Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Балчир багын дуртгал
Өсөх насаа эргэн дурсах үнэхээр сайхан. Зүггүй балчир багынхаа инээдэм наргиант явдлаа мартах нь бага. Тэр чигээрээ тархинд бичээстэй, зүрхэнд хадаастай байдаг гэхэд хэн ч маргахгүй буй заа.
Миний бага нас үе тэнгийнхнээсээ ялгарах онцгой юмгүй, эгэл жирийн монгол ахуй, монгол амьдрал байлаа.
Эцэг Шаж овогтой Цэрэндаш, эх Цэрэн овогтой Лхамжав нар Засагт хан аймгийн Цэцэн Сартуул хошуу (одоо Завхан аймгийн Сонгино сум)-ны нутагт төрсөн. Тэндээ өсөж торнин малын дөртэй болцгоож,  хожим ханилан сууж аж төрөн амьдарчээ.
Өвөг эцэг Шаж маань албат хамжлага үгүй ах дуу олуулаа, хохь тайж байсан гэдэг. Албаны хэрэг шийтгэх онцгой эрх дарх эдлээгүй ч ту¬хайн үедээ бичиг номтой хүн байсан учир төрд алба хашиж явсан аж. Бичихдээ удаан, нямбай, модон самбартайгаа голдуу хоцордог байсан тул «Модон элгэвч» гэдэг хочийг хүртэл өгч байсан ажээ. Эмэгтэй голдуу долоон хүүхдийн дотроос хамгийн бага, ганц эрэгтэй нь миний эцэг Цэрэндаш байжээ.
Жараад ямаа, арав гаруй хоньтой, чөдрийн хоёр унаатай, хүнээс гуйж, илүүчлэх юмгүй ядуувтар айл байгаад 1958 онд «Үүрийн туяа" (Одоо «Энх тайван» нэгдэлтэй нийлсэн) нэгдэлд элсэн оржээ.
Нэгдэлд ямаагаа нийгэмчилж, олон малтай айлууд үхрээ зарах үеэр хоёр үнээ, дараа нь ганц тэмээ худалдаж авсан гэдэг.
 Ээж маань ганц охин дүүгээ цэл залууд нь алдаж, ганцаардан зовлон зүдгүүр үзсээр яваад хатуужсан болов уу хөөрхий.
Намайг мэдээ орж байх үед Пэлзэд гэж нэг эгч байсан юм. Тэр хаашаа л явна намайг үүрнэ. Тэгээд ч би тэр эгчийнхээ нуруун дээр шалзан хадаас шиг наалдаж өссөн хүн. Бас жил бүрийн хавар хоёр эгч манайд ирж аав ээжтэй золгоно. Тэдний нэг нь болох Оюухүү эгч. Миний барьсан чулуун гэр хомоолон адуунд хүрэхгүй хэтэрхий бүрэг номой учир жаахан шоглохоор нусаа татан халтар болтлоо уйлна. Хожим мэдэхнээ нь миний төрсөн эгч Оюухүүг үрийн мөрөөсөл болж явсан Дорно дархан (жинхэнэ нэр нь Донров) гэдэг айлд үрчлүүлсэн юм санжээ.
Эгч маань айлд өргөгдөснөө мэдээд аав ээж, эгч дүү биднийгээ санаж сэтгэлээр бэтгэрч, тийнхүү зүрх зориг муутай нэгэн болжээ. Би сургуульд суусан хойноо тэр учрыг мэдэж, хөөрхий эгчээ өрөвдөн аав ээжээс нуун ааруул, ээзгий зөөж олдсон халтар ёотонгоо хувааж иддэг сэн.
С.Дагва гэдэг ганц бие ганган залуу манай голд байсан юм. Тэр төдийлөн их чинээлэг биш боловч хувцсаа сайхан өмсөнө. Гутлаа үргэлж шүлэмдэж арчина. Мориныхоо дэлийг сумлан засаж цэвэрхэн унана. Хүүхэд бидэнтэй тамшаалан үл ярилцах аваас бид ихэд жийрхэнэ. Нэгэн өглөө үүр  цүүрээр Дорно дархны нүд нь орой дээрээ гарчихсан давхиж ирээд
— Хөөе Цэрэндаш аа! Муу охиныг минь ганган Дагва оргуулаад арилжээ. Алив түргэн хувцасла, би түүнд нялх үрээ өгчихөөд юу бодож суух вэ?,.. гэж сүржигнэхэд аав.
— Донров оо, чи сайн бод! Хүн хүний хувь тавилан өөр шүү дээ гээд дуугүй болчихов. Ээж хийх юмаа олж ядан, тогоо шанагаараа оролдоно. Дорно дархан сууж сууж. «Ийм дүлий годилуудтай юу ярихав- Би хэдэн дэггүй банди дагуулж очоод, хүүхнээ авчирна даа харж байгаарай!» гээд огло харайн гарч, морин туурай пижигнүүлэн арилав. Чухам тэгээд юу болсныг бүү мэд. Чимээ тасарлаа.
Намар оройхон нөгөө ганган ах чинь Оюухүү эгчийн нүдий нь бүлтийтэл гоёчихсон бүтэн хонины махтай манайд айлчилж ирээд, cap  шахам саатан зочлоод, барьц тавьц, өмч болон, морин ачаатай буцаж билээ. Эгч маань ханийн заяа түшин, үр хүүхэд олонтой сайхан амьдарч түрүүч нь айлын хүн болон сайн явна. Эгч Явуухүүг айл аймаг явсан Чойсүрэн (Алигаа гэж авгайлна) гэдэг айл гэртээ дасган үрчүүлж авчээ. Чойсүрэн алиадуу ааштай хаагьж хуугьсан, Халх голын дайнд явснаа ярих дуртай хээгүй хүн байв.
Эгч тэднийд ёстой нэг лусын дагина шиг элбэг дэлбэг, дураараа өссөн дөө. Багадсан хувцсаа шинээр нь шахуу надад өгнө. Тэглээ гээд аав ээж хоёр нь нэмж өгнө үү гэхээс биш, загнана гэж огт үгүй. Алигааг «Байлдаж яв¬сан» гэж худал залдаг юм хэмээн зарим нь шивэр авир хийхэд зэвүү   их хүрдэгсэн.
Тэгэхэд Алигаа дуулсан ч тоосон янзгүй «Үнэн юм үнэнээрээ сайхан» гэж ирээд л тачигнатал инээн).
Түүнийг 60 гарсан хойно ,саяхан манай нутгийн дээхнүүр ажилтай цэргийн дарга хүн армийн архив ухан, хөөцөлдөж байж. «Алтан гадас» одон, Халх голын дайнд оролцогчдод олгодог «Бид ялав» медалиар шагнасан байсныг олгуулсан юм гэнэ лээ.
Алигаа орой болсон хойно нэлээн халамцуу давхиж ирээд, аав ээж хоёрт.
— Үнэн юм үнэнээрээ сайхан. За та хоёр энэ одон медалийт мялаацгаа! хэмээн ханхалзаж байж билээ.
Явуухуу эгч хоёр хөгшнийг эзлэн, эрх дураараа өссөндөө ч тэр юм уу, хэлэх гэснээ хэн гуайд ч палхийтэл айлдчихдаг, ажилд гавшгай, шийдэмгий хүн болсон юм.
Нутгийнхаа Ц. Сүхбаатар гэдэг гүндүүгүй томоотой, адуунд эрэмгий өндөр бор залуутай ханилан сууж, удалгүй «Хонины тоосонд явахаар хотьн тоосонд явъя» гэж хэлээд, гэр бараагаа ачаалан, эцэг эх хоёроо аван одож  Дархан хотод  суурьшиж ээ.
Тэднийх одоо 8 хүүхэдтэй өнөр өтгөн айл. Тийнхүү миний хоёр эгчийн айлчлаад ирэхдээ манай хүн шиг, буцаад явахдаа хүний хүн шиг этгээд амьдрал миний гайхлыг төрүүлнэ. Манай эцэг эх хоёр охидынхоо араас зовнин, дүнгэр дүнгэр ярина. Энэ нь надад ихийг бодуулан хүний амьдралын нарийн ширийнтэй эрт танилцуулсан ч байж мэднэ. Хоёр эгч маань өөрийн эх эцгээсээ илүү өргөмөл эцэг эхдээ элэгтэй тул томрох тусмаа ирж очих нь багасаж байлаа.
 Пэлзэд эгчдээ эрхэлж өссөн би одоо хуртэл түүнтэй нэг л дотно. Тэр эгч минь миний төлөө байдгаа зориулж, санаж сарвайж явдаг хүн дээ. Тэр жил манай сум трактортай болсон сураг гарлаа.
Нэг өдөр паржигнасан дуутай, улаан шоргоолж шиг юм (чиргүүлтэй трактор тэгж харагдсан байх) давхин ирэхэд уяатай морьд шуузгаа аван, үнээ тугал зэлээ тастан, бөөн бужигнаан болж билээ. Бүлтгэр нүдтэй намхан бор залуу трактораас буухад,
— Чи чинь яасан монголоо   алдсан монди вэ? Наад пажигнасан улаан юмаа хотноос хол зогсоож бай! Задарсан тархийг гэм! хэмээн ам амандаа зэмлэнэ.
Тэр залуу тос болсон гараараа толгойгоо маажин хэсэг зогссоноо хүний урманд цай ч амсалгүй нөгөөхөө асааж аваад паржигнуулан одов. Мань хүн манай Пэлзэд эгчтэй сайн болчихоод унаа тэрэгтэй мундаг эр болсноо харуулах гэж ирээдүйн хадмууддаа бут ниргүүлсэн нь тэр юм байж.
Хүргэн ах М. Чулуунбаатар тохь томоотой, олон таван үггүй, ханилсан хань, үр хүүхдүүддээ халамжтай сайн хүн. Аливаа зүйлд хүлээцтэй хандана, хүнд хэлж сургана. Ажил, амьдралын бэрхшээлд тэвдэж түүртэн бачимдаж байхыг би үзээгүй. Манай энэ хоёр хүн хөлий минь дөрөөнд гары минь ганзаганд хүргэсэн хүмүүс.
Эгч минь намайг хол ойр хурал зөвлөгөөнд явахад хичнээн ч шөнө нойргүй хононо. Дээл хувцас оёж шиднэ. Ах маань хичнээн ч удаа халаасаа тэмтрэн төгрөг мөнгөөр тусалсныг хэлээд баршгүй.
Одоо ч гэсэн өвөлжөө хаваржаанд нүүлгэнэ, мал төллөхөд тус дэм болно.
Намайг багад ээж маань «Миний хүү дүүтэй болох нь ээ» гэдэг байна. Би «хаанаас дүү ирэх юм бол доо. Дүүтэй хүн чинь том эр болж байгаа хэрэг» хэмээн бодож, аминдаа их л додигор байдаг байлаа. Төдөлгүй ээж төрөх болж, бариач залан араг түшин зовиуртай суухад хүүхэд биднийг «Гадаа гарч тогло!» гэв.
Төдөлгүй нялх хүүхдийн дуу гарлаа. «Ээжийг зовоодог, бас уйлдаг золигийг айлд өргүүлбэл таарна» гэж бодогдон дотроо дургүй байсан боловч сөөсгөр хөөрхөн дүү дагуулан тоглож яваа айлын хүүхэд харахаар нэг л дотно санагдана.
Ингэж миний дүү Бямба гэдэг хэргийн эзэн нэмэгдсэн юм.
Дүү маань жолооч одоо нутагтаа Ч. Цогзолмаа гэдэг нүд дүүрэн бүсгүйтэй ханилан суусан, төвшин сайхан айл явна. Бямба бид хоёр хаана л бол цуг явна. Хонь хурганд хамт дэгдэн дүүгийнхээ нүцгэн хөлөнд орсон өргөсийг түүж өгнө, үүрч дүүрнэ. Ингэж л дүү бид хоёр ижилдэн дассан билээ.
Дүүгээ ирэхгүй удахаар сэтгэл дэгэлзэн зовж, хүрээд ирэх бараанаар нь дотор онгойн, «Ашгүй нөгөөх чинь ирлээ. Тэрэг тоног нь явж байгаа юм байна» гэж бодогдоно. Бямба багадаа хөөрхөн нүцгэн бор юм хоёр хөлийнхөө хоорондуур тонгойн харж тоглоно. Ээж түүнийг «дүү дуудсан золиг» хэмээн өхөөрддөг сөн.
Үнэхээр тэр дүү дуудсан байжээ. Манайд бас нэгэн шинэ хүн нэмэгдсэн нь отгон дүү Нямдорж юм. Тэр багадаа бидний нуруунаас, хожим морины нуруунаас салдаггүй лут эр боллоо. Манайхнаас сургууль соёлын мөр хөөсөн нь энэ хүн дээ. Хүний бага эмчийн мэргэжил эзэмшиж ирээд, сумандаа гурван жил ажиллалаа. Дээд сургуулийн элсэлтийн шалгалтад орох үеэр нь би аймагт хуралд очиж таардаг юм байна. Хурал тараад дүү дээрээ очтол тэр:
-    Хүний эцэг, эх, ах дүү хүмүүс шалгалтад орох хүүхдээ ямар дүн авах бол гэж эргэж ирээд хүлээж байх юм.
Та нар болохоор эзэнгүй мал залсан юм шиг таг чиг байдаг. Би лав унасан байхаа. Та тэр комисс дээр ороод миний дүнг мэдээд ир гэж туньж гарав аа.
Би ч гэсэн түүнд гэм хийчихсэн амьтан шиг шалгалтынхан дээр орлоо. Тэд намайг таньж, инээдэм наргиа болгон «Дээд сургуульд орох нь уу? Хөдөө аж ахуйн дээд сургуулиас урилга ирсэн шүү» гэж намайг цаашлуулав.
—    Дүүгээ тэнцсэн эсэхийг сонирхвоос тэнцээгүй уначихсан  гэнэ.
—    Сургуульд орох найдлага алга уу? гэхэд
—    Өргөдөл бичүүлээд, их хурлын депутатын тодорхойлолт хавсаргаад ирвэл арга байж магадгүй гэв. Ухаандаа дүү өргөдөл бичээд, би тодорхойлолт өгөх болж байна, энэ бол боломжгүй хэрэг. Би гарахаар бослоо.
Тэгсэн чинь «Баатраа аяд, дүү чинь намын дээд сур¬гуульд элссэн». Томилолт нь энэ байна гэж нэгэн хуудас өгөв. Авч уншвал томилолт мөн. Ингэж манайд нэг оюутан гараад байгаа юм. Тэр маань өөрийн нутгийн С.Маахүү гэдэг бүсгүйтэй ханилсан. Одоо бас л хэдэн хүүхэдтэй xyyчин айл болжээ. Манайх гэдэг айл төрсөн, тэлсэн, худ ураг гээд өнөр өтгөн айл болжээ.
Тиймээ манайх шиг ийм өнөр өтгөн ам бүл    нэгдэн нэгдсээр нутаг усны түмэн олныг үүсгэх бөлгөө.

Ц.Намхайнямбуу /"Хонины хишиг" номноос, 1988 он/
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats