Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Миний нутаг
Би аргын 1948 оны хулгана жил, аргын тооллоор 6 сарын 1-нд Сонгино сумын нутаг Тариатын гол хэмээх газар төрсөн. Намайг анхны хүү төрлөө хэмээн баярлан угтсанаар барахгүй зулай дарж төрсөн эгч Явуухүүг «Булган» сүүлтэй хэмээн бэлэгшээж байсан гэдэг.
Би ч бас хоёр эр хүн араасаа дагуулж гэр дотроо хүндтэй нэгэн болов оо. Гэвч ингэж хүндлүүлнэ гэдэг нь зөвхөн сургуульд орох хүртэл хааяа хааяа эрхлэх (эрхээрээ хатах) эрх олж авна гэсэн хэрэг шүү дээ. Би 1957 онд эгчээ дагаж сургуульд орлоо. Ангийн багш Ө. Нямдорж гэдэг шударга зантай залуу байсан. Одоо Улаанбаатар хотын Яармагийн нэгэн сургуульд багшилж байгаа гэнэ билээ.Гоё бичнэ, зурна, бас бүсээ сайхан бүсэлнэ. Тэр бүхэн  нь миний нүдэнд харагдах шиг болдог сон.
Манайх зундаа Баянголд, хавар намартаа Тариатын гол, Зуун сээрт, өвөлдөө Сонгино Хайрхан ууланд нутагладаг байлаа. Тэр сайхан нутаг ус маань намайг эхээс мэндлэхэд тосон аваад өдий зэрэгт хүртэл өгөөмөр баян хайр хишгээ хүртээсэн. Нутгийн минь тэргүүн хөндлөн хүрэн уул Сонгино хайрхан хол ойроос ирсэн хэний боловч нүдэнд бусдаас ялгарам сүр бараатай тусна.
Энгэр талдаа тоонон дээгүүр өнгийм өндөр байц, хад асга, гялмаан хадан цохио, нөмөр нөөлгө ихтэй Сонгино хайрханы ам бүр нь устай. Түүний эргэн тойрон байдаг хорь гаруй өтгөн бууц, хонд бор шороонд байдаг манай голын ихэнх айлууд өвөл, хаврын цагийн хатууг давж өнтэй тарган орно.
Ерхөг, хиаг, зултаргана, зээргэнэ зэрэг эр өвс голдуу ургадаг малын бэлчээр сайтай. Модгүй боловч улаан бургас голлосон, яргай, чаргай, даль, сухай уулын араар ургана. Дэвсэг тавцаг олонтой газар хаа нэгтээ хар мод үзэгдэх болсныг нутгийн хүмүүс хараад сүүлийн үөд бэлэгшээх болжээ.
Өвөлжөө бүр нь тохилог хашаа, төлийн байртай. Гурван есийн хүйтэнд хонь хотлуулчихаад малаа харахад тун сонин. Янгирын удамт, адтай сэхлүүн ямаан сүрэг бүхнээс түрүүлж, хэц байц хадан цохиот өвөлжөөний хоймрыг хэдийн эзэгнэн гэр шиг хадан агуй, нөмөр нөөвчтэй газрыг олж тухална. Тэнд мал хэвтсээр байгаад доороос жиндэхийн аргагүй зузаан бууц овоорсон байдгийг ямаа хэнээс ч илүү мэднэ. Одоо бодоход өтөг бууц арвинтай, нөмөр нөөлөг энгэр ээвэр зарим өвөлжөөнд төлийн байр, хашаа саравч барих нь заавал алба биш байж дээ гэсэн шиг бодогдоно.
Цагийн хатууд, хэнз давжаа, тамир тэнхээ муутай онд орсон малаа ууланд байлган эргүүлж тойруулбал нүд нь сэргэж, хөл нь чангарна.
Уулын бэл, тал хөндийд худаг гаргахад хэцүү. Гэвч Их хайрханы зүүн хойд биеийн «Худгийн ам»-ыг өгсөхөд амаараа ус хальсан гар худаг бий. Хэн гэдэг хүн хэдийд уулын усны судал олж нээснийг бүү мэд.
Байгаль ээжийн урласан хадны «тогоо» хэмээх чулуун тэвшинд цас борооны ус хэдэн хоногоор тогтоно. Усы нь мал ууна. Тэр хавийн чулуужсан нойтон хөрсөнд тогтсон малын мөр байгалийн биш амьдралын эрхээр үүссэн нэгэн янзын урлаг мэт харагдана. Байгалийн сонин хачин тогтоц ганцхан энд ч биш Шивээт, Батсайхан, Сурагт, Маргацын ууланд элбэг. Тэр бүхнийг зөн билгийн нүдээр харвал өгөөмөр баян нутаг орон маань өлзий буянт мал сүрэгтэйгээ хамт заяа тавилаар үүссэн юм уу гэлтэй.
Сонгино хайрхан ууланд бор гөрөөс, үнэг, мануул, хярс, бор туулай, тарвага, зурам зэрэг амьтад  элээ, тас, бүргэд, өвөөлж, болжмор, тогоруу, тоодог, ногтруу зэрэг шувууд элбэг. Хойлог олон байсан боловч сүүлийн үед цөөрчээ.
Явуулын бололтой буга хааяа нэг үзэгдэнэ. Сонгино хайрханы баруун урд орших «Үхэр чулуут» нэртэй нэгэн амны адагт зориуд зассан юм шиг жижигхэн бөмбөгөр, улаан толгойн орой дээр Хайрханы овоо бий. Түүнийг  дээр үеэс онголон тахиж отог хошууны наадам хийдэг байжээ.
Саяхан болтол Цэцэн сартуул хошууны наадмыг намар бүр энд хийж, Ширээгийн хөндийг өгсүүлэн, Хайрханы овоо хүртэл хурдан морь уралдуулдаг байв.
Тэр овоог чулуун суурин дээр гуалаг шургаагаар яс мод зангидан шовх оройтой босгож модны мөчир хөвдөөр хучин бороо цасны ус нэвтрэхээргүй бүтээсний дээр хоймор талд нь бурхан тахил байрлуулан идээ будаа тавьж, мөргөл ном үйлдэж байх сул зай гаргажээ.
Хувьсгалын үед энэ овоо нэлээд хэлмэгдсэн боловч танагтай үлджээ. Тахилгын чонхорт зориулан хонь мал төхөөрөх, идээ, будаа, айраг цагаа бэлтгэх зэргээр нутаг хошуугаараа өргөн нааддаг байсан байна. Сүүлхэн үеийн нэгэн наадамд Жамганжав хэмээх ядуу эр барилдах болж гэнэ. Ээж нь хүүдээ өгөх юм олдохгүй болохоор тэр өглөө буцалгасан тараг зөөхийтэй уулгажээ.
Хүү нь тахилга дуусах үеэр очиж барилдъя гэж бодоод хэвтэж байснаа таргандаа цохиулан унтжээ. Нэг мэдсэн чинь бага үд болж байсан тул барилдах ч өнгөрчээ, наадам очиж үзье байз гэж бодоод явж гэнэ.
Овоон дээр очиход наадамчин олон уулын бэл уруу буусан байжээ. Наадам эхлэх гэж байгааг тэр залуу хүнээс дуулаад нэлээд тайвшран овооны дотор орж мөргөх зуураа шонхорт зориулсан хонины махнаас тос гоожин хайлмагтаж байхыг хараад хорхой нь хүрчээ. Тэгээд түүнээс хормойлон авч овооны ард суун хүртэснээ «Хоосон ядуу намайг өршөө! Хайрхан минь!» гэж дотроо сүжиглэн мөргөөд  наадамчид дээр очжээ.
Нэгийн даваа эхэлж байх үеэр Жамганжав нэрийн жагсаалтад нэрээ оруулан төвөггүй давсаар түрүүлжээ. Тэгээд тэр «Хүний овоог ух, өөрийн овоог тахь» гэсэн үг байдаг юм гэсэн. Манай Хайрханы овоо намайг дэмждэг юм билээ гээд хожим нь хошигнож байсан юм гэдэг.
Өндөр тэргүүнээрээ хурмастын хурыг дуудан ивэлгэж нөмөр нөөлгөөрөө өвлийн хүйтнийг халхлан өнчин ишигний гарзгүй онд оруулдаг ач буяны нь бодоод тэр үү Сонгино хэмээх уулаа «Хайрхан» болгож өргөмжлөөд Сонгино хайрхан болгосон юм уу гэлтэй. Айлууд нь хайрханы сэтэртэй малаа хөгшрөхөөр нь өөр мал сэтэрлэн залгамжлуулж өргөл цайныхаа дээжээр мялаана.
Хайрханы арын уужим хөндийг уруудаж Тариатын гол урсана. Тагнай ташим хүйтэн устай Хөх толгойн булгаас эх авсан энэ голд түмэн нүдэт булаг шанд «охио» нэмэн нэмсээр түүний усны нөөцийг тасралтгүй сэлбэнэ.
Энэ голын дагуу дээр үеэс тариа тарьж арвин ургац хураан, гурил хийдэг байсныг тэр хавьд үлдсэн тээрмийн чулуу гэрчилнэ. Өнөөдөр энэ голын усыг ашиглан нэгдлийн барилга барих, төмс хүнсний ногоо тарих, туслах аж ахуйн авсаархан хэсэг ажиллаж байна.
Хайрханы зүүнтээ ардаа цөөхөн модтой Мангина хэмээх  өндөр уул. Түүний цаана Хангайн нурууны салбар болох хар модон шигүү ойтой Шар нуруу. Түүнээс урагш Цэцэн-Уул залгаж өндөрссөөр Хангайн нурууны ноён оргил Отгон тэнгэрийн зүг жингийн цуваа адил үргэлжлэн холдоно. Уулсаа дагаж нутгийн байдал хангайшина, гол ус элбэгшинэ. Хайрханаас баруун урагш Сантмаргац сумын нутаг тийш Зүүн сээр, Эрээн, Шивээтнйн нуруу, Сурагт, Маргацын уулс сүлжилдэн сүндэрлэнэ. Газрын байдал улам цагааширч, ургамлын аймаг нь тал хээрийн шинжтэй болж ирнэ. Өмнө этгээдэд өвөл зунгүй Их Монголын элс алтан шаргал өнгөөр алс тэртээ шаргалтаж харагдана. Элсний ар хормойг эмжин, тунгалаг устай Хүннү (нутгийн хүмүүс Хүнгий гэнэ) гол урсана. Энэ голын эх орчим үнэхээр сонин агаад байгаль ээжийн урлан бүтээсэн гоо сайхны ертөнцийг хэчнээн ширтэвч хүний сонирхол буурахын аргагүй юм. Хүнхийсэн элсэн эрэг мөргөцгөөс шүүрэн тарах булгийн түмэн нүд нарийн шаргал элс цацлан оргилно. Рашааны тунамал сувдран хэлхээ мэт усан цацаргууд нийлэн нэгдсээр намуун урсгалт Хүннү голыг үүсгэнэ.
Хүннү голын элсэн дэвсгэртэй ёроолд байдаг чулуу, загас жараахайг тоолж болмоор цэнгэг. Усанд нь өдөржин шумбаж, торгон шаргал элсэн дээр нь бөмбөрч наадахад уйдна гэж даан ч байхгүй дээ.
Гол хэвээ даган урссаар Сантын хар нуурт цутгална. Энэ нуур хормой дэлгэн элс уруугаа улам түрж тэлж байгаа нь мэдэгдэм бөгөөд энэ нь «Ус ихэдвэл нутаг тавьж ихэд баяжина» гэсэн эцэг өвгөдийн сургаалыг санагдуулан нутгийн ардуудыг баярлуулна. Хар нууранд элдвийн загас жараахай нэн элбэг. Хүнгий гол гэдэг нь хун шувууд үүрээ засаж үр төлөө гарган, хуран чуулдаг байснаас тийнхүү нэрийджээ хэмээн нутгийн хүмүүс хуучилна. Yүx түүхээр нь үзвэл Төв халхын үндсэн аймгийн нэг болох хүннү нар энд нутаглаж байснаас тэр нэрний аялга сунан Хүнгий болсон юм болов уу гэлтэй.
Түүнээс гадна Галуутай, Хунтын гол, Холбоо нуур, «Алтан дэвтээр»-ийн давс хэмээх ус элбэгтэй. хужир шуу арвинтай  хүн малд өгөөжтэй нутаг ус энд элбэг бий.
 Манай хоёр сум хил залгаа оршиж энэ нутагт нутаглана. Завханмандал сумын нутаг болох Их монголын элс тэртээ гарч өвөлжих замдаа энэ нутгаар дайран нүүдэллэх учир тэр бүхнийг сайн мэдэх бөлгөө. Шаваг, багалуур, суль, сульхир, өрхөг, хиаг зэрэг говийн өл хоол ихтэй өвс ургамал элбэгтэй. Аргалын хар, Их бага буурал зэрэг их говьд бие биенээ алсаас харуулдсан шомбон хөх уулсын энгэрт хэзээнээс нааш өвөлжинө. Өтөг бууц сул, хөх өтөг нь нуур далай мэт элбэг өвөлжөө бууц энд олон. Тийм бууцанд хашаа барина гэх нь үнэхээр инээдтэй. Байгалийн бүтээсэн нөмөр нөөвч бүхий хад цохио нь хашаа барьж илүү зардал битгий гаргаарай гэх мэт санагдана. Манай сумынхан Сантмаргац сумын нутгийг дайран Их монголын элсийг Хөтгөрийн сүвээр огтолж гараад тэртээ говийн Аргалын хар, Их Бага Буурал хавиар бараг жил бүр өвөлжинө.
Багын юм санаанаас гардаггүй болоод ч тэр үү нүүсэн нүүдэл, буусан буудлууд хүртэл санаанд хоногшин үлдэж хожим айл өрх толгойлж нүүх үеэр хэзээний танил юм шиг сэтгэлд тодхон бууна.
Их монголын элсийг туулахын тулд Сүвний аманд тулж буугаад шөнөжин нүүдэлд бэлтгэнэ. Тэгээд үүр цүүрээр ачаалж, харуй бүрий болсон хойно дөхөж буугаад хэд хоносноо   дахин нүүнэ. Энэ үеэр малаа адуулан өдөр шөнөгүй хөөцөлдөж байх нь ёстой л идэр эрийн хийморь жавхаа мэт санагддаг сан. Одоо ч гэсэн тэгж нүүдэг. Тэгэхдээ урьдынхтай адил хүүхэд шуухдаа тэмээнд ачаад явдаггүй.
Тураг мал, хүн хоёр элс огтолж амжаагүй явахад гэр орон, авгай хүүхэд элсний адгаар тойрон хурдан тэргээр өдөртөө давхиж очоод аль хэдийн гэр орноо барьчихсан урдаас угтах болжээ.
Дээхэн үед чоно нохой ч их байж дээ. Тэр үед манай нутгийн нэгэн давсалдаг эр тэртээ нутаг уруу нүүж яваад өглөө эрт шинэ цаснаар азарган чононы мөртэй таарсан тухай шог яриа ч хүртэл бий.
Тэр эр нөгөө чонын мөрийг дагаад явж байтал нэгэн манхны орой дээр хүн сууж байгаа харагдаж гэнэ. Морин дээрээсээ дурандах хооронд нөгөө хүн нэг юм үүрээд далд оржээ. Араас нь агсам борлогынхоо туурайг тачигнуулан давхиулсаар  очтол үүргээ хаяад цааш нь зугтахыг ажваас чоно байсан аж. Мориндоо ташуур өгч гүйцэж очоод уургалан авч чирсээр нөгөө хаясан юман дээр эргэн ирвэл морь нь үргээд ойртуулсангүй гэнэ. Тэгэхлээр нь чоноо ид бад хийгээд Морио давирсаар дөхөж очвол тэр нь унага байжээ. Буугаад үзвээс тэртээ нутаг гарахдаа урьд жил нь гээсэн эрмэг хүрэн гүүний эр зээрд унагыг хар суран ногтоор нь хүлээд үүрч явсан юм санжээ. Чоноо гэдэг хүний ухаантай амьтан шүү гэсэн юм гэдэг.
Манай нутгийнхан ийм л наргиантай бол наргиантай, ажилтай бол ажилтай, амтай бол амтай хүмүүс
Ц.Намхайнямбуу /"Хонины хишиг" номноос, 1988 он/

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats