Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Тусч хүүхдүүд
Ахмад хүмүүс зөөлөн чихтэй дуулгавартай хүүхдэд дуртай. Тэдний хөдөлмөрийг ихээр үнэлдэг байсан болоод ч тэр үү тэр үеийн хүүхдүүд  бид хэзээ ямагт тусч байхыг хичээдэг байжээ. Хүүхдүүд аргалд хамт явна. Аль нэг нь аргаа дүүргээгүй бол хамжиж дүүргэнэ.
Бас дүүрсэн араг дээр арагны тал хэртэй шавааны том аргал овоолж түүвэл сэтгэл амарна.
- Араг дүүрэн аргал түүвэл аяга дүүрэн хоол олдоно гэж аав ээж хэлнэ.
Орой нь ишиг хургаа барьж хөгнөнө. Тэгэхдээ чиний миний гэхгүй дайралдсан хурга ишгийг барьж айлын хөгнөнд ялгаж хөгнөнө. Өөрийнхөө бүү хэл айл саахалтынхаа малыг сайн танина. Нэг төрлийн малд явсан хүн бүх таван хошуу мал тугал хургаа давхар харна. Эрэл сургийн хүмүүс малын сураг гаргах гэж асуухад хаяандаа байгаа малыг хараагүй бол түүн шиг шившиг байсангүй. Тэгээд ч айл саахалтын хүмүүс «Танай хүүхэд малд нүдтэй овоо хүү юм» гэсэн үг сонсвоос түүн шиг том шагнал байсангүй.
Хонь хяргах, мал засаж хөнгөлөх, эсгий хийх, өвс хадлан бэлтгэх гээд хамжиж хийх ажил гэж их. Тэр бүгдэд нүүр бардам оролцох гэж хэрдээ мэрийнэ, эрт босно. Аав ээж нар маань «харцгаа та нар» гэж ажил сайтай хүн  хот айлаар жишээ татаж ярина, сургана.
Сантмаргац сумын малчин баян Мангалын гэргий Гүнрэгмаа гуай шиг шилбэлзсэн ажилсаг авгайчуул их байжээ. Ардын их хурлын анхдугаар сонгуулийн депутат Ө. Гүнрэгмаа манай нутгийн малчин Б. Пүрэв нарыг хүмүүс их дуурайна. Ажил сайтай тэр хүмүүсийг хараад бид өөрийгөө голно. «Шалавхан том болоод депутат болбол гоёо» гэж! дотроо бодно, атаархана.
Манай нутагт багийн даргын албыг олон жил хашиж байгаад хожим нь насан эцэс болтлоо бригадын дарга хийсэн Л. Пүрэвжал гэдэг гуалаг нуруутай өндөр хөх хүн байдаг байв. Хүү нь бидний чацуутан одоо Налайхын тэнд нисэхийн цэргийн ангид офицер П. Төмөрбар гэж хүн бий. Хүүхэд бидэнд багийн дарга шиг үлгэр авмаар сүрхий том хүн байсангүй. Багийн хурал цуглаан  ший үзвэр улаан гэрт болно.
Пүрэвжал гуай насаараа халимаг тавиагүй түнжин толгойгоо  илж:
—    Нөхөд өө!  .. бол бол одоо..- гэж ирээд илтгэж гарна. Хүмүүс   анхааралтай чих тавин   чагнах   гэж жигтэйхэн.
Сайн хүнийг магтана, саар хүнийг босгож байгаад  зэмлэнэ. Ялангуяа ажил муутай, малдаа хайхрамжгүй залуучуудын хөлсийг гоожуулж, ам өчгийг нь авна даа. Хонио нохойд оруулсан нэгэн залуу согтчихоод:
—    Багийн хуралд ямар нүүрээрээ очно доо гээд уйлж байхыг сонсоод хүүхэд бид их өрөвдөж, том хүн уйлахыг бодоход яггүй хэрэг хийж дээ. Малаа нохойд оруулахгүй байя гэж ярилцаж билээ.
Улаан халзтай цагаан бүрээстэй гэр. Одооны соёлын ордон, хурлын танхим байж дээ. Нэгэн удаа Дууж (Г.Пүрэвжал гуайг тэгж гуайлдаг байсан) бигтруул сонсгоно гэж зарлав.
Олон том улсууд цугларч бидэнд зай гарсангүй. Гадаа хаяанд чагнаж суулаа. Хүн нь харагдахгүй дуулаад байдаг ид шидтэй зүйлийг нүдээрээ харж, гараараа барих сан гэж бодохоос тайван суухын аргагүй хорхой хүрнэ.
Оройхон хүмүүс тарсны дараа бид эргэлдсээр үлдэв. Тэгтэл бидний хэдэн хүүхдийг ор гэж Дууж дуудав. Бид бие биеэ дуудан гуяа алгадахаас наахнуур харайж ороход Дууж биднийг эгнүүлэн газар суулгаад:
— Энэ бигтруул болбоос хүний дуулсан дуу, ярьсан яриаг бичиж авдаг пянз хэмээх самбартай болно. Та нар зүггүйтэн оролдож байж эвдвэл төлж дийлэхгүй шүү. Одоо би ажиллуулж үзүүлнэ гэв.
Хүүхэд оролдож болохгүй эд гэнэ. Эвдвэл эцэг эхээ өрөнд оруулахнээ» гэж бид    хоорондоо шивнэлдэж суулаа.
Тахир бариулыг хэдэнтээ эргүүлэн, могой шиг махир хоолойны зантгар толгойг дугуй хар самбар дээр тавимагц дуу аялж эхлэв.
Бигтруул  дуулсаар бид  чагнасаар  багийн    даргаас эмээсэн юм уу, тэр оройны саалийн ажилд биднийг хэн ч дуудсангүй. Ёстой нэг шавиагаа ханатал бигтруулын дуу сонслoo. Ингэж л багийн дарга маань бидэнд урлаг соёлоор үйлчилж байлаа шүү дээ.

Ц.Намхайнямбуу /"Хонины хишиг" номноос, 1988 он/

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats