Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Багшийн сургаал
Өөрийн бодол    өөртөө зөв хойно эр хонь авч маллан улсын бэлтгэлд тушаах жинг нэмэгдүүлж  болмоор санагдлаа. 1969 онд эр хонь аваад дотроо ихээхэн тооцоо хийж амлах бэлтгэл хийлээ. Чин үнэндээ «Улсын аварга» болох хорхой хүрээд, уул ажил сэтгэлд багтаад байсан хэрэг л дээ.
Гэтэл нутгийн хашир малчид зэмлэдэг юм байна. Малчин Ч. Юмжав, Ц. Лхагважав гуай хоёр дундаа   суулгаж байгаад:
-    «Эр хонь төллүүлэхээр» шийдэв үү хө! Боддог л бодол доо.
Чамайг хүмүүс мал төллүүлж дийлэхээ байгаад чөлөө гуйсан гэж жиг жуг гээд байна. Эр хонь чинь жингээ нэмхээс толгой нэмдэггүй шүү дээ.
Ер нь чи ажил хийе гэж бодож байгаа хүн үү?
Бушуухан гавьяат мавьяатан болох гэсэн хүн үү? гээд зэмлэн ёжилж гарлаа.
Би ч тэр үедээ дотроо дургүйцсэнээ гаднаа илрүүлсэнгүй.
Xариад бодлоо. Нээрээ л мал өсгөе гэвэл эм хонь авах нь зөв санагдаж өөрийн будилж явааг ойлголоо.
Зун авсан эр хонио намар нь өгчихөөд эм хонио эргүүлж авлаа.
«Хөдөлмөрийн баатрын болзол биелүүлнэ гээд амлалт авчихья байз» гэсэн бодол толгойноос гарахаа байлаа. Л. Санжжав багшийн уруу нэг орой гараад давхичихлаа.
Багштай зөвлөж хонолоо. Тэгсэн чинь багш маань.
—    Болноо болно. Тэгэхдээ ингэвэл яана, тэгвэл яана гээд хэсэг санаа хэлээд орхив.
Ер нь манай багш хүнд юм ойлгуулахдаа сайн, яруу тод ярьдаг «Өө хө ингэхлээр..» гээд жишээ их татдагсан.
Чи хө аавтайгаа зөвлө. Ганболд гуай бид хоёр чамайг юм бодож байгаа байх гэж саяхан уулзахдаа ярьж байсан  юм гэж билээ.
Би нэг орой аавдаа ердөө л хөдөлмөрийн баатрын болзол хангах үүрэг авах саналаа яривал:
—    Тэгж болохгүй ээ. Энэ сайхан нөхцөл бололцоо, хамт олон байна. Чи дөнгөж 20 хүрэх гэж байна.
Тэгэхээр 60 хүрэхдээ 2 түмэн хонь өсгөх ч боломж байна.
Тооцоо судалгаа хэрэгтэй гэдэг байна шүү. Би аавыг ингэж хэлнэ гэж бодоогүй болохоор ихэд балмагдан цочиж билээ.
Маргаашнаас нь хонины бэлчээрт тооцоо хийж гарлаа. 1970 оны хавар сумын төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт дээр үг хэлэхдээ «20 Жилийн дотор түмэн цагаан хонь төлөөр нь өсгөж өгье» гэж амлалт авлаа.
Амлалт ч дороо тархан газар авлаа. Хүмүүс янз янзаар   ярьж байлаа.
«Эр хүний боддог л бодол ер нь бид даанч тооцоогүйгээс биш түмэн төл өсгөө биз ээ» хэмээн нэг хэсэг нь ярьж байхад «За за аль хоосон амлаад өнгөрдгийг тэр гэх вэ» гэж нөгөө   хэсэг нь үгүйсгэнэ.
«Амлалт л авч байвал сум орон дэмжээд, нэг л мэдэхэд “биелүүллээ” гээд   рапортална биз гэж мэдэмхийрэх хүн ч гарав.
Гэвч  түмэн олныхоо тус дэмжлэгээр амжилт гаргана гэдэгтээ   би бат итгэж байлаа.
Хожим нь Санжжав багш тааралдаад:
-За дүү минь чи алсын зорилго   тавьж, олны өмнө их ажил амласан хүн, нас залуу байна хичээх л юм бол нэг л мэдэхэд амласан    чинь  биелнэ. Ялангуяа уйгагүй нямбай  ажиллан, малаа    байнга ажиглаж, малынхаа аясаар  маллах хэрэгтэй байдаг юм. Нутаг үзэхэд өвс бүрийг  хэмжих биш, нүдээр харахад нар ташуу үед өндөр өвсний  шүүдэрт  нийт өвс тийм л өндөр юм шиг харагддаг.
Иймд үд  дунд л нутгаа үзэж бай. Буух газраа оллоо гэхэд аль талд нь гэрээ барих, хаана нь хонио хотлохоо сайн бодож бай.
Ядаж  морио аргамжаад сурвал их л эрдэм шүү дээ гэж хэлж билээ.
Ийм том амлалт авчихаад, яаж биелүүлэх тухайгаа хичээнгүйлэн бодож суухад, баатар багш 3.Очирын
-Амжилт санасан зоргоор өөрөө ирдэггүй юм. Түүнийг тэсвэр  тэвчээрээр олдог. Эмээлийнхээ олом, дээлийнхээ бүсийг чангал гэж хэлж   байсан нь чихнээ сонстох шиг болж билээ.

Ц.Намхайнямбуу /"Хонины хишиг" номноос, 1988 он/

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats