Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Жаргалдаа харамч, зовлондоо өглөгч,амьдралд зорилготой амьдрах сайхан
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, алдарт хоньчин, УИХ-ын гишүүн асан Ц. Намхайнямбууг Монгол даяар андахгүй. Түүний нэрийн хуудсыг танилцуулах нь илүүц. Иймээс түүнтэй хийсэн сэтгэлийн ярилцлагаа уншигч танаа оршилгүй толилуулъя.

Бөөрөнхийд бүдрэхгүй, хавтгайд халтирахгүй

-Сүүлийн хэдэн жил та олон нийтээс харьцангуй далдхан байна уу даа?
-Тийм ээ, тэгэхдээ учиртай. Зориуд цагийн хөшигний араар нуугдаагүй. Эрүүл мэндээсээ л боллоо.
-Уучлаарай, яасан бэ?
-Хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчинд нэрвэгдэж, жил гаруй хугацаанд эмчлүүлж байна. Урьдын хоньчин Намхайнямбуу одоо өвчтөн болжээ.
-Хэр илааршиж байна вэ?
-Төрийн буян, түмнийхээ ачаар нэг үеэ бодвол бие минь сайжирч байна. Тэгэхдээ барагтайхан.
-Онош тодорхой биз дээ?
-Бөөрний дутагдал
-Цаг алдалгүй эмчлүүлэх л шаардлагатай шүү дээ?
-Яриангүй, эмчилгээ хийлгэсээр байна. Солонгост очиж эмчлүүллээ. Одоо ч эмнэлгийн хяналтанд байгаа. Бөөрний шүүлт хийлгэж, сэхээнд ормоор л байна.
-Өвчнийг гэтэж ирээд гэлдэрч буцдаг гэдэг байх аа? Ийм үед тань таныг төр засгаас хэр анхаарч халамжилж байна вэ?
-Төр засгийнхаа буянаар л би дахин өндийлөө. Засгийн газраас надад буцалтгүй тэтгэмж олгосон. Бас гадаадад эмчилгээнд явахад тусалсан. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, ерөнхий сайд бүгдээрээ намайг эргэж, надтай уулзаж, сэтгэлийн дэм хайрласан. Ерөөсөө түмнийхээ дэмээр өвчтөн эдгэрдэг юм байна. Хаана ч явсан намайг монгол ах дүүс маань танимхайрч “Бие тань яаж байна. Ямар туслалцаа авах вэ, юу хэрэгтэй вэ” гэхчлэн асууж урам хайрладагт баярлаад баршгүй. Ийм сайхан хүрээлэлд би эдгэрэхийн төлөө чармайж  байна.
-УИХ-ын чуулганы танхимд та Монгол дээлтэй сууж байсан нь одоо ч нүдэнд содон санагддаг. Малчин ардаа л төлөөлж байж дээ?
-Малынхаа буянаар олны танил болж УИХ-ын гишүүнээр сонгогдсондоо бахархаж явдаг. Язгуурын малчин хүн, хөдөөнийхний элч төлөөлөгч тул дадаж хэвшсэнээрээ монгол дээлтэйгээ чуулгандаа суудаг байсан минь үнэн. Мал аж ахуйн онцлог, малчин түмнийхээ амьдралыг бие сэтгэлээрээ мэдэрч ойлгодгийн хувьд уг асуудлаар санал бодлоо илэрхийлдэг байлаа.
-УИХ-ын тэр дөрвөн жил таны амьдралд ямар ул мөр үлдээв?
-Өөрийн оюун ухааны хэрээр багагүйг сурч мэдсэн. Төрийн албаны хүнд хүчрийг ч ойлгосон. Товчоор хэлэхэд хууль яаж гарч, буй болдгийг таних ойлгох тулгатай болсон доо. Үндэсний хэмжээний асуудал, улс гүрний эрх ашиг, өнөөдрийн нөхцөл байдал, алс хэтийн төлөв юу эсийг ойлгох ухаан хатамжийн жолоо атгуулсан гэхэд дэгсдэхгүй.
-Төрийн түшээгийн ачаа хүнд байсан уу?
-Дөрвөн жил би төрийн алба хаасан. Тэгэхдээ ардчиллын үед шүү. Би цэргийн алба хаагаагүй хүн. Тиймээс түүнийг нөхөж, төрдөө түшээ болж зүтгэсэн гэж үздэг.
-УИХ-ын гишүүний сонгуулийн эрхийн хугацаа дууссаны дараа таныг Сонгино сумын засаг даргаар ажиллуулахаар унаган нутгийнхан тань урьсан гэж үнэн үү?
-Сонсоогүй юм байна. Шар сонинууд чиглүүлээд буудсан үг болов уу даа.
-Цахилгаан, дулааны хэрэглээний үнийг саяхан нэмснийг та зөв арга хэмжээ гэж үзэж байна уу?
-Долоо хэмжиж, нэг огтол гэж үгтэй шүү дээ. Олон талаас нь нягталсан байлгүй дээ. Хэрэглэгчийн хувиар уг шийдвэрийг зөв биш гэж үзэж байна. Төр засаг иргэдээсээ авсны хариуд өглөг барих учиртай. Өөрөөр хэлбэл цалин тэтгэмжээ нэмэхээ орхигдуулж болохгүй. Зах зээлийн жаягаар авдаг, татдагаа урьдал болгохоосоо хүн ардынхаа амьжиргааны түвшинг харгалзвал зохилтой. Иргэний хүмүүнлэг нийгэм гэдгээ татвар хураамжаараа бус асарч захирахуйн шийдлээрээ харуулах ёстой гэж боддог. Цагаа олоогүй, хөнгөн гоомой шийдвэр гэж үзэж байна.
-Төрийн буянаар та олон орон гүрэнд зочилсон биз?
-Хуучин ЗХУ-д олонтаа зочилсон. 1972 онд Москвад болсон дэлхийн хөдөлмөрч залуучуудын чуулга уулзалтанд оролцож байсан минь содхон санагдана. Түүнчлэн Тайланд, Индонез, Хятадад парламентын шугамаар зочилж байлаа. Замбуулингийн наран дор олон үндэстний амьдралын гэрэл сүүдрийг үзэж явав.
-ХААДС-ийн урилгын дагуу та оюутан болоогүй нь юуных вэ?
-Өнгөрсөн цагийн явдал шүү дээ. Малдаа хоргодоод л ХААДС-д суралцаж амжаагүй. Үүндээ харамсдаггүй.
-Одоогийн төр засгийн бодлого шийдвэрийн тухайд юу хэлэхсэн бол?
-Н. Энхбаярын засгийн газрын зоримог, шийдмэг алхмуудыг би дэмждэг. Тухайлбал “Мянганы зам” бол ирээдүйгээ харсан, эх орныхоо маргаашид чиглэсэн зөв ажлын нэг. Өмч хувьчлалын явц эрчимжлээ. Их хувьчлал эргэлтгүй болов. Нийгэм соёлын талаар дэс дараатай арга хэмжээ авсаар байна.
-Шүүмжлэлтэй ханддаг зүйл?
-Мал, малчдаа анхаарч үзэх талаар дутмагхан байна уу даа. Энэ чиглэлээр бүрэн мэдэж байж, зөв шийдвэр гаргах биз дээ. Удирдлагын түвшинд мал, малчдаа мэддэг хүн цөөхөн байх шиг ажиглагддаг. Харь гүрнийг дууриан хуулбарлаж шийдвэр гаргах нь монголын хөрсөнд таарахгүй. Мал аж ахуйн салбарт гадаадаас мэргэжилтэн урих шаардлагагүй. Дотоодын нөөцөө ашиглавал зохилтой.
-Таны бодлоор улстөрч гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Бөөрөнхийд бүдрэхгүй, хавтгайд халтирахгүй ухаан сэтгэлийн хат суусан хүн л улстөрч болж чадна. Улстөр бол хэзээ хэнийг хэрэглээд, хэдийд орхихоо хэвийн үзэгдэл мэт давтдаг. Улстөр бол  галтай цахиур, бас хаттай хасуур л гэсэн үг. Аавын хүү, ээжийн охины ухааны ир, бярыг шалгадаг талбар юм.   

Хайр бол сэтгэлийн сүү

-Таны алдар гавьяаг хүмүүс мэднэ. Харин хувь хүний талаас илүү сонирхдог болов уу. Энэ талаар ярилцах уу?
-Сонирхож байгаа бол эгэл амьдралаасаа яръя л даа.
-Та эхнэртээ хэр сайн хань вэ?
-Эхнэрийнхээ өрөөсөн нүд, өр зүрхний тольт гэж өөрийгөө боддог. Гэхдээ эхнэрээс минь асуу л даа.
-Гэрлэсэн түүх?
-Онцгой нь юу байх вэ, нутгийнхаа бүсгүйтэй сэтгэлээ мэдэлцээд л гэрлэсэн. Бид хоёр одоо есөн хүүхдийн эцэг эх болоод байна. Хандах зүг нэгтэй хамтарч амьдарч ирлээ. Хань минь одоо гадаад харилцааны яаманд үйлчлэгчээр ажиллаж, бид хэдийнхээ амьжиргаанд түшиг болж байна.
-Хүүхдүүд тань өсч гараас гарсан уу?
-Нэг үеэ бодвол дэрсхэн хүүхдүүд минь овоо болж л байна. Ууган хүү минь ЦИС, удаах нь ХҮДС төгсч, ажил албатай залгасан. Ерөнхий боловсролын сургуульд зургаа нь сурдаг.
-Бэр, хүргэнтэй болсон уу?
-Болно вий, мөдхөн.
-Эцгийн хувьд...?
-Хүүхдүүддээ амьдралын тулгуур, алив бүхний дууриал болохыг хичээдэг. Аав болох  амархан, эцэг байх хэцүү гэдэг шүү дээ.
-Тэдэндээ юу гэж сургаж зөвлөдөг вэ?
-Нийтийн жишгээр үглэж янших биш, үлгэрлэж хүмүүжүүлэхийг хичээдэг. Юутай ч манай хүүхдүүд нар зөв үйлсийг эрхэмлэдэг, түүн лүү тэмүүлдэг. Насны залууд боловсрол эзэмш, өнөөдөр дахин олдохгүй, сурсан бүхэн өөрт эрдэм мэдлэг болдог гэж хүүхдүүдээ хэлдэг.
-Жаргал гэж юу вэ?
-Амар төвшин амьдрал. Гэхдээ жаргалын эх бол эрүүл. Биеийн жаргал сэтгэлийн жаргал, хувийн жаргал, нийгмийн жаргал гэж ялгаж болно. Нийгмийн болон сэтгэлийн жаргал хосолбол бүрэн жаргал бүрэлдэнэ.
-Зовлон гэж...?
-Жаргалын эсрэг ойлголт, түүний сүүдэр. Мөнх бусын хорвоод зовлон мундашгүй. Хамгийн хэцүү юм үхэл, хамгийн барьцгүй юм зовлон.
-Хайр?
-Өргөн дэлгэр ойлголт л доо. Товчхон хэлбэл, хайр гэж сэтгэлийн сүү. Хайр дурлал гэж өөрийгөө өрөөлөөс таньж олохын нэр. Мөнхийн хайр бол насан үүрдийн жудаг.
-Сэтгэл гэж?
-Сэрэхүйгээс эхтэй мэдрэмжийг сэтгэл гэдэг. Бүх үзэгдэл юмс, сайн муухай зүйл сэтгэлээс эх үүсвэртэй. Сэтгэл дутвал юм бүхэн гачигдана. Сэтгэл шингэсэн ажил л жинхэнэ бүтээл болдог. Сайхан сэтгэл хүний язгуурын мөн чанар байх учиртай. Сайхан сэтгэлийн алган дээр аз жаргалын үр жимс ургадаг.
-Ухаан?
-Бодомж, бясалгал юм уу даа. Хүнд тэвчихүйн ухаан гэж гайхамшиг бий. Өөрийн чинь асуултаас ургуулаад бодоход хайр, сэтгэл, ухаан гурамсаж бүтэн хүнийг бүрдүүлнэ. Аль нэг нь дутвал зэрэмдэг бодьгал болно. Үлгэрт гардаг анахай л гэсэн үг.
-Жудаг гэж юу вэ?
-Хүний мөн чанар. Хувь хүнийхээс гадна тэднийхний жудаг гэж хэлэлцдэг. Хүн чинь чухамдаа хөлөөрөө биш, толгойгоороо явдаг юм. Өөрөөр хэлбэл, ухаанаараа урагшилдаг. Ухаанаа хурцлахад жудаг хэрэгтэй. Сэрж ухаарах л жудгийн үүсгэл юм. Эцэст хэлэхэд, хүний хорвоод жудагтай хүн олширч, мадагтай гайхлууд цөөрч байгаасай.
-Шүтлэгтэй юу?
-Бурхны шашнаа хүндэтгэдэг. Харин гүн сүсгээр маруухан. Сэтгэл ариусгахад шүтлэгээс хүчтэй зүйлгүй. Урлаг сэтгэл ариусгана. Сайн нөхдийн илэн далангүй яриа, сэтгэлийн дарамтыг хөнгөлнө. Тэдгээрээс хамгийн даамай нь шүтлэг.
-Баярлахдаа хэлдэг үг?
-Гялайлаа, буян тань дэлгэртүгэй.
-Гомдохдоо?
-Учир мэдсэн хүн хүүхэд шиг гомдоод байдаггүй. Сэтгэл гонсгор үе байх. Баярлалаа гэж хөөрөхгүй, гомдлоо гэж урвайхгүй сэтгэлийн тэнцвэртэй байх нь эр хүний нандин чанар.
  -Нөхөд олонтой юу?
-Нөхдөөр ч баян шүү. Тоог нь хэлж чадахгүй. Тэр, энэ гэж онцолбол нөгөөдүүл нь гоморхоно. Нөхдийнхөө нөмөр нөөлгийг Тайжингийн нуруутай зүйрлэж боддог.
-Тэгвэл дайсан?
-Над мэт хүнд юун хувийн дайсан байх вэ. Үгийн далимд хэлэхэд хэнбугай ч “би нөхөд олонтой байна, цөөлье. Дайсан цөөтэй байна, олшруулъя” гэж боддоггүй нь хүний орь хүслийн илэрхийлэл болов уу.
-Таны уншдаг сонин?
-Өдөр тутмын хэвлэл “Монголын мэдээ”, “Зууны мэдээ”, “Өнөөдөр” сонинг төв төвшин, үнэн бодит мэдээлэлтэй тул голчлон уншдаг.
-Хамгийн сүүлд уншсан ном?
-Талийгаач М. Зэнээгийн “Монгол монголоороо үлдэх юмсан” номыг уншиж, сэтгэлд олон зүйл бодогдсон.
-Хошигнолд эмзэглэдэг үү?
-Яалаа гэж дээ, тэр чинь сэтгэлийн иллэг.
-Уран зөгнөлд дуртай юу?
-Яриангүй дуртай. Урлагжсан мөрөөдлийг уран зөгнөл гэдэг байх. Миний хувьд түмэн цагаан хонь өсгөх мөрөөдлөөр жигүүрлэж явлаа шүү дээ. Ингэхэд уран зөгнөлт зохиол тусалсан, мөрөөдлөө биелүүлэхэд бас хөтөлсөн.
-Утга уянгыг юу гэж ойлгодог вэ?
-Энгийнээр хэлэхэд мэдрэмж, бодомж хоёрын нийлэг гэмээр ч юм уу даа. Залуудаа утга уянгын шүлэг их уншдаг байлаа. Бие муудсанаас хойш тогтоолт сарнижээ.
-Сэтгэлгээний хэвийн эсэхийг шалгах дэнс бий юу?
-Би яаж мэдэх вэ. Бид хоёрын ярилцсанаас үзэхэд хошигнол, уран зөгнөл, утга уянгыг хэр ойлгож мэдэрч буйгаар нь хүний сэтгэлгээний хэвийн эсэхийг шалгаж болмоор санагдлаа. Ингэх боломжтой байх.
-Баярлалаа, сайхан санаа байна. Таны хамгийн дургүй зүйл?
-Залхуурах, хэт унтах, хэнэггүйтэх гуравт угаасаа дургүй. Эдгээрийг амьдралын дайсан гэж жигшдэг.
-Юунд бахдаж баярладаг вэ?
-Нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлэн, сурч боловсроход шамдан, хөлсөө чийхартал хацраа улаа бутартал ажиллаж буй залуусыг хараад баярлаж бахаддаг.

Үстэй эрдэнэ мал сүргээ өрвийн сэтгэлээр өсгөж хармын сэтгэлээр хамгаалахсан

-Нийслэлийн ногоон бүсэд мал бүхий иргэдийг байлгахгүй гэсэн шийдвэр гарсан нь амьдралд хэр нийцтэй байна вэ?
-  За даа, сайн мэдэхгүй. Зөв буруу олон юм сонсоод бүр дөжирч гүйцлээ. Монголчууд юугаараа бахархдаг вэ, малаараа шүү дээ. Тийм байтал малаа адламгүй. Хотынхоо төв хэсэгт мал байлгах нь зохимжгүй. Харин захын хороололд байж болохгүй нь юу вэ. Мах, сүүний үнэ өртөг орон зайны хол ойроос хамаардгийг бодолцоосой. Хэт дэглэх нь амьдралд тус болохоосоо илүү тушаа болдог. Малын хариулгыг журамтай болгох, бэлчээр нутгийг тэлэх, эзэнгүй малыг харгалзах гэхчлэн шийдвэрлэх зүйл нийслэлд байгаа шүү дээ. Үүнээс цэрвэхдээ өрөөсгөл шийдвэр гаргаа юу даа гэж бодогдоно. Нийслэлийнхэн нэхий, арьс, ширээ Хүй долоон худаг, Хонхорт аваачиж тушаана гэж хаашаа харсан юм байх бол.  2003 он гэхэд хот малаасаа бүрэн сална гэж амны бэлгэгүй үг бус уу.
-Унаган нутгаа та санадаг байлгүй дээ?
-Мэдээж шүү дээ. Нутагт минь ган болж хэцүүхэн байна. Үүнд л санаа зовох юм. Малгүй болчихвол юуны амьдрал байх вэ. Ноднин долдугаар сард нутагтаа очоод ирсэн. Хангай дэлхий хатуурхсанаас  улбаалан үхэр, адуу урьдаас хорогдсон байна билээ. Ахин малжихад хугацаа хэрэгтэй болно.
-Мал сүргийг тань Гачууртын чоно, хулгайч хоёр идээд дуусгаж байна гэж сонинд бичсэнийг үзсэн. Хэр үндэслэлтэй вэ?
-Хэтрүүлэг байна. Мал маань цөөрсөн. Эзэнгүй мал биш, тийм замбараагүй юм яаж байх вэ.
-1996 онд Нийслэлд танайх хэдэн малтай ирэв?
-300 гаруй толгой малтай ирсэн.
-Одоо хэд вэ?
-Саалийн хоёр үнээ, хориод богтой үлдээ шив дээ
-Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист та очиж мал маллах арга туршлагаасаа үй олон малчдад ярьж нэвтрүүлсэн байх даа.
-Өмнөговь, Дорнод, Сүхбаатараас бусад аймгаар явж, ажил үйлс нэгтнүүдтэйгээ мал маллагааны арга туршлагаасаа хуваалцаж явлаа. Эх орныхоо олонхи аймаг, сумдыг үзжээ. Энэ бол хэдэн малын минь буян.
-Ямар омог үүлдрийн хонийг та өсгөн үржүүлж байв?
-Сартуул омгийн хонь өсгөж үржүүлж байлаа. Нэгдэлдээ түмэн цагаан хонь өсгөж өгнө гэж амласнаа биелүүлсэн. Сартуул омгийн хонь бол чижин хас шиг сайхан амьтан.
-Нутагт тань цөм сүрэг одоо байна уу?
-Байна гэхэд төвөгтэй. Өмч хувьчлалаар газар газарт тархжээ. Завханы Алдархаан суманд нэлээд хэдэн хонь байх шиг дуулдана билээ.
-Хувьчлалаар мал сүрэг эзэнтэй болж чадсан уу?
-Мал эзэндээ очоогүй. Улаан үнэнийг хэлэхэд борлуулагч эзэндээ очоод, өсгөдөг эздээсээ хөндийрсөн. Ийм болохоор мал өссөнгүй. Тэнгэр хангай ч хатуу хандлаа. Энэ бүх шалтгаанаар цөөрсөн малаа өсгөж, таваарлаг чанарыг нь сайжруулах л чухал. Яавал нэг малаас авах мах, сүү, ноос, ноолуураа нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарах цаг болжээ. Ийм үүсгэл санаачилгыг бүх шатанд дэмжих хэрэгтэй байна.
-Мал гэж таны бодлоор?
-Мал гэж үстэй эрдэнэ. Түүнийг өрвийн сэтгэлээр өсгөж, хармын сэтгэлээр хамгаалах учиртай. Монголыг мал л авч яваа шүү дээ. Урьдын түүх өөрцгүй. Хойшид ч ялгаагүй. Малаа хайрлах сэтгэл дэндүү хөрчээ. Ингэж болохгүй, малын заяа гомдоно.
-Таны хайрлаж хүндэтгэдэг багш?
-Малчны эрдэмд сургасан ачтай хоёр багш минь гэвэл Монгол улсын хөдөлмөрийн баатар, алдарт хоньчин М. Ганболд, Л. Санжжав агсан нар. “Мал бол мах, сүү, үс, ноос, арьс шир үйлдвэрлэдэг амьд машин. Тарган мал тал бүрийн ашигтай. Бөөрөнхий болтол малаа таргалуул. Оторт явах, шатар тоглох хоёулаа ухаан шаарддаг” гэхчлэн багш нар минь сургадаг байлаа.
-Малын буян гэж та олонтаа ярих юм даа?
-Тэгэлгүй яах вэ. Малын буянаар л би сайн сайханд хүрсэн. Миний хэлэх дуртай нэг үг бий. Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбыг” хотноосоо би олсон. Харин түүнийг төр засаг надад гардуулсан. Энэ бол сэтгэлийн минь үг.
-Улиастайд хэзээнээс суурьшсан бэ?
-     1998 оны хавраас суурьшсан. Нийтийн тээвэр, бэлчээрийн дөмхийг бодолцож, хамгийн гол нь эрүүл саруул нутаг гэж сонгосон. Одоо айл өрхүүд  шавааралдаж заарцаглажээ.
-Нүүх, суухын нууц?
-Малчин хүн бэлчээр нутгаа сонгох билгийн нүдтэй байх учиртай. Тиймээс “Баяжиж нүүдэг, баярлаж буудаг” гэж хэлэлцсээр иржээ. Энэ бол нүүдэл суурьшлын ухаан.
-Амьжиргаа ямаршуухан байна вэ?
-Болж байна. Төрийн буян, түмнийхээ дэмээр  хэвийн амьдарч байна. Хамгийн гол нь эрүүл энх байхаас бүх зүйл шалтгаална. Эгзэгтэй үед хүний жудаг, нүнжиг танигддаг бололтой. Миний өвчтэйг сонсоод, “Би мэргэн, би бариач... тийм хүнийг эдгээсэн” гэж өөрийгөө рекламдаж, “Та надаар эмчлүүлнэ үү?” хэмээн ирэх хүн ч байх юм. Тэднийг буруутгаад яах вэ. Үнэн ид шидтэн өөрөө тэгж гүйж явдаггүй, урьж залуулдаг.
-Асуултгүйгээр юу хэлэхсэн бол?
-Өнөөдөр дахин олдохгүй. Тиймээс өдөр бүрийг агуулгаар үдэж, амьдрал бол мөнх бусаас үүсэх хариуцлага гэдгийг ухаарч, хүн хүндээ нүнжигтэй хандаж байхсан. Эдүгээ хүмүүсийн хооронд яс хаягч, хутган үймүүлэгч, зүйрлэвэл  Шекспирийн “Отелла” эмгэнэлт жүжгийн “Яго”-нууд олширчээ. Тэднээс сэрэмжлэхэд илүүдэх юун. Амьдралаас бидний таньснаар “жаргалдаа харамч, зовлондоо өглөгч, хорвоод зорилготой” явах л сайхан. Дайсан муугаа далдалж, сайнаа ил гаргадаг. Нөхөр сайнаа далдалж, саараа ил байлгадаг.

Бид хоёр Улиастай дахь гэрт нь ийн ярилцлаа. Баатар хоньчин бие чилүүр боловч сэтгэлийн үгээ зав гаргаж хуваалцав. Энэ бол манай сонины уншигчдыг хүндэтгэсэн эрхэм нөхрийн сэтгэлийн нүнжиг билээ. Түргэн эдгэрч, санаснаа гүйцэлдүүлэхийн өлзийтэй ерөөлийг баатар хоньчиндоо уншигчдынхаа өмнөөс дэвшүүлье.

“Монголын мэдээ” 2001.08.01 №150 Л. Гомбожав

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats