязгаарын аймгуудад ийм бэлэн зэлэн арилжаа алга. Хамгийн товчоор хэлэхэд зах зээлийн энэ нийгэмд холынхны хохь, ойрынхны зол болж байна.
-Таны саяын хэлсэн хол ойрын ялгааг яаж арилгах вэ?
-Миний мэдэх баруун аймгийнхан уг нь том юм шаардаад байхгүй ээ. Нутаг нь өгөөжтэй, мал нь товир, хүмүүс нь хөдөлмөрч. Голцуу малын нь ноос, ноолуур сүү саалийг боловсруулдаг, өргөн хэрэглээний зүйлээр хангадаг үйлдвэр, үйлчилгээ хэрэгтэй. Ер нь дээр дооргүй эмх замбараатай болчихоод мал, газар хоёртойгоо байхад монголчууд өлсөх нь юу л бол. Хязгаарын аймаг сумдыг харж хандах талаар төр засаг байнга анхаарах  хэрэгтэйюм. Уг нь хэлж ярих нь багадаагүй л дээ.
-Шинэ парламөнт, Засгийн газрын талаар ямаршуухан сэтгэгдэлтэй байдаг вэ?
-Олонхийн амаар цөөнхийн дууг хураачихсан юм аа даа. Их хурлын чуулган амархан болсон гэнэ лээ. Билчээр хувьчлах, малын ашиг шимээс татвар ноогдуулах түхай шийдэх гэнэ. Үндсээрээ буруу юм гэвэл энэ. Билчээр хувьчлах юм бол үе үедээ өмчлөх газар бус, үеэ үеэс дамжсан өш хонзон өвлүүлэх болно. Ашиг шимийн татварын хувьд малчдыг бүрмөсөн суулгах төлөвлөгөө. Өөрийн мэдэх юман дээрээ ийнхүү эрэгцүүлэхэд шинэ төр, засгийн бодлогод сэтгэл гонсгор байдаг. Ер нь мэдэхгүй юмаа мэдэж байгаа юм шиг ярьж шийдэх нь шившиг. Их Хурлын танхим маань амьдралаас холдож, онол хийсвэрлэлд хэт автчихаа юу даа гэж бодогдоно. Монгол орон өнөөдөр мал, газар хоёр дээр тогтож байгаа. Цаашид ч тийм байх нь гарцаагүй. Эх орны хөгжил дэвшил, шийдэх асуудал дээр тун хянуур хандаж тэр талын мэдлэг, дадлага туршлагатай хүмүүсийн санал бодол дээр тулгуурлах нь хамгийн зөв шийдэл гарах учиртай. Парламентад гэхэд аль нам эвсэл хамаагүй малчин, тариачин ардаас дор хаяж зургаан хүний суудал байгаасай билээ гэж бодогдоно. За тэгээд ч парламөнт байтугай аливаа нам, холбоо, олон нийтийн байгууллагын их бага хурал, зөвлөлгөөнд малчдыг оролцуулахаа больж дээ. Саяхан болсон МАХН-ын ХХП их хуралд гэхэд малчин төлөөлөгч байсан юм болов уу.
-Ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүний нэр дэвшсэн. Тэднээс хэнд нь илүү найдлага тавьж байна?
-Н.Багабандийн хувьд юманд голч шудрага, алаг цоог үзэлгүй, онол, амьдралын тэгш мэдлэгтэй, тэгээд ч УИХ-ыг толгойлж зохих дадлага туршлагатай болсон. Ерөнхийлөгч байхад хэлбийгээд хөөрцөглөөд байхгүй дэг. Очирбатын хувьд одоо болно доо. Гомбожавыг ширээ сандал хөөцөлдөж байгааг нь хүмүүс мэдэх биз. Одоо ч манай ард , түмэн rap тосож, сайхан  амласан хүнд ширээ сандал хуваарилахгүй биз ээ.
-Та хуучин парламентын нөхөдтэйгээ хэр холбоотой байдаг вэ?
-Миний хувьд бүл хүн дутмаг болохоор гэрээс гарах завгүй. Харин хуучцуулаас
Алзахгүй,    Зэнээ, Шаравдорж,Төмөр, Шаалуу, Бямбадорж гээд ирцгээдэг. Сонин хэвлэл, эм тан авчирч өгнө. Цөм л сайхан улс.
-Монголын малчдад хандаж юу хэлэх вэ?
-Санаанд ойрхон, сэтгэлд дулаахан малчин түмэндээ танай сониноор дамжуулан халуун мэнд хүргэе. Машинаас мал төрөхгүй, ма¬шин мал иднэ. Иймд эрэмдэг машинтай бус халуун хошуут халзан цагаан хониор хотоо дүүргэхийн ерөөл дэвшүүлье.

Завхан аймгийн Сонгино сумын малчин Цэрэндашийн Намхайнямбуу МХЗЭ-ийн илгээлтээр малчин болсноор арав гаруй жилийн дараа 29 настайдаа БНМАУ-ын хөдөлмөрийн баатар болжээ. Тэр улс эх орондоо гуч гаруй жил  хөдөлмөрлөхдөө хоёр түм илүү хонь өсгөж АИХ-ын депутатаар, (Улсын Их хурлын гишүүн оролцуулаад) дөрвөн удаа сонгогдож МАХН-ын их хурал, МҮЭ-ийн их хурал, МХЗЭ-ийн их хуралд тус бүр дөрөв, дөрвөн нийт 12 удаа оролцжээ.


“Өнөөдөр” Балж.Ганбат  1997.04.02  

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats