Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
НАНДИН ХҮСЭЛ МААНЬ – ХӨДӨЛМӨР БҮТЭЭЛ
Маршал Чойбалсангийн нэрэмжит Д. Сүхбаатарын болон байлдааны гавьяаны улаан тугийн одонт, дугаар ангийн дайчид МАХН-ын Төв Хорооны гишүүн, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Ц. Намхайнямбуутай уулзалт хийж, дайчдын сонирхсон асуултад хариулав.

—    БНМАУ-ын хөдөлмөрийн баатарт хүргэсэн амжилтаасаа ярьж өгнө үү

—    Миний эцэг малд хайртай, мал маллах өвөрмөц арга барилтай хүн байв. Энэ чанарыг надад өөлүүлж, малаа ойлгодог, малынхаа төлөө санаа тавьж арчилж хамгаалдаг болгоход байнга зааж сургасны ачаар би малын дөртэй болсон. Ер нь хүн эрхэлсэн ажилдаа дур сонирхолтой, чин сэтгэлээсээ хийвэл амжилт заавал гарна. Би хониноосоо сүүлд унтаж, түрүүлж босч, отор нүүдэл байнга хийж, малаа үр хүүхэд, хань нөхөд шигээ хайрлан, хамгийн дуртай өвс ногоо, хужир усыг нь ахиухан идүүлэх юмсан, эцэж турсан, өвдсөнийг нь тусгаарлан авч хэвийн байдалд нь түргэн оруулах юмсан гэж чармайж ажилласнаар амжилтад хүрсэн гэж боддог. Товчоор хэлэхэд хонио хайрлаж хариулсаар баатар боллоо.
—    Таны эрхэмлэж явдаг хамгийн чухал зүйл юу вэ?
—    Завхан аймгийн Сонгино сумнаас Улаанбаатар хотод 35 удаа онгоцоор ирж очлоо. Зөвхөн унааны зардалд 20 гаруй мянган төгрөг улс зарцууллаа. МАХН, МХЗЭ-ийн их хурал, Төв Хорооны бүгд хуралд удаа дараа оролцож, Ардын Их Хурлын депутатаар 2 удаа сонгогдож, ЗХУ-д 2 удаа зочиллоо. Жирийн малчин надад ийм их итгэл найдвар хүлээлгэнэ гэдэг үнэхээр бахдалтай. Энэ бол нам, засгийн хайр халамжийн нэг илрэл. Тэгэхээр ард түмнийхээ төлөө нам, засаг хичнээн их, анхаарал халамж тавьж, итгэл найдвар, хүлээлгэдэг нь тодорхой. Ийм их итгэл найдвар, хайр халамжийг хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар хариулах нь миний эрхэмлэж явдаг хамгийн ариун нандин хүсэл билээ.
—    МАХН-ын XIX их хурал дээр зарим төлөөлөгчид малд сонирхолтой хүүхдийг бага сургууль төгсгөөд мал дээр гарган малчин болгох санал тавьж байсан. Та энэ талаар ярина уу?
—    Мал маллах дур сонирхолтой л бол 8, 10 дугаар анги төгсөөд малчин болно шүү дээ. Ер нь малчин хүн боловсролтой байх нь зүйтэй. Би 1972 онд Москвад нэг дэлгүүрт орж, шөнийн харанхуйд хонио эргэхэд хэрэг болно гээд хэдэн гар чийдэн авах гэж мөнгөө бөөнд нь төлчихөөд худалдагчид талоноо өгсөн чинь нийт мөнгөнд таарсан шал өөр юм авч өгчихөөд болдоггүй, төчнөөн чийдэн авна гэдгийг хэлж чадахгүй хөглөсөн шүү. Шинжлэх ухаан, техникийн ололтын үр хөдөө аж ахуй түүний дотор мал аж ахуйд түргэн нэвтэрч байгаа өнөө үед малчдын боловсролын түвшинг өндөржүүлэх нь зүй ёсны шаардлага болж байна.
—    МАХН-ын XIX их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх талаар та ямар зорилттой ажиллаж байна вэ?
— Би 1979 онд түмэн цагаан хонь өсгөхөөр авсан үүргээ 4 жилийн өмнө биелүүлсэн амжилтаа бататган, намынхаа XIX их хурлын хүндэт индрээс 2 дахь түмэн цагаан хонь өсгөх үүрэг авсан. Энэ үүргээ биелүүлэхэд бүх хүч чадал, бололцоо нөөцөө дайчлан ажиллана. МХЗЭ-ийн Төв Хорооны VI бүгд хурлаас   залуучуудын   бүтээлч үйлсийг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтыг удирдлага болгон шавь нараа мал мал¬лах арга ухаан, малаас авах төл, ашиг шимийг нэмэгдүүлэхэд байнга сургаж сайн малчид болгох нь миний зорилт
—    Манай армийн дайчид тухайлбал уулзалт хийж байгаа тус ангийн дайчдад хандаж юу захимаар байна?
—    Залуу хүн өөртөө заавал тодорхой зорилго тавьж түүнээ биелүүлэхэд хүч чармайлтаа дайчлан тохиолдсон өчүүхэн бэрхшээлийг ухаалгаар даван туулдаг байх хэрэгтэй. Миний эрхэмлэж явдаг зүйлийн нэг бол цаг юм. Цаг минут бүхэн үнэтэй. Би малаа хариулж явахдаа ямар өвсийг амтархан идэж байна, минут цагт хичнээн үмх өвс идэж байгааг хүртэл тооцож судалгаа хийдэг. Мөн мал аж ахуйг өсгөж үржүүлэх, үүлдэр угсааг сайжруулах, түүгээр ч барахгүй марксист — ленинист онол, улс төрийн номуудыг ч уншиж, улс орон, аймаг, сумынхаа амьдрал үйл ажиллагаатай холбон дүгнэлт хийж явдаг. Залуучууд түүний дотор дайчид та нар залхуу, хэнэггүй, нойр гурваас ихээхэн сургамж авч, хүний хамгийн шилдэг сайхан чанаруудыг эзэмшиж сурах хэрэгтэй. Залхуугаас болж маш их нөөц бололцоо, хөдөлмөрийн бүтээл алдаж байна. Тэр тусмаа эх орноо батлан хамгаалагчид залхуурвал орчин үеийн хүчирхэг зэвсэг, техникийг эзэмшиж, цэргийн эрдэмд жинхэнэ ёсоор суралцаж чадахгүй шүү. Хэнэггүй зангаас хэрэг төвөгт орж, амь насаа хүртэл алдах тохиолдол ч гарч болзошгүй. Иймд дүрмээ ягштал биелүүлж, ахмад үеийнхээ дайчин уламжлалаас байнга суралцаж байх шаардлагатай гэж ярилаа.
Ярилцлагыг тэмдэглэсэн
 дэд хурандаа Н. ЛХАГВА


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats