Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Амаараа уралдаад нэмэргүй
Монгол улсын хөдөлмөрийн баатар, парламентын гишүүн Ц. Намхайнямбуу гуай УИХ-ын орлогч дарга Ж. Гомбожав тэргүүтэй зочдын бүрэлдэхүүнд орж Индонез, Тайланд улсуудаар зочлоод ирэхэд нь сониныхоо “Заллага” буланд урьж ярилцсанаа уншигчдадаа толилуулж байна.
Баатар маань ийнхүү яриагаа эхэллээ.

-Индонез хэмээх орон, гурван зуугаад сая хүн ардаа хооллож хувцаслаад чамгүй хөгжилд хүрчээ. Тайланд улс ч ялгаагүй. Ази тивдээ бар хэмээх оронд тооцондох болсон эртний соёлт эдгээр орны соёл иргэншил, шүр сувдан орд харш, ер үзэж хараагүй сонин сайхан зүйл ихийг л үзлээ.
Монгол улс энэ хорь гаруй сая малынхаа буянд л түшиглээд ийнхүү улс гүрнээ тэжээж тэтгэж байгаа малчин түмний нэг, “ихээ томоор” ярих юм бол зуугаад мянган малчдаа төлөөлүүлж намайг төрийн дээд байгуллага, УИХ маань холын тэр хоёр оронд төрийн дээд зочноор явуулсанд их хуралдаа ч тун их гялайлаа. Явсан газар орныхоо сонин сайхан, алсхан гараад харах малчин хүний ухаан бодлоо уншигч олондоо хүргэх завшаан анх удаа олгосон “ЗГМ” сонины редакцид ч талархаж байна. Улаанбаатараас бидний явах үед   бараг хүйтний эрч тийм ч буураагүй цас мөстэй шахам байсан ч Индонезид буухад чухам л халуун ууранд орох шиг л нүүр төөнөн халуу дүүгэж байсан ч угийн монгол дээлээсээ өөр юм өмсөх дургүй болоод дээлтэйгээ явсаар л аяллаа дуусгасан. Халууцахгүй байгаа юм уу?гэж зарим  нь ч бас асууж сонирхож байх шиг байсан шүү.
Дээлэнд би ер үүртэж түүртээгүй. Харин малчин хүний хувьд мал амьтныг нь ажиглаж , энэ их халуунд яана даа! Гэж бодож билээ. Тэндхийн хонь, ямаа гэгч миний нүдээр харахад хөөрхийлөлтэй өрөвдөм, түлэгдсэн хөдөс шиг үс хөрс гэж үгүй шахам жижигхэн амьтас санагдлаа. Хаа очиж үхэр нь л яахав, монголын нэг шүдлэн үхрийн дайтай юм даа. Гэхдээ үс ноос нь бас яаж, монголын үхрийнх шиг байхавдээ. Халуун дулаанаасаа л болдог биз. Миний нүдээр бол зулмачихсан арьс шиг л харагдах юм билээ. Энэ хоёр орноор явахад бид чинь бас ч төрийн зиндааны том зочид юм хойно онгоц унаа хүлээгээд, зөвхөн буух суух хооронд л халуун галд цоргиулчих шиг санагдахыг бодоход, хэрэв зүгээр нэг амин хувиараа явбал ч мэдэхгүй, арав хоног тэсэж чадахааргүй халуун юм даа гэж бодож явлаа. Индонезчуудын хувьд бол монголчуудыг бодвол харьцангуй жижигхэн биетэй хөлсөлчихсөн морьд шиг л нүд шүд нь гялалзсан гөлчгөр бараандуу арьстай туранхайдуу намхавтар хүмүүс юм. Харин тайландууд /өөрсдийгөө тай үндэстэн гэх/ болохоор шингэн цайвар царайтай бас л жижгэвтэр хүмүүс байх. Би ч өөрөө ямар нэг их, бөх тэх хүн ч биш дээ! Гэхдээ л тэгж бодогдоод энэ Азидаа монголчууд нь арай ч булиадаа томдоо орох янзтай юм.
Биднийг дээрх хоёр орны парламентын өндөр албаны удирдах хүмүүс угтан авч их л найрсаг зочиллоо энэ тухай сонин хэвлэлээр их гарсан болохоор өөртөө бодогдсон сонин содон зүйлээсээ цөөхөн зүйл ярих уу даа.
Одоогоос бараг арваад жилийн өмнө билээдээ би гэдэг хүн элдэв хурал зөвөлөлгөөн дээр үг хэлэхдээ энэ хүүхдүүдийг 7-8 дугаар анги төгсгөж байж мал дээр гаргана гэдэг чинь тэднийг малаас төсөөрүүлж малд хайргүй амьтас болгочихож байгаа юм гэж л авч өгдөг хүний нэг байж шүү дээ. Одоо эргээд бодох нь ээ бас ч эндүү ташаа ярьсан тал байнаа гэж үзэх боллоо. Яагаад гээч, эрдэм ном, мэдлэг боловсрол, хэл соёл гэгч юм хаана ч хэзээ ч  ямар их хэрэгтэй байдгийг би гэгч амьтан энэ удаа биеэрээ амсаж, энэ арваадхан хоногт үнэнхүү ухаарч, чухамхүү юугаа хийж энэ бүгдээс хол хөндий явавдаа даа! Гэхдээ эгээтэй л толгойгоо нүдсэнгүй дээ та минь! Харь оронд хэл мэдэхгүй явна гэдэг малаар бол "эргүү төлөг" л гэсэн үг гээд яахав дээ! Төрийн зочин юм хойно орчуулагч байсан ч ярьж хэлж байгаа зүйлээс нь ухааныхаа хирээр угтаж байгаа хэмжээ маань ердөө нэг 30-40 хувийг нь л хагас дутуу ойлгож авлаа. Ямар үг бүрийг л юу гээд байгаа юм гээд чихтээт авалтай биш, тэр дундаа ямар ганц надад л орчуулагч хийж яваа биш хойно хэцүү л байлаа.
Тэгээд орой үдэш бодож суухнаа .. би гэдэг  хүн өөрийгөө зүгээр л нэг малчин гэж биеэ голоогүйсэн бол, эдэнтэйгээ адил орос, англи хэл сурах цаг, нас, боломж аль нь ч над байсан. Мунхагтаа л ингэж харанхуй хоцорлоо доо гэж эрхгүй толгойд буусан шүү хүүхдүүд минь. “Хэлгүй бол хөлгүй гэдэг ч үнэн үг” залуу насанд за даа малчин над элдэв долоон юм сурна гэж толгойгоо зовоогоод яахав. Хэдэн малаа л толгой бүтэн  өсгөвөл барж хэмээн хэдэн хонины бөгс дагасаар хорвоог элээж дээ гэж өөрийгөө зэмлэснээ ил л хэлье. Хүүхдүүд надаас санаа аваг дээ. Ёстой нөгөө, “эмээлээсээ өндөр даваа даваагүй, эхнэрээсээ өөр хүнтэй уулзаагүй” гээч л надад ирэх шиг ч ичих шиг  ч санагдсан даа. Ингээд бодохлоор, гадаад хэл сурна гэдэг заавал номчилж танхимд суухдаа бус, малын бэлчээр, барилгын талбай, ажлын байр, гэр орон ер хаа ч  суръя гэвэл сурж болох боломж, хайран цагаа үрчих вий дээ! Гэж залуустаа захимаар санагдах юм. Сүргийн дэргэд сурах зав хичнээн их гардгийг та нар минь надаар юу эс хэлүүлэх вэ? Жилийн гурван зуун жаран таван хоногт 165 нь байгалийн хүнд хэцүү өдрүүд гэхэд үлдэж буй 200 хоногт нь ч бас сурах цаг бишгүй дээ л гарна шүү дээ! Малчин залуус минь!
Дөрвөн аргын тоо халтар хултар мэдэж, гарын үсэг зурдгаа эрдэмд бүү бодоорой. Би ч та нарынхаа насан дээр мөн л за даа, над шиг малчинд үүнээс илүү юу хэрэгтэй юм? Гэсэн шүү юм бодож яваад ганц ч гадаадын үг хэл сурч үзэлгүй явсныгаа сая л үзэж ойлголоо. Даанч яав даа! ганц хоёр үг холбож, атга ноосныхоо үнийг англиар биш гэхнээ орсоор ч бол хэлчихэж сураагүй он жилүүдээ эргэж хараагүй цаг аяндаа ирдэг аж. Хэл мэдэхгүй хүн чинь  тэнэг дүлий амьтан шиг цаанаа л нэг ичмээр золиг юм. Индонез, Тайланд хэмээх азийн бар гэгдэх эдгээр орнуудад чинь архи гэгчийг ер хэрэглэхгүй юмаа. Газар орон нь халуун, ажил хөдөлмөртөө шамдаад архи уух зав ч үгүй, амьдрал ахуй нь ч тийм л байхаас аргагүйд хүргэдэг бололтой дог шүү! Монголын малчид бид ганц төлийн гарзгүй байхыг хичээдэг бус, тэднийхэн ширхэг түрүү будаандаа хөлсөө шингээсэн болохоор түүнээ ч их л хайрлаж хамгаалдаг тухайгаа ярих юмаа.
“Явсан нохой яс зууна” гэгчээр зочин гийчнийхээ хувьд хоёр л гол юмтай ирлээ дээ. Манай  төлөөлөгчдийн тоогоор хүн бүрт л нийтдээ 60-70 өнгөт зураг бүхий хоёр  сайхан гэрэл зургийн цомог /альбом/ бэлэглэсэн дээ. Юутай ч болсон малчин Намхайнямбуу УИХ-д байхдаа Тайланд, Индонез орноор зочилсон тухай зурагт түүх л гэсэн үг. Цомог маань лав л миний хоёр үедээ хүртэх дурсгал боллоо доо. Энэ бэлгэндээ тун ч их додигор байгаа би чинь.
Монголчууд хэзээнээс алс яваад ирэхдээ атга чихрээс эхлээд бэлэг сэлт авдаг хойно би ч бас хэдэн хүүхэддээ хямд төсөрхөн зүйл Бээжингээс авлаа. Бэл  бэнчин маань л тэрдээ хө. Харин муу авгайдаа бол алтны орон гэгдэх Тайланд орсных ямар ч болов чихэнд нь гялайх  юм авсан даа. Миний есөн хүүхдийн хойно баярлаж л байна билээ.

-За, та бид хоёр харь газар орны сонин гээд жаал хуучиллаа. Харин одоо таны сэтгэлийг эмзэглүүлж явдаг олныг хамарсан юу байх юм дээ? заримаас нь нэрлэж болох уу?
-Бололгүй яахав дээ. Сүүлийн үед Монголчууд амаараа л их уралдах боллоо. Үүнийхээ оронд гараараа уралдмаар, бүтээмээр байна. Монгол улсад хэрэгтэй юм бол зуун намтай ч байж болно. Ганцхан хүсэх юм барьцалдаад, хэрэлдээд байдаггүй бодитой юм хийдэг л намтай байхсан. Ажил хийе л гэвэл аварга том зүйл хайгаад хэрэггүй. Аргалын хайрцагнаасаа ч эхэлсэн болно шүү дээ. Саяхан Дорноговийн Алтанширээ орлоо. Орос ах нарын бүтээгээд орхисон юмыг нураагаад хаячихсан байх юм. 700 сүм хийдээ нураачихсан хойно ухаантай хэсэг нь шашныхаа ухаанаа толгойдоо, оюундаа авч үлдсэний ачаар буддын ухаан дэлгэрлээ. Харин 70 жилд барьсан малынхаа хашаа, саравч, худаг усаа “өмч хувьчлал” нэрээр нураачихаад хохирлоо чухамхүү малчид бид биеэрээ амсаж зовж явж л сэргээнэ байх даа. Бүтээсэн юмандаа урамшидаг сэтгэл монголд дутаад байна уу даа? Малаа жаргаадаггүй малчин өөрөө жаргах нь ховор доо хөөрхий! Нэг үгээр хэлбэл, малаасаа эрт босож, малаасаа орой унтаж байж л мал нь тарган, малчин нь ч жаргалтай байдаг бус уу?
Нэгдэлийн мал эзэндээ очлоо л гэнэ, баруун хармаанаасаа зүүн хармаанд очсонтой л утга нэгэн. Ардчиллын буянаар чухам хүн бүр л эрхээ эдлэх болов. Харамсалтай нь эрх гэж байхаас, хүлээх үүрэг хариуцлага гэж байдгаа ор тас мартах болсон нь энэ цагийн эндүү андуу юм уу даа хөөрхий. Амьдралаар жишээ авахад л хадам эцэг эхээ хүндлээгүй хүн өөрийнхөө ээж аавыг яаж хайрлаж, хань нөхрөөрөө хүндлүүлэх билээ дээ. “ Бага ярьж, их хийдэг байг” гэж байгаль ээж хүнд ганц ам, хоёр гар заяасан байж таараа даа. Их л бүтээх юмсан, та минь! Тэгвэл амьдрал баян, аз жаргал дүүрэн байх болно.
-Ингэхэд УИХ-ын гишүүн, монгол улсын хөдөлмөрийн баатар ганц малчин гишүүнийхээ хувьд та гэр орныхоо төлөө өөрийгөө уншигчдад танилцуулбал таатай байна.
-Би   4-16 насны есөн хүүхэдтэй. 82 настай эхтэйгээ эхнэрийн хамт ам бүл 12—уул амьдардаг өнөр айлаа манайх. Завхан аймгийн Сонгино суманд хонины хотонд минь Баатрын алтан таван хошуу гялалзахын өмнөхөн л арай гэж нэг авгай авсан. Удаа ч үгүй 1978 оны 5 дугаар сарын 23-нд “Хөдөлмөрийн баатар” болсон доо. Одоо бол яахав дээ. Авгай  маань 11 сарын сүүлчээр сүү саалиа базааж, мах шөлөө бэлдээд хотод ирдэг. Манайх 300 шахам толгой малтай. Жараад бодтой айл. Амьдрал боломжийн хүн бүр хөдлөөд бүтээгээд байвал  мал дагасан хүний ам тосдоно гэдэг ч үнэн л үг дээ.
-Танай авгай ямар мэргэжилтэй хүн бэ?
-Намхай баатар инээд алдаж , юуных нь мэргэжил байхав, өөртэйгээ л адилхан юм авч таараа шүү дээ. Малчин, эх хүн, сайн эхнэр л гэх үү дээ.
-Та, мал тэнгэрийн эрхшээлээс гараагүй гэж их ярьдаг. Энэ маань Монголын тухайд л юмаа даа. Бас та чинь ингэхэд ямар сургууль соёлд сурсан хүн бэ? Аль эсвэл бүр багаасаа мал дагав уу?
- Ялангуяа, бэлчээрийн мал аж ахуйтай манай орны хувьд үнэхээр мал тэнгэрийн эрхшээлээс гараагүй болохоор малыг заавал даатгалтай байлгах юм бол элдэв болзошгүй аюулаас хамгаалах учиртай гэж л би УИХ дээр “малын даатгалын тухай хууль” хэлэлцэх үед зүтгээд байсан маань тэр л дээ.
Би хөдөө аж ахуйн нэгдлийг ер мууд боддоггүй. Хэрэг дээрээ нэгдэл чинь л Монголын малчдыг, хир бөөснөөс нь арилгаж хэвлэл, радио, ном сонинтой залгуулсан гавьяатай шүү. Үндсэндээ нэгдэл чинь л малчдын өмнөөс малаа даатгуулж байсны ачаар өнөөдөр улс 25-26сая малтайгаа байна гэдэг хүний нэг л дээ би, Боловсрол гэвэл дөрөвдүгээр анги дуусгаад л 1961 оноос аав ээжтэйгээ элбэж, хожим өрх гэр тусгаарласантайгаа нийлээд гуч гаруй жил мал хариулах шив дээ,
-Та өөрөө малч удамтай хөдөлмөрийн баатар хүн болохоор танай есөн баатар хэр ажилсаг болох янзтай байх юм?
-За би чинь 5 охин, 4 хүүтэй хүн. Хүүхдүүд маань гэр орондоо дор бүрнээ өөр өөрийн ажлын хуваарьтай. “Сайхан амьдаръя л гэвэл сайн хөдөлмөрлөхийг хичээ” гэдэг, “Өөрөө хүндлүүлье гэвэл өрөөлийг хүндэлж бай”, “Зөв бурууг ялгах билгийн ухаантай багйаасай даа” гэж есөн хүүхдийнхээ ой ухаанд ортол нь хэлж ярьж өгдөг эцэг хүндээ би.
-Мал маллах ухаан, амьдралын турш улам нарийсдаг гэж ярихыг би олонтаа сонссон юм. Тодруулбал ямар вэ?
-Аливаа ажил хийгээд байх тусам л сайжирдаг шүү дээ. Хонь маллах гэдэг чинь, зүгээр нэг бэлчээрт гаргачихаад дурандаад суухын нэр биш л дээ. Ямар өвс ургамал идвэл хэр тарга авах, хаана яаж шүү тогтоож бэлчээх вэ? Гээд амьдралын ажиглалтын ухаанаа номын ухаанаар баяжуулж байж, сая сайн малчин болно л гэж үздэг.
-Та малчин залуустаа хандаж чухамдаа юу хэлмээр байна даа?
-Мал малласан гуч гаруй жил юу ажиглав гэвэл: Өнгөрсөн ажилдаа ухаан зарж тунгаан бодвол, маргаашдаа ихийг бүтээж унац нь арвин байна.  Хөдөлмөрийн үрээр хүн жаргаж, хөлсөө дуслуулсан ажил л эзэндээ үе уламжлан үр шимээ хайрладаг юм билээ. Ярих хийх хоёрын хооронд асар их зайтай л даа. Ам ажлын нэгдлийг гагцхүү сэтгэл зүтгэл л ойртуулна даа. Малаа хайрлахгүй бол түүнийг хамгаалах, маллах ухаан төрөхгүй нь ойлгомжтой. Өвс ургамлаа таньж, газар , орон нутаг бэлчээрээ сайтар мэдэж гэмээнэ малынхаа тарга тэвээргийг бүр зүс үсээр нь мэддэг болдог юм даа. Ингэхгүйгээр мал нэг бүрт тохирсон арчилгаа хийж чадахгүй гэдгийг л ойлгосон. Тэгээд ч монгол түмний маань цэцэн үгээр: “Өөдлөх хүний сэрэх санах, сэдэхээс ажил нь өөдрөг, уруудах хүний  унтах идэх мартахаас доройтох эхлэл тавигдана” гэдэг дээ хүүхдүүд минь!
  -Та малчин байгаад, төрийн хууль тогтоох дээд байгууллагын гишүүн боллоо. Танд эхлээд хэцүү байв уу? Одоо ч туршлагатай хууль тогтоогч болоо биз дээ?
-Хэцүү байлгүй яахав, зуугаад мянган малчдыг төлөөлсөн гэдэгтээ омогших ч гэх юм уу үзээд алдах үүднээс хичээлээ. Болмоор л байна. Хуулийн төсөл хэдийгээр монгол хэл дээр бичигдсэн байдаг ч заавал нэг дэлхий нийтээр хэлж нэршиж дадсан гадаадын үг яаж ийгээд л ганц хоёроор тогтохгүй ороод л ирдэг. Түүнийг ойлгох гэж хажуу талынхаа гишүүдээс эхлээд зовж нэрэлхэлгүй асууна даа. Ингэж байж л мэднэ. Энэ маань боловсрол олоогүйн л гай! Ингээд бодохоор суурь боловсрол, хэлний боловсрол үнэхээр амьдрал, ажил аялал хаана ч хэрэгтэй юм даа гэж ухаарч явнаа ах нь. Тэгээд энэ есөн хүүхдээсээ хоёр нь ч бол хэлний өндөр боловсролтой болоосой гэж хэлж захиж суудаг даа. Их хуралдаа би номын ухаан зааж чадахгүй ч, амьдралын ухаанаа нэмэрлэж л явдаг гэх үү дээ. Гол нь л малчдын холбогдох асуудлаар шүү дээ. Ямар боловч хууль тогтоох дээд байгууллагын “тогоонд” дөрөв дэх жилдээ “чанагдах нь” дээ.
-Редакцийн ээлжит асуулт ч гэх юм уу даа та манай уншигчдад юу хүсмээр байх юм?
-Амаараа уралдаад таван жил болов. Одоо боллоо та минь! Ажлаараа уралдаад амьдралаа өөд татъя! Гэж л хэлье дээ.
-Баярлалаа танд.

ЗГМ сонин, 1995 он

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats