Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Малд нүдтэй хүү
Намайг бага байхад том улсууд «Овоо малд нүдтэй хүү юм» гэж хөхүүлэн сайшаадаг байлаа. Тэр уг ажил амьдралын минь алсын харгуйг зааж соёрхсон болов уу гэж боддог.
Би нэг үзсэн малаа эргэж хараад ер нь л гадарландаа.
Нутгийнхны алдсан, сурагласан малын хаа байгааг олж үзээд болж өгвөл хэлж туслахыг хичээнэ. «Малаа нэг бүрчлэн таньж байж маллахгүй бол ямар малчин гэх вэ?» гэж аав маань ярьдаг сан.
1961 онд 4 дүгээр анги төгсөөд намайг хөдөө гарч байх тэр үед заавал 7, 10 дугаар анги төгс! гэх юм уу сургуулиас гарч мал малла! гэж шахаж шаарддаггүй байсан.
Намайг дөрөв төгсөх жил манай ангийн гурав дах багш Шагдар гэдэг өндөр бор залуу хүлээж авлаа. Аав  намайг нэг удаа эргэж ирэхэд Шагдар багш уулзаад:
— Цэрэндаш гуай хүүгээ сургуульд явуулна биз дээ? Танай хүү хичээл сургуульдаа овоо юм онц төгсөх болов уу гэж найдаж байна гэхэд нь аав дуугүй байдаг зангаараа хамрын тамхиа татаж хэсэг сууснаа — «өөрөө л мэдэг дээ!» гэчхээд мордоод явчихаж билээ.
Би ч ёстой өөрөө өөрийгөө мэднэ гээч болж хөдөө гарлаа. Би мал маллаж амжилт гаргая ч гэж бодсонгүй сургуульд явж эрдэм сурсангүй ч гэж гомдсонгүй.
Тэр үед эвлэлийн илгээлтийн    талаар яриа rapaaгүй байсан үе. Хожим нь МХЗЭ-д элссэний дараа илгээлтийн эздийг дэмжих асуудал гарч, хөдөө мал маллаж байсан залуучууд биднийг энэ хөдөлгөөнд хамруулан амжилт бүтээлийг нь дэмжих болсон юм.
Би  1965 он хүртэл эцэг эхийн амыг харж хий гэснийг нь хийчихнэ. Яв гэвэл явна. Хөнгөн шингэн болоод ч тэр үү  амьтан ах дүүст баахан зарагдана. Айлд нүүдэл ачаалж өгнө. Малыг нь тууна. Гэр барихад тусална. Адуу малаас нь  эргүүлэлцэнэ.
Эцэг эхийн үгнээс гарч морин дэл дээгүүр энгэр яран хэнэггүй давхидаг банди нарыг бодвол бүрэг ичимтгий гэрээс  гардаггүй нэртэй томоотой нэгэн байжээ.
Намайг аргал түүж явах үеэр зарим залуучууд ардаг ТАРГАН  морьтой, уурга барин давхиж ирээд, жаал доог тохуу  хийж байснаа тоос манарган одоход  эмгэд    хегшид өмөөрөн тал өгдөг байлаа.
1965 оны хавар «Ер нь би хүнээс юугаараа дутах юм бэ?  Муусайн хөндий цээжнүүдэд эр хүн болсноо үзүүлээд өгье! (Миний үеийн залуучуудыг хэлж байгаа юм) гэж бодогдоод явчихлаа.  Тэгээд аавд нэг өдөр:
- Ааваа би мал туугаад ирье. Лхасүрэн ахтай   цуг явахаар тохиролцлоо гэхэд.
- Ээж аав уруу хараад дотроо дургүй бололтой дороо холхино. Аав дуугүй байдгаараа байж байж:
      -Өөрөө л мэд дээ хүү минь! Уул нь түшигтэй л хүн дээ гэв.
Энэ бол явахаа бэлд, би зөвшөөрч байна гэсэн үг. Би тэр орой эмээл хазаараа шинэ сураар сэлбэж явахад бэлтгэв. Ээж ч хөвөнтэй дээл хийж, монгол гутал уллав. Удалгүй мал мах авч «манай гал» суурь хонь хүлээж авлаа.
Мал туух тийм ч хэцүү биш санагдав. Өдөр шөнөө дааж хонио хариулна. Манаж хоноод 2 өдөр өнжинө. Өнжсөн өдөр заримдаа нүүнэ. Заримдаа майханд өнжиж ойр зуурын юм хийнэ. Нутгаасаа гарч үзээгүй надад байгалийн үзэсгэлэнтэй Архангай, Булган аймгийн нутгаар дайрч олон даваа давж гол мөрнийг
туулан, янз бүрийн хүнтэй уулзан явахад зугаатай сайхан санагдана.
Тэр зун би овоо хэдэн ном уншсан юм байлгүй, ном уншдаг залуу гэсэн нэр авав
 Л. Лхасүрэн гуай:
— Намхай хоёулаа ирэх жил мал тууна шүү. Эр хүний жаргал эзгүй хээр гэдэг юм. Нэгдлийн хэдэн шээгтэй эм хонь сахиж сууснаас хавьгүй дээр, дор хаяад улсынхаа нийслэлийг жилдээ нэг үзээд бөөн цөөн хэдэн төгрөг  өвөртлөөд ирэхээр эр хүн хөлждөг юм. Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз гэдэг биз дээ гэж ирээд л сэнхрүүлдэг сэн.
Гэвч аавын бив хэзээний тааруу, архаг хууч нь хөдөлснөөс болоод дахиж явах боломж гараагүй билээ.
-Ганцхан удаа явсан ч гэсэн тэр удаагийн туувар маань надад ихийг ойлгуулсан. Үдшийн бүрийгээс өглөөний гэгээ ортол малын дэргэд явахдаа олныг бодож «хүн ажил хийж мөнгө олж амьдралаа дээшлүүлдэг юм байна» гэсэн бодол эргэлт буцалтгүй өгсөн юм.
Аливаад хүнийг сургаж, амьдралын ухаан заасан «алтан шар зам» гэгч яасан өлзий дэмбэрэлтэй нэр вэ гэсэн шиг    надад бодогдов.
Туувар туусны хойтон жил 1966 оноос эхэлж суурь толгойлон мал маллах  боллоо.

Ц.Намхайнямбуу /"Хонины хишиг" номноос, 1988 он/
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats