Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Бага насны найзууд
Бид багадаа чулуугаар айл гэр барьж, хомоолоор адуу мал өрж тоглоод бороо цасанд норгохгүй хэмээн бүтээж явдаг байлаа.
Хангай говь хосолсон манай нутгийн айлууд жилийн дөрвөн улиралд малын аяс даган нүүж сууна. Нэг айлтай айл саахалт бууж овоо удаан ижий ахай болно. Хүүхдүүд нь  хоорондоо найзална. Тэгж байтал салаад нүүнэ. Хөөрхий дээ холцруутсан бор хацартай, можгор бор гартай бидний хэдэн багачууд олж цуглуулсан сонин хачин чулуу, зассан шагай, шаазан ваарын хагархай голдуу тоглоомыг бие биедээ бэлэглэж хонь малаа туун доголон нулимстай  салж одно. Манайх Гэлэг гэдэг олон хүүхэдтэй айлтай юм л бол айл саахалт бууна. Тэднийтэй ойр нутаглах шиг  баярт үйл явдал бидний   хувьд тун   цөөн.
Тэдний Жигжид гэдэг жаахан шар хүү надтай чацуу  болоод ажил төрөлд нэн гавшгай сан. Түүнд олохгүй тоглоом, үзэж харахгүй мал гэж огт үгүй. Өдөржин бидэнтэй хамт завгүй тоглосон мөртөө бусад нь анзаараагүй юмыг анзаарна. Хэчнээн тоотой адуу мал хаагуур усанд ороод гарсан, хэний хонь хаашаа бэлчсэн, ямар морьтой хүн хэнийд буугаад мордсоныг хүртэл андахгүй мэднэ. Хөдөөний багачууд хэн маань ч дөрөв таван наснаасаа морь унаж сурна. Жигжид маань хурдан морь унаж, хуй салхи шиг давхиулна. Эмнэг дааганы нуруун дээр шалзан хадаас шиг тогтоно.
Жигжид шиг яаж авхаалж самбаа, авьяас чадвартай болъё доо гэхээс нойр үл хүрч, өглөө эрт босно. Тэр үеийн багачууд бид бие  биенийхээ аль сайныг дууриаж  яавал түүн шиг болох вэ гэж мэрийдэг байлаа. Тэгтэл тэр маань нас бие гүйцэж цэргийн албанд тэнцээд  Ховдын хязгаарт очиж алба хаах үеэр түүний ангиас манай суманд талархлын бичиг ирдэг байв. Жигжид маань малчин удмаа залган хонь малладаг олон хүүхэдтэй сайхан айл болсон. Тэдний ажилсаг хүүхдүүдийг харахаас, аалин бага  нас минь эргээд ирсэн шиг санагдах удаа ч надад гардаг юм.
Бидний хэдэн банди нар барилдах их дуртай байжээ. Гэр гэрээсээ өвөртөлж ирсэн ааруул, ээзгийг чулуун дээр  идээ болгож засаад,  охидоороо засуул тавьж цол дуудуулан талцаж аваад барилдаж гарна. Шаалай гуайн Лхагва гэдэг жаал бүгдийг хаяна.
Тэр унаган махаа гээгээгүй хөөрхөн хөрслөг зузаан биетэй цээжиндээ бяртай хэнийг ч барьж аваад баруун солгойгүй тонгорно. Эцэтлээ барилдсаны дараа цангасан бид нар Лхагвагаас хишиг гуйна. Тэгэхэд тэр өвдөг дээрээ сөхрөн сууж, их л намбархуу байдлаар хувь тараан:
— «Чи хө тэгж барилд, тийм мэх хий!» гэж сургаал айлдана.
Өөрөө бөх болно хэмээн итгэж, бид ч итгэн харж байсан Лхагва маань бөх болсонгүй малын их эмчийн мэргэжил эзэмшин, эхнэр хүүхдийн аяыг дагаад Булган аймагт очиж ажилласнаар тэр нутгийн хүн болон идээшжээ. Лхагва хааяа нэг төрсөн нутагтаа ирж багын найз бидэнтэйгээ уулзан бага насныхаа хөгийн явдлаа ярьж  бөөн инээд  хөөр болно.
Бидний багад анчин хүмүүс цөөхөн байсан ч юм уу эсвэл тарвага зурам ховор байсан ч юм уу бүү мэд тарваганы мах гэхээр «Чихээ огтолж өгөхөд бэлэн» гэхээс буцахааргүй идэх гэж хорхойсдогсон. Юнрэн гэдэг айлынх олон хүүхэдтэй. Тэдний нас биед хүрсэн харчууд нь тарвага агнана. Надтай чацуу Бүүвэйхүүтэй нь хамт би аргалд явна. Тарваганы гуя хаа өгьө гэвэл би гүйж шогшихоос наахнуур хэд ч хамаагүй аргал түүх ажилд явна.
Бүүвэйхүүгийн ээж сайхан зантай налгар авгай хүний өөрийн гэхгүй бүх хүхдүүдэд тарваганы мах тэгш хувааж өгнө. Тэр  ах нараа дагаж  гэнэ тарөаганд явна. Дараа нь эгтэй л амьд тарвагатай гар барьсан нь халаг сүртэй сонин адал явдал ярьж, миний хорхойг хөдөлгөнө.
Намайг гайхаж шохоорхох тусам улам ч давсалж гарна.  Бүүвэйхүү нэг өдөр тарвагачин болсноо надад үзүүлэх юм болж бид хоёр хонины хишиг тааруулж байгаад, чавх ганзаглан мордож билээ. Тэгээд надаар шар хомоол түүлгэж байгаад нэг нүхний аман дээр хавхаа их л сурмаг тавив.
Орой нь бид хоёр хонио гэр зүглүүлж орхиод хавхаа эргэхээр давхиж очвоос тавьсан газраа алга. Мөр нь гуу уруудан арилжээ. Хоёул оройжин эрж хайсаар олбол хоёр чулууны завсарт нуугдсан хавхтай тарвагыг харалгүй хажуугаар нь өнгөрөөд байжээ. Томоос том бурхи биднээс нүдээ салгахгүй отоод байх шиг санагдана. Модоор чичлэхид модны үзүүр үмхэн авч чахран дуугарах нь нэг л жийрхмээр. Янз бүрээр оролдсоны эцэст арайхийж гаргасан боловч алах аргаа мэдэхгүй удлаа.
Тэр маань ах нараа даган эзээгүй анд явж байсан юм гэсэндээ арай чүү учры нь олов. Бүдүүн бурхи ганзагалсан додигор анчид мордох үеэр хэдийн бүрий болсон байв.
Хонь яасан бол гэсэн бодол сэртхийтэл орж, яаран давхилаа. Гэртээ ойртож ирвэл хоёр хонь нийлээд хотны найp эхэлсэн байв. Ямар шан хүртэхээ ч бид хоёр төсөөллөө. Арай зөөлөн байж магад гээд манайд бууxaaр шийдлээ.
Надтай тэгж явсан Бүүвэйхүү найз маань одоо ч гэсэн мал маллан, шаггүй анчин гэгдэж, малын заяа тэтгэсээр өрх гэр толгойлж явна. Хөх ногоо жигдэрсэн дэлгэр нэгэн зун манайх Тариатын гол гэдэг газар зусаж байлаа. Ээж нэг өдөр намайг дуудан, «Айлын нүүдэл тосож  цай өг " гэж данх цай, тавагтай идээтэй явуулав. Энэ нь хүүхэд бидний хувьд зугаатай ажлын нэг.  Хань хамсаатан мундах биш, манай хотын багачууд миний юмнаас дэмнэлцэв.
Сайхан хээр морьтой өндөр авгай ачаа хөтөлж бурантаг даялан бид нар уруу ойртоно. Араас нь хонь, адуу. үхэр нь гүйцэж ирлээ. Малтай, бүлтэй тэр нүүдэл бидэнд их зугаатай юм шиг санагдана. Намхан нуруутай, лагс зузаан биетэй бор хүн мориноос бууж цай уунгаа «Чи тэдний хүүхэд үү? Тэр эдний охин уу?» гэж биднийг эцэг эхийн нэрээр дуудах нь хэзээний танил бололтой.
Нүүдэлчдийн дунд хоёр салаа гэзэгтэй, онигордуу нүдтэй, горзгор бор охин морь унаж явсантай бид хэдэн уг сольж амжив. Эргээд гэртээ ирсний дараа ээж маань
— Юмжав гуайнх нүүж ирж байна. Малч сүрхий улс байгаа юм. Тэр бор охин чинь чамтай чацуу, «хулгана»-тай юм шүү дээ гэв. Хүүхэд бидний наадам, наадгайн ам бүлд Пилжээ гэдэг нэгэн охин ингээд нэмэгдэх нь тэр ээ.
Ээж Юудан нь нутагтаа нэрд гарсан ажилсаг авгай. Залуу зандан насандаа морь уургалж, адуу манан, эмнэг хангал сургаж, хүний бариагүй ороог барьж, үеийн залуусаа ичээж явсан юмсанжээ.
Манай нэгдлийн ууган гишүүн энэ хоёр хөгшин эдүгээ энх тунх аж төрж байна. Пилжээ бид нар хожим нь сургуульд орж нэг ангид хамт сурсан бөгөөд одоо хотод нягтлан бодогчийн ажилтай, бүлэрхэг айл явна аа.
Багадаа үерхэж явсан нөхдийн талаар өгүүлэх зүйл их боловч тэр бүгдийг дурдах боломж хомс тул нэр гараагүй нөхдөөс   уучлал гуйя.

Ц.Намхайнямбуу /"Хонины хишиг" номноос, 1988 он/

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats