Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Төр, засаг мал, малчин хоёртоо хэрхэн хандаж байв гэдгийг энэ зуд шалгачихлаа
Зуд бодгоороо боллоо, одоо яах вэ?
Хөдөлмөрийн баатар Ц. Намхайнямбуутай манай сурвалжлагч ярилцлаа.

-Манай орны 120сум зуд турхны байдалтай байна. Халуун намраараа шахуу эхэлсэн энэ зудыг хүмүүс байгалийн гамшиг гэхээсээ илүү хариуцлагагүйн зуд хэмээж байна. Энэ зуд байгалийн гамшиг мөн үү?
-Байгалийн гамшиг гэж үүнийг л хэлэхгүй юм бол өөр юуг хэлэх вэ дээ. Зун нь өвс ургаагүй, өвс ургаагүйгээс мал нь таргалаагүй. Зуд гэдэг чинь эхлээд бэлтгэлээ хангаж  байж  “гол ажлаа” хийдэг байхгүй юу. Ургаагүй өвс, таргалаагүй мал хоёроос өөр бэлтгэл зудад байдаггүй юм. Энэ бэлтгэлийг зун нь тааруулаад  өгчихсөн. Тэгэхлээр зайлшгүй гамшиг мөн.
-Зуд нэгэнт болчихлоо. Одоо яах вэ?
-Зуд цэгцрэх болоогүй л дээ. Ер нь зургадугаар сар нилээн гарч, ногоо цагаа ургавал сая нэг мал тэнхээрч цадна. Зуд зулагтай, зун нь гайгүй болдог гэж хуучцуул ярдаг. Ирэх зун гайгүй болохыг хэн байг гэх вэ. Зуд гэдэг чинь хажуугаар нь янз бүрийн хорхой, хамуу, ширхийг дагуулдаг. Малын эмч хувьд гарч бүх юм мөнгөн дээр зогсдог болчихсон үед малын урьдчилан сэргийлэх арга хэмжээ үгүй болсноос мал хамуу ширхэндээ баригдах гээд бэрхшээл их бий.  Харын зуд болсон газар ногоо ургахгүй.  Чанартай өвсөө өвөл шүүрдээд идчихлээр хавар мал улам муудна. Цас байж гэмээнэ ногоо ургадаг. Дороосоо ургах өвстэй жил цас их дарна гэдэг чинь зүйрлүүлбэл үхэр унагаадаг гол махаар нь үүц хийдэг шиг байгаль үүцээ хавар задалж байна гэсэн үг юм. Тэгээд  л мал тэнхрээд босчихдог. Энэ жил тэгж тэнхрэх чадалгүйгээр мал өвсгүйдлээ. Хангай дэлхий ч үүцээ задлахгүй. Зун ган болж өвч ургаагүй учир ямар ч аргагүй.
-Үндсэн хуульд мал сүрэг төрийн хамгаалалтанд байна гэсэн заалт бий. Энэ заалт хэрхэн хэрэгжиж байна?
-Төрийн хамгаалалтад байна гээд мал, малчин хоёрт хандаж байгаа юм өнөөдөр манайд огтхон ч байхгүй. Малыг урьдчилан сэргийлэх, мал даатгуулах сэтгэлгээ малчин хүнд төлөвшөөгүй. Малынхаа хэдэн хувийг даатгуулчихсан бол өнөөдөр багагүй юм авч байхгүй юу. “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг” гэгчээр өнөө л болж байвал 100 хонины төлөө ядаж 500 төгрөг төлөө нөгөөдөр 5000 болгоод авчихна гэсэн ухаан малчинд байхгүй. Мал сүргийг төрийн хамгаалалтанд байлгана гэдэг чинь малаа даатгуулах, урьдчилан сэргийлэх гол тарилга хийх зэргийг төрөөс дааж байх ёстой гэсэн үг. Өнөөдөр үүнийг улс өгч байна гэж хэлж байгаа ч шат дамжлагадаа явсаар байгаад малчинд үнээрээ хүрдэг болсон. Малаасаа нэгийг огтлоод идчихлээр мал өм цөм хороод л явчихдаг. Мал нөхөн үржих чадвар их дорой амьтан шүү дээ. Тэр бүгдийг болгоох төрийн зохицуулалт хэрэгтэй. Энэ зуд манай төр, засгийн бодлого мал, малчин хоёр  руу яаж хандаж байв гэдгийг л шалгачихаж байгаа хэрэг.
-1976 оны зудын үед та гардаж тэмцэж байсан. Тэгэхэд нэгдэл гэж байлаа. Харин өнөөдөр нэгдэл алга. Тэгэхлээх тэр үеийн зудын нөхцөл байдал өнөөгийнхөөс их ялгагдах юм уу?
-Тэнгэр газар хоёр шиг ялгаатай. Хамтын хөдөлмөр давуу хүч 1976 онд зайлшгүй хэрэг болж байсан. Одоо тийм юм алга. Малыг хувьчилж өглөө, яавал яа гээд орхичихсоноос хүмүүс хувь хувиа борлуулаад малдаа анхаарал тавих нь багассан. Энэ жилийн зуд цаашид Монголын мал өсөхөд сургамж болж байгаа юм. Малыг хувьд өгсөнөөс хойш хэдэн жил өнтэй өвөл боллоо. Малыг үхүүлж байж л сайн малчин болдгоос биш дан өнд хүн малчин болж чаддаггүй юм. Хүмүүс өнд явсаар байгаад өвөлд бэлтгэл муутай орсноос зуданд их цочирдов. Манай нутагт л гэхэд 1976 онд өнгөрөгч зуных шиг ган болоогүй юм. Гэхдээ тэр үед бэлтгэл сайн байлаа. Нэгдэл гэдэг чинь маш хүчирхэг, улсын фонд гэхэд л өч төчнөөн. Аймаг, сум бүр тэжээлийн фондтой, суурь болгон хашаа дүүрэн өвстэй байсан цаг.
Зудтай газруудад тэжээлийн фонд ачуулаад байгаа л гэж байна. Ачаатай  машин нь л харуулаад байгаа болохоос биш суурьт очоод тэр ачаа нь юу ч болохгүй шүү. Нэгдэл ард түмэнд маш их юм өгсөн. Энэ байгууллага гарч ирж байж Монголын хөдөө аж ахуй бөөс хир хоёроосоо салсан юм. Нэгдэл хэзээ нэгэн цагт нэрээ өөрчлөөд ч гэсэн гарч ирнэ. Малгүй болчихож байгаа олон улс хөдөлмөрөө хоршиж байж амьдрахгүй бол өөр яаж амьдрах юм бэ. Манай орны газар нутаг, ард түмэн заавал хөдөлмөрөө хоршиж бөөгнөрч амьдрах ёстой. Хувьдаа УАЗ-469, ЗИЛ-тэй, нэг нэг гуунд амьдраад байж болдог юм биш ээ.
-Малчдыг малжуулна гэж их ярьж байгаа. Энэ ажлыг яаж хийвэл оновчтой вэ?
-Санаа нь уг нь зөв л дөө. Төр ингэж анхаарах хэрэгтэй. Энэ тухай их ч ярьж байна. Гэвч малчиндаа зөв хүрч чадах уу гэдэгт би эргэлзэж байна. Арван хургатай хонь ав, үнэ нь энэ шүү гээд малчинд өгөх юм нь хэр байдаг юм. Харин сумын удирдлагад төчнөөн малчныг малжуулах юм шүү гээд өгчихвөл яг үнэгүй хүрэх болов уу, эргэлзэж л сууна. Сумын удирдлага малтай газраас тууж ирсний үнэ, татвар гэсээр малчинд 50 хувь нь үнэтэй очих болов уу. Хэрэгжүүллээ гэсэн үед нь тэглээ гэхээс биш одоо зөв гэж магтах, буруу гэж муулах аргагүй.
-Болзошгүй зудаас яаж сэргийлэх, өвөлд хэрхэн бэлтгэх ёстой вэ?
-Малчин хүн өөрөө урьдаар жаргадаггүй. Малын жаргалыг хөөж өөрөө жаргадаг. Ер нь дэлгэр цаг ирлээ гээд л хавар цагаас эхлэн дараа жилийн бэлтгэлийг базаах учиртай даа. Аажим аажмаар, өдөр бүрээр таван минутын өмнө бэлчээе,зургаан минутын хойно усалья гэж байж өдөрт арван минутаар тарга хүч нэмж авахуулдаг. 500 хонь жигд тураад, хашаандаа араг өвсгүй хүн яах гээд ч аргагүй болох ч бий. Малынхаа амьдын үнээр малаа худалдаж авч л тогтоовол тогтооно. Мал өөрийнхөө үнийг эргүүлээд идчихдэг юм шүү дээ. Малыг үхсэн ч амьдынхаа үнэнд байж байхаар хэмжээнд таргалуулах ёстой. Малчин хүний ганц ухаарах  юм малын тарга хүч. Энэ асуудал хаа хаанаа сулавтар байна гэж бодогддог. Малын тарга хүч суларч уу, чангарч уу гэдгийг л харуулах шиг боллоо.
Радио телевизээр туршлагаа ярьж байгаа нэг ч малчин байхгүй. Хурдан морь уралдуулж, тийм мөрий өвч, төчнөөн машин тэрэг өглөө гэж л яриад байна. Монгол хүн түүгээрээ бахархалгүй яах вэ, үгүйсгэж байгаа хэрэг биш. Түүний цаана 30 гаруй сая мал Монгол орны голыг зогоож байгаа юм шүү гэсэн сэтгэл дутаж байна. Монголын ард  түмнээс малын талаархи сэтгэлийн жавар нь арилбал мал аяндаа жаргах учиртай. Ер нь малаа гэх сэтгэл, малчнаа гэсэн төрийн  бодлого хоёр даанч их дутагдсан шүү дээ. Энд л баахан хамарсдаг. Эргэж жаахан харцгаана биз дээ.  
-Байгалийн гамшгийн үед сумын засаг дарга ямар үүрэгтэй байдаг вэ? Малчид түүнээс юу хүсэх бол?
-Сумын засаг даргад ямар үүрэг байх вэ дээ. Эрх мэдэл байхгүй, гаргаад өгчих мөнгө үгүй. Цалингаа л авахын тулд байгаа болохоос сумын засаг дарга гэдэг дээр үеийн бригадын даргын ч мэдэлгүй шүү дээ. Дэмий нэг данхар үүрэг, эрхтэй мэт боловч илүү гарах мэдэлгүй. Эрх мэдэл гэдэг чинь хүлээх үүргийг дагаж гарч ирдэг.
-Та улсад түмэн хонь өсгөж өгсөн хүн. Энэ их малаас танд хэдэн хувь нь ногдов?
-Яах вэ, нэгдэл надад өгөх ёстойгоо л өгсөн. Манай нэгдэл илүү ч үгүй тав, арван малаа өгсөн л юм. Тэр малтайгаа одоо байж л байна. Илүү, дутуу гэж гомдох юмгүй. Одоо би зуу орчим толгой малтай. Гачууртад мал маань бий.
-Та МАХН-ын зөвлөхийн хувьд ирэх сонгуульд ямар байр суурьтай байна вэ?
-Намууд аль аль нь сонгуульд бэлтгэж байна. МАХН тайван, ажил хэргээ гүйцэтгэж байна. Намын хүрээнд хөтөлбөрөө боловсруулж байгаа. Зөвлөхийн хувьд хөдөө аж ахуйн талаар ганц нэг дуугардаг.
-Байрын жижүүр хийж хотод амьдрах нь хөдөө мал дагаснаас хялбар байх даа?
-Миний хувьд мал маллах нь дээр байлгүй яах вэ. Гэхдээ би олон хүүхэдтэй. Есөн хүүхэд  маань бүгд сургуульд сурч байна. Өсөх насаа малын төлөө зориулсан юм, өтлөх насаа есөн хүнийхээ төлөө зориулахаас өөр аргагүй. Адаглаад энэ есын сургууль соёлын хэрэгслийг нь зохицуулах үүднээс л энд байгаа болохоос Улаанбаатарт хоргодоод, нэг алба хаачих юмсан гэж бодох юм алга. Өөрийн чаддаг мэддэг таван малаа дагаад явж байвал эрүүл мэндэд ч хэрэгтэй.
-Баатар малчин маань яаж амьдарч байгаа бол, улсаас тэтгэж дэмждэг биз гэж хүмүүс бодож байгаа байх?
-Төр засгаас ямар юмных нь анхаарал тавих вэ дээ. Хөдөлмөрийн баатарт сард 300, жилд 3600 төгрөг өгдөг юм. Ийм үнэтэй хүүхдийн ботинк байтугай хятад шаахай ч байхгүй. Хөдөлмөрийн баатар болох гэж яаж зүтгэсэн билээ. Сүүлээ ийм л цалин хангамжтай сууж байна. Их хурлын депутатаар 16, УИХ-д гишүүн гэж дөрвөн жил болсон. Байрныхаа хөлсийг ч гэсэн 50 хувь хөнгөлүүлчихвэл буруу юм юу байх вэ. Хөрөнгө чинээ нь болдоггүй л юм байлгүй. Ганц би ч биш бусад хөдөлмөрийн баатрууд ч ийм хүсэлтэй л байдаг байх. Төр хааяа нэг өндөр настнуудыг хүлээж авдаг. Хоёрын хооронд нас 60 хүрээгүй болохоор түүнийг хараад дунд нь тэлэгдэх янзтай л сууж байна.
-Ард түмэн, үр хүүхдэдээ үлдэх “Хөдөлмөрийн баатар” хэмээх сайхан нэр л танд үлдээв шив дээ?
-Баатар бүгд тийм л байгаа. Гавьяат ч ялгаагүй. Хөдөлмөрийн баатрын 3600 төгрөгийг өчнөөн явдал чирэгдэл болж байж авдаг юм шүү дээ. Ичмээр ч юм шиг. Хүний хөдөлмөр үнэлэгдэх нийгэм маний амьдад заяагдах юм уу, мэдэхгүй. Амьддаа тийм юмны захруу ороодохвол зүгээр шиг бодогдох юм. Харин нэг үеэ бодвол соёмбо зүүгээд явахаас ичихгүй болж.

"Өнөөдөр"   2000.03.16   А. Түвшинтуяа   


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats