Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
УИХ-ын гишүүн жижүүр хийж амьдралаа зогоож байна
Нэг үе мандаж хөдөлмөрийн баатар болж, гуравхан жилийн өмнө УИХ-д сууж төр барилцаж явсан хүн одоо оюутны байранд жижүүр хийж сууна. Хэрвээ Намхайнямбуу гуай нутагтаа малаа маллаж байсан бол сэтгэл амар амьдарч байх байсан нь мэдээж. Энэ хүн одооноос хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүний өндөр сэнтийд заларсан ч улс төрд орсноороо юу ч хожсонгүй. Өнөөдөр тэрээр хэдэн хүүхдээ тэжээх гэж байрны жижүүр хийн гэргий нь албан газрын шал угаан өдөр хоног өнгөрөөж байна. Улсдаа олон толгой мал тоолуулж явсан тэрээр өнөөдөр 20 мянга хүрэхгүй төгрөгөөр өлмөн зэлмүүхэн амьдарч байна.
-Амьдрал ямар байна даа?
-Эрээн бараан л байна. 9 хүүхэдтэй. Тэд маань бүгд сургуульд сурдаг. Хамгийн том нь 20 настай. Бага нь 1-р ангид сурдаг. Эхнэр маань цэвэрлэгч, би жижүүр хийгээд өдөр хоног өнгөрөөж байна.
-Хэр мал ахуйтай вэ? Өмч хувьчлалаар мал авсан уу?
-Намайг хотод байхад нэгдэл маань 120 гаруй мал өгсөн. Одоо улиастайд 20-иод хонь, хоёр үнээ байх шив дээ. Хувьчлалаар авсан хэдэн малаа зарж үрээд дуусч байна.
-Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн болж явсан та одоо байгаа амьдралдаа гуньж гутарч явдаг уу?
-Амьдрал муу учир   гуньж гутарч явах л юм. Сэтгэл санаа ч тогтворгүй байдаг. Ганц миний амьдрал биш. Төр засаг, Монгол даяар хямарч байгаа болохоор яая гэхэв гэж сэтгэлээ тайвшруулдаг юм.
 -Улс төрд оролцсондоо харамсдаг уу?
-Үгүй. Харамсдаггүй. Өнөөдөр миний амьдралд хэдэн мал хэрэг болох байсан л байх Гэхдээ бага ч гэсэн хугацаанд төр барилцаж явсандаа бахархдаг. Энэ бүхэн маань миний амьдралд зуун толгой малаас дээр.
-Таны      сарын      орлого? Хүүхдүүдийнхээ    сүргалтын төлбөрийг яаж хийдэг вэ?
-Би 30 гаруй мянган төгрөгийн цалинтай. Эхнэр маань ч тэр л орчим авдаг. Нэг хүү маань ЦИС-д, нэг нь ХҮДС-д сурч байна. Одоохондоо төлбөрийг нь бэлэн мөнгөөр өгсөн. Жилээс жилд нэмэгдэж байгаа болохоор дараа жилээс яаж төлөх ухаанаа олохгүй л байна.
-Гачууртад байдаг засаг дарга дүү чинь хэр тусалдаг вэ?
-Муу сайн засаг дарга нарт эрх мэдэл хөрөнгө байх биш дээ. Юугаараа туслахав. Гэхдээ л ах дүүгийн хувьд тус дэмтэй л байдаг. Намайг хүмүүс мал хөрөнгөтэй гэж боддог нь эндүүрэл. Надад хорин хонь, хоёр үнээнээс өөр мал байхгүй. Харин УИХ-д байхад 3 өрөө байр өгсөн. Тэр байранд хүүхдүүд маань байдаг
-Хамгийн сүүлд хэзээ нутаг явсан бэ? Хэрвээ малаа маллаж байсан бол хэдэн малтай байх байсан бол?
-Завхан руу 97 онд нэг очсон. Би чинь 14 настайгаасаа мал маллаж өссөн болохоор нутаг орноо санах л юм. Ойрын үед нутаг явах санаатай л байна. Хэрвээ би малаа дагаж явсан бол хотондоо хорь биш 500-гаад малтай, 1000 км-ийн цаана 9 хүүхэд маань сургууль, соёлгүй л байх байсан даа.
-Намаас тань хэр их тусалдаг өэ? Танд ямар нэг ажил санал болгож байв уу?
-Нам өөрөө эрх мэдэлгүй юм чинь  юугаараа туслах вэ дээ. Надад ямар нэг ажилд санал болгож байгаагүй. Би байтугай хэд хэдэн дээд сургууль төгссөн хүн ажилгүй байна.
-УИХ-д хийсэн хамгийн том ажил...
-500 хониноос 500 хурга гарлаа гэсэн бодитой бүтээл УИХ-аас гардаггүй. Тэр үед батлагдсан хууль, тогтоол бүх зүйлд л rap  бие оролцсон гэж боддог.
-Оюутны байранд жижүүр хийх хэцүү юү? Яаж энэ ажилд орсон юм бэ?   
-Таньдаг хүнээсээ ажил сурагласан. Тэгээд л энд орсон. Ээлжинд  гарах хэцүү л юм. Амрах хугацаандаа цөөн ч гэсэн хэдэн малтайгаа л ноцолдож цаг нөхцөөдөг.  Мянган хонинд нэг л ухаан зардаг. Гэтэл 300  хүүхдэд 300 ухаан зардаг юм байна.
-Хүмүүс тантай яаж харьцдаг вэ? Урьдихаасаа өөрчлөгдөж үү?
-Үгүй. Монголчууд чинь малдаа хайртай ард түмэн. Харин малч хүнд түүнээс илүү хайртай    байдаг болохоор хүмүүс надтай сайн харьцдаг. Одоогоор өөрчлөгдсөн юм алга.
 -Та улс төрд хэр ойр байдаг вэ? Цаашид улс төрөөр оролдох уу?
-Ямар хүнийг улс төр мэддэг ойлгодог гээд байгааг би ойлгодоггүй. Урьд өмнө би Монголыг дэлхийн бөмбөрцөгтэй холбодог, ард түмнээ мэддэг хүнээ улс төрч гэж боддог байлаа. Одоо талбай дээр 5 хоног өлсгөлөн зарласан хүнийг л улс төрч гэх юм шив дээ. Би өлсөж чадаагүй болохоор улс төрч биш. Харин улс төрийг өөрийнхөө хэр хэмжээнд ойлгоно. Сонгуульд нэг хэсэг нь мөнгөөр ялж байна. Өлсгөлөн ходоод мөнгөнд амархан татагддаг. Надад УИХ-ын гишүүн болох мөнгө байхгүй.
-Таныг УИХ-д сууж байхад хээл хахуулийн асуудал ямар байв? Цуг УИХ-д сууж байсан хүмүүстэйгээ уулздаг уу?
-Тэр үед хээл хахуулийн асуудал маш бага байсан. Өнөөдрийн УИХ-ынхан шиг авах идэхийн хорхойтой хүмүүс байгаагүй. Цуг ажиллаж байсан хүмүүстэйгээ уулздаг. Ирж очдог л юм. Тэр гэж нэрийг нь дурьдмааргүй байна.
-Хөдөө гарч мал маллах уу?
 -5 жилийн дараа хөдөө гарч мал маллана гэж ярих нь бүү хэл тав хоногийн дараа энэ суудал дээр жижүүр хийж суух үгүйгээ мэдэхгүй байна. Бид чинь тийм л баталгаагүй нийгэмд амьдарч байна шүү дээ.
-Та улс төрөөр оролдсоноор юу хожив. Харин өөрийгөө ч үр хүүхдээ ч хохироосон юм биш үү?
-Хожоод байсан юм байхгүй. Миний хувьд жирийн л 4 жил өнгөрсөн. Өнөөдөр амьдрал ийм гэдгийг урьдчилан харж чадахгүй болохоор харамсаад ч яах юм билээ. Миний дуу дээшээ төрд, доошоо хөрсөнд шингэхгүй юм чинь. Би тавь хүртэл өөрийгөө бодож явж дээ. Өнөөдөр хотонд мянган мал байна гэж зүүдлэхийн оронд 9 хүүхэд минь 9 үсэг зүүдлээсэй гэж бодох юм. Ер нь хоосон толгойтой хүн малчин болдог юм биш шүү.
Хот хөдөө хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Сэтгэл хөдөө байвч уяа нь хотод байх юм. Мал гэхээр юмгүй болохоор хөдөө очоод ч яах юм билээ. Би чинь тэтгэвэрт гарах болоогүй. Одоо 8 жил дутуу байгаа болохоор сайн, муу хамаагүй ажил хийх нь чухал байна. За даа бүс чангалж амьдарч байна

Б.Цоожчулуунцэцэг

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats