Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
УИХ-ын гишүүн асан Ц. Намхайнямбуу оюутны байранд жижүүр хийж байна
УИХ-ын гишүүн гэдэг нэр хүндтэй албыг хашиж байсан Хөдөлмөрийн баатар Ц. Намхайнямбуу гуай оюутны байранд жижүүр хийн, жижиг сажиг юм зарж сууна, төрийн том алба хашиж байсан хүн ийм ажил хийж болох юм уу? Үгүй ядаж хөдөлмөрийн баатар хүн шүү дээ гэж ярьцгаахыг сонсоод түүний ажиллаж буй ХҮДС-ийн оюутны байранд очлоо. Үүдний жижүүр авгайгаас сураглаад зогсож байтал Намхайнямбуу гуай гараад ирсэн юм. УИХ-д сууж байсан үеийнх шигээ л Монгол дээлтэйгээ алхаж явна. Эр хүн тугал ч хариулдаг, туг ч барьдаг гэдэг шиг мал ч маллаж, төр ч барилцаж байсан энэ хүнтэй хөөрөлдсөнөө та бүхэнд толилуулья.
-Намхайнямбуу гуай та хэдийнээс энд ажиллах болов? Таныг хүмүүс төрийн том алба хашиж байсан юм чинь арай өөр ажил хийхгүй яасан юм болоо?, МАХН харж үзээгүй юм байхдаа гэж ярьцгааж байна. УИХ-ын гишүүн байсан хүнийг төрөөс эргэж харж тусалдаг уу?
-Үгүй, үгүй. Ямар юмаараа туслахав дээ. Нам нь ялагдчихсан хүн чинь намтайгаа хамт л өнхөрчихдөг юм байна. Сонгуульд ялагдаж УИХ-ын гишүүн байхаа больсон үеээсээ хойш хэдэн малтайгаа Гачууртад байж байсан. Гадны улс янз янзаар ярьж байгаа байх. Тэдний ярих, миний бодох хоёр чинь их өөр золиг л доо. Өссөн төрсөн нутгаасаа наашаа ирсэн маань хэдэн хүүхдээ л бодсоных. Ажил төрлийн хувьд би аль ч намаас албан тушаал гуйж ороогүй. Миний чадах ядахаараа амьдарч яваа минь л энэ дээ. Би энд хоёрдугаар сарын 15-наас хойш ажиллаж байна. 24 цаг ажиллаад 72 цаг амардаг юм. Надад ажлын бүтэн таван өдөр ажиллах боломж байхгүй учраас өөрийн хүслээрээ л энэ ажилд орсон. Манайх одоо Улиастайд байгаа. Тэндээ зуугаад толгой малтай. Би чинь хар багаасаа л мал малласан хүн. Одоо ч хот газар ирлээ гээд хөндийрөөгүй байгаа болохоор нэг өдөр ажиллаад гурван өдөр амардаг энэ ажил маань зүгээр санагдсан юм. 
-Энэ ундаа, печень, бохийг та зарж байгаа юм уу? Хэр ашигтай байна вэ?
-Үгүй ээ, би юу гэж хувийн юмаа зараад сууж байхав. Үүнийг сургууль нь заруулдаг юм. Энэ мөнгөөрөө өөрийгөө санхүүжүүлэхэд зориулдаг гэсэн. Ашигтай л байдаг юм шиг байна лээ. Энэ оюутнууд чинь печень, ундааг маш их авдаг юм. Зарим нь гуйгаад зээлээр авчихна. Би арваад мянган төгрөгний юм зээлээр өгчихөөд эхнээс нь авч чадахгүй няравт хангинуулж л сууна.
-Та нутагтаа очиж байгаа юу? Яагаад хотод суурьших болов оо?
-Нутаг руугаа явдаг аа. Ноднин яваад ирсэн. Одоо чинь ойрынхны зол, холынхны хохь болж болсон цаг шүү дээ. Хэдэн хүүхдийнхээ эрх ашиг, амьжиргаагаа бодоод Улаанбаатарт ойртсон минь энэ ээ. Манайх таван охин, дөрвөн хүүтэй. Энэ жил хамгийн том маань Цагдаагийн дээд сургуульд орсон. Бусад найм нь ЕБС-д сурч байна. Би чинь өөрөө дөрөв төгссөн л хүн шүү дээ. Энэ цаг үед боловсролтой хүн л урагшаа явна. Хүнийг харахад хөлөөрөө явж байгаа юм шиг боловч ухаанаараа л явдаг шүү дээ. Би нутагтаа очоод малаа маллах  ч юм уу, намынхаа ажлыг хийж болох л байсан. Хотондоо мянган малтай болоод есөн хүүхэддээ хувааж өгснөөс боловсрол эзэмшүүлээд ухааныг нь хөлтэй болгочихвол дээр гэж бодсондоо л тэднийхээ төлөө зүтгэж явна.
-Та шинэ УИХ, Засгийн газрыг хэр зэрэг ажиллаж байна гэж боддог вэ?
-Зоримог, зоримог хийж байгаа юмнууд байна л даа. Ажил хийж байгаа хүнд алдаж онох байлгүй л яахав. Гэхдээ цөөн хэдэн баячуудыг нь авч яваад жирийн хүмүүсийн аж амьдрал ямар байгааг анзаарахгүй байна уу даа. Уг нь хоёр сая ард түмнийхээ бүгдийнх нь төр засаг юмсан. Өнгөрсөн сонгуулийн үеэр хүмүүсийн дунд МАХН-ын эсрэг үзэл, шинэ залуучуудыг сонгоод үзье гэсэн бодол зэрэгцчихээд хувь хүмүүст биш намд нь саналаа өгцгөөсөн. Бүх ард түмний сонголт их хэцүү шүү дээ. Гэтэл ихэнх хүмүүс намын нэрээрээ гарч ирчихээд юу ч хийхгүй байна шүү дээ. Монгол эх орныхоо төлөө зүтгэж байна гээд цээжээ дэлдэх хүн олон байдаг боловч яаж тэмцэж байгаа нь харагдахгүй байна. Хуулиа маш их өөрчилж, өөрсөддөө ашигтайгаар эргүүлцгээж эхэллээ. Гэтэл хуулийг хэрэгжүүлдэг хүн байгаа юм уу, үгүй юу? Хэдэн хууль баталсныгаа мэдэж эргэж хянах юм алга.   Намын нэрээр их туйлширч албан тушаал булаацалдацгааж байна. Гэтэл энэ дунд нь ард түмэн хэлмэгдэж байгаа. Өнөөдөр Монголын ард түмэн доогуураа ядраад байна шүү дээ. Ялангуяа хөдөөгийн хөдөлмөрчид малчид маань хэцүүдэж байна. Өнөөдөр гурван өдрийн шуурга болоод хоёр төө цас ороход хэдэн малчин хичнээн малчин үлдэх вэ гэдгийг мэдэж байгаа хүн байна уу? Тэдний төлөө юу хийж байгааг ойлгохгүй, харахгүй байгаа. Ер нь шинэ төр засгийн бодлоготой санал нийлдэггүй юм маш олон байдаг. Тэр болгоны   төлөө дуугарья гэсэн ч дуу хүрдэггүй юм байна.
-Та одоогийн УИХ-ыг өөрийнхөө ажиллаж байсан үеийнхээс муу байна гэж боддог уу?
-Тийм ээ. Бид маш их хариуцлагатай байсан шүү дээ. Одоо бодоод байхнээ их өөр харагдах юм. Хурлаа таслаад, хийх юмаа хийхгүй, хэнэггүй явна гэдэг чинь сонгогч түмнээ басамжилж тоохгүй байна гэсэн үг. Бидний үед чинь ихэвчлэн нас тогтсон, буурь суучихсан хүмүүс байсан болохоор аливаад ултай ханддаг, сонгогчдоо хүндлэх үүднээс ёс зүйн хувьд алдаа гаргадаггүй байлаа шүү дээ. Гэтэл саяын сонгуулиар 27 настайг залуг хүртэл сонголоо. Шинэ их баяжиж байгаа хүн цээжээ дэлддэг шиг гэнэтхэн том албан тушаалд гарсан хүн барьц алдах үе байна гэдгийг бодолцсонгүй. УИХ-ынхныг тойрсон хов жив хэрүүл шуугиан тасрахаа байжээ. Охид, бүсгүйчүүдтэй холбогдсон зүйл ч их яригдах юм. Ер нь залуу насанд тийм юм байдаг л байхгүй юу. Тэгэхлээр ямар насны, ямар хүнийг сонгох вэ гэдгийг бодолцмоор байгаа юм. Тэгээд ихэнх нь их мөнгөтэй баячууд байна. Саяын сонгуулиар л гэхэд мань мэт нь хүүхдэд ганц фудвольк, даавуун малгай авч өгч чадахгүй байхад зарим нь гурил будаа хүртэл өгч байлаа шүү дээ. Хүмүүс юмыг нь авсан хүнрүүгээ хандаж байгаа юм. Энэ  улсын их хуралд мөнгөөр цохиж гарч ирсэн хүмүүс олон бий. Цааш цаашдын сонгуульд энэ байдал давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Тэгээд ч ард түмний сонгоод гаргаад ирсэн хүмүүсийг би болохгүй гэж үзээд яахав дээ. Харин дараагийн сонгуулийн үеэр хоосон амлалтуудаас халширч юу хийж чадах вэ гэдгийг нь харж сонгодог, итгэдэг болоосой гэж бодох юм. Сайн сайн гишүүд байгаа гэхэд эргэлзэхгүй. Гэхдээ бүгдээрээ сайн гэдэгт үнэмшдэггүй шүү.
-Одоогийн УИХ-ын гишүүдийн цалин нэмэгдсэн гэсэн. Та хэдэн төгрөгийн цалинтай байсан бэ?
-Нэмэгдсэн гэсэн. Бид бол 44 мянган төгрөгийн цалинтай байлаа. Одоогийн гишүүд яг хэдэн төгрөгийн цалинтай болсныг мэдэхгүй. Өөрөө сонгогдоогүй байж цалин чинь хэд вэ гэвэл ичмээр биз дээ.
-Та УИХ-ын шугамаар гадаадын ямар ямар орнуудаар явсан бэ?
-УИХ-ын дэд дарга Ж. Гомбожавтай хамт Тайланд, Индонез, Хятад гурваар явж юм үзэж, нүд тайлсан.
-Та дөрвөн жил УИХ-д суухдаа костюм пиджак, зангиа, цамц өмсч сурав уу?
-Үгүй, сураагүй. Би халуун уур амьсгалтай Индонезид явж байхдаа ч гэсэн дээлээ өмсөөд л явж байлаа.
-Та УИХ-ынхнаас хэнтэй нь илүү дотно нөхөрлөдөг байсан бэ?
-Би ер нь хэнтэй нь чиг адилхан л даа. Дэмбэрэл, Баярсайхан хоёрын дунд суудаг байсан. Өөд өөдөөсөө харсан хаалганд байсан болохоор хөрш Алзахгүйтэйгээ дотно байлаа.
-Та хөдөлмөрийн баатар хүн. Ямар нэгэн хөнгөлөлт, урамшуулал авдаг уу?
-Би 1978 онд Ю. Цэдэнбал даргаас хөдөлмөрийн баатрын алтан соёмбо гардан авч байлаа. Тэр үед түүнийгээ зүүгээд баярлаж бахархаж явсан. Над шиг олон хүн эрүүл биеэ эмгэгтэй болтол нойргүй, хоолгүй улс орныхоо төлөө зүтгэж байсан. Гэтэл одоо хэн ч харж үзэхгүй байна шүү дээ. Одоо чинь хөдөлмөрийг үнэлдэггүй төр үйлчилж байна. Хөдөлмөрийн баатар хүнд жилд 3600 төгрөг олгодог юм. Энэ мөнгөөр шуудай хятад гурил ч авахгүй шүү дээ. Би 1996 оноос хойш энэ мөнгөө авч чадаагүй байна. Урьд нь орон нутгийн засаг захиргаа л мэдээд өгчихдөг байлаа. Гэтэл одоо хэн өгөх нь мэдэгдэхгүй бие бие рүүгээ яихээд байх юм даа. Монголчууд бид үргэлж хуйларч, туйлширч байх юм. Хөдөлмөр тэр дотроо хамтын хөдөлмөрийг үгүйсгэж бүх нэгдлээ тараачихаад байгаа нь ямар вэ? Нэгдэл гарч ирсний ачаар л Монголын малчин түмэн бөөс хирнээсээ салж, цагаан хэрэглэл, дотуур гадуур бүрээстэй болсон цаг саяхан байлаа. Тэгэхлээр малчид удахгүй нийлэх байх гэж бодож байна.   
-Та цагаан сараар сайхан шинэлсэн үү?
-Их өргөн сайхан шинэлсэн. Миний 80 настай эх бидэнтэй цуг байдаг юм. Бүх ах дүү нар  маань ээж дээрээ ирцгээсэн. Хуучин УИХ-д цуг байсан нөхдөөс маань ч ирлээ.
-Та эмэгтэйчүүдийн баяраар эхнэрийгээ яаж баярлуулсан бэ?
-Би биш хүүхдүүд маань баярлуулчихдаг болж дээ. Залуудаа ч мал маллаад явж байсан болохоор мартын наймнаар нүүж л явлаа. Хөдөө чинь хонины ээлж таарчихгүй бол цагаан сар, наадмаар л баярлацгаадаг  юм шүү дээ. Хотод ойртсоноос хойш л баяр гэхийг үзлээ. Би баяр олширлоо гэж бухимдаж л суух юм. Над шиг юм бухимдаад ч яахав дээ.
-Та архи, тамхи хэрэглэдэг үү?
-Ах чинь энэ хоёрыг ямар ч үед хэрэглэж үзээгүй. Архи ууж, тамхи татвал болохоор үе олон байсан боловч тэрнээс хол явсаар өдий хүрлээ. Миний аав, аавын минь аав гээд хэдэн үеэрээ архи, тамхинаас хөндий явсан юм. Аав минь ч энэ хоёроос хол яваарай гэж захисан. Тэр үгээр нь явсаар 50 гарчихлаа. Одоо гайгүй биз дээ.
-Та  ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцсон бэ? Улс төрчдөөс хэнийг үнэлдэг вэ?
-Би Багабандийн төлөө саналаа өгсөн. Тэр хүнийг Очирбат шиг нэг тийшээ хэт хуйларч, Монголоо эвгүйтүүлэхгүй байх гэж олон хүн бодож байгаа. Очирбатыг гаднаас нь харахад гүндүүгүй сайхан монгол эр гэцгээдэг байсан. Тархины хэмжээгээрээ сэтгэхээс гаднах дүр төрхөөрөө сэтгэхгүй гэдгийг ард түмэн ойлгоод Багабандийг сонголоо. Улс төрчдөөс манай Дэмбэрэл гайгүй хүн шүү дээ. Ажлын асар их туршлагатай, их ч мэдлэгтэй хүн.
-Та төрийн түшээ байсны хувьд одоогийн нийгмийн амьдралыг хараад эмзэглэх зүйл байдаг биз дээ?
-Эмзэглэлээ гээд ч яахав дээ, хүү минь. Шинэ сонголтоор гарч ирсэн хүмүүсийн дэргэд мань мэт нь хоцрогдсон хүнд тооцогдох болжээ. Тэгээд ч төр засаг, ард түмнийхээ үгийг сонсох биш дээ. Монголыг олон амлалт, баярын өдрүүд өөд нь татахгүй. Хөдөлж, хөдөлмөрлөж байж, нэг идэх хоолоо хоёр идэж, хоёр цаг ажиллахаа дөрөв болгож байж л амжилтанд хүрнэ. Долоо хоног болгон баяр ёслол, ой тэмдэглэж дэндүү их амарч цэнгэж байна даа. Амаараа биш гараараа уралдаасай монголын ард түмэн минь гэж дахин дахин хэлье. Би тантай сонинд ярилцлага өгч байгаадаа маш их баярлаж байна. Монголын жирийн малчин, ажилчны үгийг ард түмэнд дамжуулдаг сонин байгаа нь сайхан хэрэг юм. Харин ард түмний үгтэй сонинг уншдаг хэдэн дарга байдаг вэ гэдэгт эргэлзэж байна.

Намхайнямбуу гуай бид хоёрыг ярилцаж байхад олон хүн орж гарч хөдөлгөөн ихтэй байсан ч тэрбээр ер түүртсэн шинжгүй байлаа. Гэртээ олуулаа бужигнаж байдаг болохоор энэ ажил, оюутнуудын шуугианд ажирдаггүй бололтой. Хар багаасаа хийж дадсан ажил хэдэн малаа орхичихоод би УИХ-ын гишүүн байсан хүн намын ажил хийж, ямар нэгэн мяндаг тушаалтай байх ёстой хэмээн даналзах албагүй хэмээн ярьж суугаа нь түүний зөв ажээ. Ямартай ч төр барилцаж явсан жирийн нэгэн ард бидний дунд хөдөлмөрлөж, эгэл жирийн амьдралаар амьдарч явна. Илэн далангүй ярилцаж, үзэл бодлоо хуваалцсан Ц.Намхайнямбуу гуайдаа уншигчдынхаа өмнөөс талархснаа  илэрхийлье.

“Том мэдээ” 1998.03 №11


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats