Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Том амжилт
Хорин жилд түмэн   цагаан хонь өгөх юм. Яах аргагүй том зорилт доо. Хүн зорилгоо тодорхойлохоор    аргаа аяндаа сонгоно. Аргаа олсон хүн амжилт олно. Амжилтаа бататгахаар  биелүүлнэ. Ийм л чиг барьсан юм. Миний амлалт бол  Монгол Ардын  Хувьсгалын 50 жилийн ой угтсан, нам засгаас  авч явуулж байсан чухал арга хэмжээг биелүүлэх асуудалтай нягт уялдаж байсан юм. Манай  оронд  эх орны хөдөө аж ахуйг хөгжүүлэх   мал аж ахуйн  материаллаг баазыг бэхжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, мал маллагааны арга барилыг өөрчлөн  сайжруулах тал бүрийн дэс дараатай арга хэмжээ    авч байгаад малчин бид  баяртай байдаг билээ.
Нөөц бололцоогоо дээд хэмжээгээр  дайчлан зохистой ашиглаж, хөдөө аж ахуйн материал техникийн баазыг цаашид бэхжүүлэх үндсэн дээр Y таван жилд малын тоог 11 хувиар өсгөх зорилт тавьсан юм.
Мал аж ахуйн  суурь бүр 100 хээлтэгч тутмаас 85 ботго, 70 унага, 85 тугал, 95 хурга, 90 ишиг бойжуулж авах зорилт дэвшуулэв.
Нэгдэл, САА-н тэргүүний мэргэжилтэн ажилчдын төрөлжсөн зөвлөгөөн, «Мал маллах сайхан» бүсийн зөвлөгөөн ,«Ган хөлгийн эзэн» чуулга уулзалтыг зохиолоо. Улс орон даяар малаа өсгөх, түүний ашиг шимийг бүрэн ашиглах хөдөлгөөн өрнөсөн байхад, том амлалт авсан миний хувьд мэрийн хичээх зүйл их боллоо.
Чухамдаа надад асар их хүч зориг сэтгэлийн тэнхээ өгсөн юм. Би эх эцэг хоёрын хамт малаа маллана. Ээж  маань хэзээнээс өвчин зовлон хэлэхгүй хөнгөн гавшгай хүн болохоор надад найдвартай түшиг   болж байлаа.
Аав хааяа нэг жинтэй үг дуугарчихаад хонь малаас элбэлцэнэ. Эцэг маань бие султай болохоор эмнэлэг хөөцөлдөж  урт богино хугацаагаар явдаг байлаа.
Дүү Бямба овоо тустай байснаа цэрэгт явлаа. Отгон дүү маань сургуульд суулаа. Ингээд л ээж бид хоёр амлалтынхаа нурууг нугалж байлаа шүү дээ.
Манайх 486—590 эм хонь ямаанаас 469—590 төл авч эхннй 6 жилд буюу Y 5 жилийн эцэст 2907 эхээс ЗЗ63 төл авч нийтдээ 356 төл илүү өсгөн амлалтынхаа гуравны нэгийн ард гарчихлаа.
Урам зориг орлоо. Тооцоогоо нарийвчлан хийж үзэхэд амласнаасаа 3—4 жилийн өмнө биелүүлэх тооцоо гарч байна.
Ээж аав хоёрт энэ байдлаа хэлбэл. «Хүү минь амлалтаа, биелүүлсэн цагт л бол. Яагаа ч үгүй байхад дахин cүр болж зарлах гээ юу?» гэдэг байна. Үнэндээ би амлалтаа зарлах гээгүй, миний тооцоо зөв байжээ.
Түмэн олны дэмжлэгээр зорьсноо биелүүлж болохыгоо урьдчилан тооцсоноо л ярьсан хэрэг л дээ.
Манайх Сонгино хайрханы «Хонгилт» гэдэгт өвөлжөө засаж тохижуулж авлаа. Мал маллах жаахан дөр сууж эхэллээ гэх үү дээ ямар ч гэсэн жилийн дөрвөн улиралд малаа яаж маллах, цаг агаарын байдлыг ажиглан бэлчэрээ хуваарилах зэрэгт сурч эхэллээ.
Энд тэндээс сурвалжлагч, малчин залуучууд ирэх, захидал,  цахилгаан илгээх нь олширлоо.
Хониныхоо аяс даган бэлчээн хариулж хотлуулдгаас илүү юмгүй надад хүнд хэлчих юм олдохгүй хэцүү л байлаа.
Зарим сурвалжлагч өөрөө мал мэдэхгүй хэрнээ мал маллах тухай хэсэг юм бичиж өгөөд унш гэнэ. Угийн яриа МУУТАЙ  би уншиж  чадахгүй будилж   цагийг   нь барж уцаарлуулдаг байлаа. Сум, аймагт хуралд очно, дарга нар урьдчилан юм бэлтгэн бичиж өгнө. Би түүнийг нь ба, бэгүй уншиж гарна
даа.1974 онд кино журналын зураг авлаа. Тэр киноны хүмүүс намайг их зовоогоогүй, байгаа юмыг байгаагаар нь    авсан шүү.
Заримдаа өөрийн бодож санаснаа хэлчихмээр, бичиж өгсөн үгнээс зөрмөөр санагддаг боловч зүрхэлдэггүй байлаа.
Одоо эргэн дурсахад тэр үед дээд удирдах хүнийхээ санаа бодолд зохицуулан алба залгуулдаг зохисгүй байдал  газар авсан байсан юм билээ.
Xөдөлмөрийн баатар М. Ганболд багш маань нэгэн хурлын дараа, хүү минь малчин хүн малынхаа тухай илүү сайн  мэддэг юм. Бичгийн чадвараар мал малладаггүй, хуурай хоосон   гоё үгээ багасга. Үүнээс    хойш хэлэх гэсэн юмаа цээжээрээ зүгээр л хэлчихэж бай. Цаасан дээр ажлаа буулгаад, түүнийгээ дуржигнатал уншихад илүү шат дамжлага болно гэж билээ.
М. Ганболд гуай бол яриа хөөрөөтэй, нутаг орныхондоо нэр хүнд сайтай, ажлыг ингэж хийдэг юм, тэгж болохгүй, яавал дээр вэ гэдгийг байнга ярьж, санаа бодлоо нэмэрлэж байдаг амьдралын нарийн ухаан ихтэй хүн байж билээ.
Ер нь «мал» гэдэг номыг малын хороо хэвтэр, бэлчээрт  судалдаг,  малчин гэдэг хүн «тусгай мэргэжилтэн» байдаг. Зэргэлдээ хоёр сумын    ажил зөрүүтэй байх нь аргагүй юм билээ.
Чухамдаа зэрэгцээ хоёр хамрын ар өврийн бэлчээрийн ургамал малын хариулга  хүртэл өөр өөр байдаг. Иймд тэр энэ баатрын туршлага гэж шууд хуулан, тулган эзэмшүүлж, гэрчилгээ олгож болохгүй. Туршлага гэдэг тухайн хүний ажлын хэвшсэн сайн арга хэлбэр юм.
Түүнийг судалсан хүн өөрийн нөхцөл байдалд тохируулан санааг нь хөгжүүлж, хувийн арга барилтай болох нь чухал.
1972 онд надад БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Ч.Нацагдорж, М. Ганболд нарын туршлагыг өөрийн ажилдаа эзэмшсэн гэсэн гэрчилгээ олгосон.
Чухамдаа тэр хүмүүсээс би одоо хүртэл сурч байгаа бөгөөд хэрэв үнэхээр эзэмшсэн бол миний амжилт илүү давуу байх сан болов уу гэж боддог.
Намайг намд элсэхийг зөвлөхөд нь би ажлаа сайжруулж боловсролоо ахиулах гэж хэрдээ их л мэрийж байж билээ.
1977 он миний амьдралд онцгой үйл явдлаар дүүрэн он байлаа. Ардын Их хурлыг сонгох 9 дэх удаагийн сонгуулиар Завхан аймгийн Сонгино Хайрханы 205 дугаар тойрогт БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар нэр маань дэвшүүлэв. Тэгэхэд тэр их нэр хүндийг даах болов уу гэж бодохоос дөнгөж 27 нас хүрч яваа надад үлгэр домог юм шиг санагдаж өөрийн хүчиндээ итгэж ядан тун их балмагдсан юмдаг.
Намын их хурлын тайлан илтгэлд: «Тус их хурлын ажилд манай социалист хөдөө аж ахуйн гарамгай хүмүүс, ахмад болон залуу үеийн малчин, тариаланч, мэргэжилтний төлөөлөгчид оролцож байна. Тэдний дотор хөдөлмөрийн баатар алдарт хоньчин Цогтгэрэл, хоньчин нөхөр Ц. Намхайнямбуу, хөдөлмөрийн баатар, алдар механикжуулагч нөхөр М. Алтангэрэл зэрэг олон хүн байна» гэж миний нэр ороход хажуу дахь хүнээсээ ичих шиг болж арай биш байх, биш л байж таарна. Адил нэртэй хүн алийг тэр гэх вэ? гэж бодож суулаа.
Хурал завсарласны дараа эхлээд манай аймгийнхан, дараа нь таних танихгүй хүмүүс ирж аугаа их гавьяа байгуулсан юм шиг гар барихад сая л миний нэр мөн байна гэж бодсон.
Ард түмнийхээ итгэл найдварыг хүлээж төрийн эрх барилцах боллоо. Зөвхөн хонио маллан, бэлчээрээ сонгон тооцоо хийж явдаг идэвхтэй малчин бус  Ардын Их Хурлын депутат хүнд хөдөлмөрчдийн    эрэлт хүсэлт хүлээж авах, түүнийгээ барагдуулах, депутатын захиас биелүүлэх хурал чуулганд явах олон ажил нэмэгдлээ.
МХЗЭ болон бусад олон нийтийн байгууллагуудад хүлээсэн сонгуульт үүргээ биелүүлэхийн тулд цаг гаргах БОЛЛОО. Т эр бүх ажлын цаана малаа сайн маллах хэрэгтэй байлаа.
Отрыг  хавар, зун, намар гэж төрөлжүүлэн хийдэг туршлага гарч өвлийн отрыг Их монголын элс давж хийх болов. (Манайхан «Тэртээ» гэдэг) би ч гэсэн 1972 оноос тэртээ нүүж   өвөлжин заасан өвөлжөөгөө хавар нь ашиглах боллоо.
Манайхан өвсний соргог, усны цэнгэгийг даган жилдээ  20-40 удаа нүүнэ. Ялангуяа зэргэлдээ Сантмаргац сумын    хөдөлмөрийн  А. Арьхад тэргүүтэй малчид оторлох ажлыг хошуучилж нутгийн үүлдрийн   хонины ашиг  шимийг бүрэн ашиглахын  жишээг үзүүлж байв.
Манай голын малчин Ч. Төмөр, С. Шатархүү, Г. Жигжид нар ч сайн малчин болохоо харуулж өмнөө тодорхой зорилт тавин ажиллах болсон юм.
Залуу нөхөд   маань захидал ирүүлж хэвлэлээр зөвлөгөө өгөхийг  хүсэхэд нь.
Завхан аймгийн «Туяа» сонины 1972 оны 39-рт “Залуу малчны захиа”, “Залуу үе” сэтгүүлийн 1973 оны 3 дугаарт “Хоньчны захидал”,”Үнэн” сонины  1978 оны 231 дүгээрт “Ариун цагаан хөдөлмөрийн минь үр” гэсэн захидлыг хэвлүүллээ.
Ирсэн захидал, цахилгаан, ил захидалд хариу өгнө гэж бас  нэг  том алба нэмэгдэв.
Гэхдээ одоо ч гэсэн би чадвал хувиараа хариу өгөх хэт олширсон үед арга буюу нэгтгэн сонин хэвлэлээр хариу өгөхийг эрмэлздэг бөгөөд үнэн чанартаа энэ олон захиа цөм намайг хүндэтгэсэн хүндэтгэл, халамж, итгэл найдвар гэж ойлгодог.
Миний энэхүү бичиж, эрхэм уншигч та нартаа зориулж байгаа  өчүүхэн дурсамж ном бол мөн л та бүгдийн надад бичсэн ОЛОН арван захидал,   асуултын хариу юм шүү дээ. УЛС   ардын аж ахуйг хөгжүүлэх YI таван жилийн төлөвлөгөөний эхний жилүүдэд миний ажил өөдрөг байсан.
Ээж, аав    хоёр өтөлж тэнхээ тамир нь муудаад л, миний ажил алба ихдээд л... Нэг үгээр хэлэхэд зарим үед тун зазгадангуй байх боллоо. Аав заримдаа “Хүү минь орон гэр болооч!” гэнэ. Ээж ажлаа барахаа байгаад бухимдахдаа би ч бэрийн заяагүй хүн юмаа.
Үнээ малаа ч бүрэн сааж чадахгүй нь. Амьд дээрээ утаагаа үзүүлдэггүй хүн юм байх даа гэнэ.
Үнэндээ миний амьдрал ганцаардах янзтай болж, аргагүй л амьдралын хань шаардагдах болов.
Эгч нараараа  хагархай цоорхойгоо хатгуулна. Тэд ч гэсэн олон хүүхэдтэй болоод ч тэр үү бас л үглэнэ. Хүний амьдралыг цаг хугацаа гэж нэг лут хууль захирдаг хойно яая гэх вэ явж л байлаа.
1973 онд намайг нэгэн жилд 2 удаа засгийн    газрын жуух бичгээр шагнав.
Баярласнаа хэлээд яах вэ. Хөл газарт хүрэхгүй байлаа. Гэтэл 1976 оны 3 дугаар сард “Алтан гадас” одонгоор шагналаа.
Юу хийсэндээ улсын энэ их хайр хишгийг хүртэж байна даа? гэж өөрөө өөрөөсөө асуухад хэлчихмээр олигтой хариу үл олдоно.
Ямар ч гэсэн чадлынхаа хэрээр зүтгээд байх л хэрэгтэйг ойлгож байлаа.
Манай нутгийн ахан дүүс намайг гавьяа шагнал хүртэх бүрд өөрсдөө шагнуулсан мэт баярлана. Ухаан тэлэхээр сургамж өгч,урам хайрлана.
Манай нутгийн дээр үед зэгсэн малтай явсан нэг буурал  эмгэн  намайг хонио услаад тээр холуур  өнгөрч явахад даллаад болох биш. Би хонио тогтоогоод шогшуулж очлоо.
Тэгсэн тос холиод /хайлмаг хийж/, цай чаначихсан сууж байна.
Намайг учиргүй дайлж цайлж гарахад нь:
—    Танайх чинь юу болоод ингэтлээ сүйд майд болоод байгаа билээ? гэхэд
—    Өвгөөн нөгөө шилтэйгээ гарга хө.  Манай нутгийн хүү Их Хурлын депутат боллоо. Тэгээд сая «Алтан гадас» одонгоор энгэрээ мялаалаа. Яаж зүгээр байх вэ дээ гээд мөнгөн аяганд шимийн архи мэлтэлзтэл дүүргээд хадагтай барьж билээ.
Өвгөн нь хүд хүд инээн тамхиа нэрж:
—    За хүү минь тогтоочих
Хөдөлмөрийн баатрын бариа чамд тун ойрхон байна. Ах нь мянган малтын «Мөнгөн   хувин» хүртэх гээд чадаагүй юм. Уул нь чам шиг залуу байсан бол нэг үзээд алдмаар  л байна. Гэхдээ манай нутагт тэр хувингаас бас ч  нэг бий шүү гэв.

Ц.Намхайнямбуу /"Хонины хишиг номноос, 1988 он/
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats