Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Эвлэл дэмжлээ
Тиймээ, намайг МХЗЭ хүмүүжүүлж, дэмжин   тусалж дээшлүүлсэн  юм.   Эвлэлээс анхныхаа   шагналыг авсан   би зоригжин  эргэлт буцалтгүй ажилласан. Эх малынхаа тоог нэмэгдүүлэн 500 хүргэж төлөө бүрэн авах ихээхэн чармайлт гаргалаа.
1968 оны хавар намайг «ХАА-н Тэргүүний залуу алтан медаль», 1971 онд «МХЗЭ-ийн Хүндэт медаль», «МХЗЭ- ийн 50 жилийн ойн медаль», «Тэргүүний малчин залуу алтан медалиудаар хөхүүлэн шагналаа. МХЗЭ-ийн илгээлтийн ууган эзэн гэсэн хүндэт нэр хайрлалаа.
1970 онд манай суурьт МХЗЭ-ийн нэрэмжит үлгэр жишээ суурийн нэг дугаарын гэрчилгээ олгоход аав ээж хоёр минь хичнээн баярласан гэх вэ.
Бие муутай аав маань надаар уншуулан гардаж аваад, харж харж адис аван хоймрын    авдар дээрээ залчихаж билээ.
Би гэдэг хүн нэг их шагнал авсан энгэрээрээ дүүрэн медаль тэмдэгтэй мөртөө ажлын бүтээл маруухан байгаадаа ичин  өөрийгөө голох боллоо.
Сум орон ч их дэмжиж өчүүхэн амжилтыг минь үнэлж 1969 онд сумын аварга малчин цол олголоо. 1970, 1971 онд амжилтаа давтаж чадлаа. Тэгэхдээ л нэг сэтгэл дундуур томхон амлалт аваад, хүчээ соримоор санагдаад болохгүй байлаа
1971 онд Улаанбаатар хотноо болсон Монгол-Зөвлөлтийн  залуучуудын IV наадамд төлөөлөгчөөр оролцов. Тэнд л би залуу хүнд хийж чадахгүй, сурч мэдэхгүй зүйл үгүй юм гэдгийг ойлгосон доо. Залуу насны ид хавыг хөдөлмөрийн талбарт гайхуулдгийг ч олж мэдлээ. Миний «Малчин» гэдэг мэргэжил ямар их  хүндэтгэл хүлээдэг, хэчнээн хэрэгтэйг ухамсарлан  ухаарлаа.
Даpaa жил нь 1972 онд Москвад 120 гаруй орны хөдөлмөрчин залуучуудын төлөөлөгч оролцсон чуулга уулзалтанд оролцох завшаан тохиолдлоо. Сургаар сонсож, номоос уншиж, киноноос үзэж байсан алтан  Москвад зочлох болсондоо баярлалгүй яахав. Чухам тэр үед л би хотон дахь хонин сүрэг минь намайг түмний эгнээнд хүргэж, алс хол авчирч нүд тайлуулж байгааг ойлгосон.   
Их наадам хэчнээн сайхан байсныг хэлээд яахав. Гэхдээ л хонь уруугаа буцах хүслэн тийм их хөдөлж байхыг  анх удаагаа  мэдэрсэн юм. Ажлын амжилт бүтээлийн үндэс бол мэдлэг чадвар, гадаад хэл юм гэдгийг  ч ойлгосон. Орос хэл сурах хэрэгтэй болохыг өөрт  тохиолдсон хамгийн наад захын нэг жишээгээр хэлэхэд хангалттай юм.
Нэг  удаа «ГУМ»-д орлоо (Улсын их дэлгүүр) гар чийдэн авмаар санагдаад орсоор юу гэж нэрлэдгийг мэдэхгүй юм.   Худалдагч уруу нь хуруугаараа заагаад байлаа. Тэр  хавийн бараг арваад барааг уриалгахан авч үзүүлэв. Миний заасан гар чийдэнг оносонгүй, эцэст нь би өөртөө гомдлоо. Малчин хүн байж малтайгаа холбоотой хэдэн үг орсоор цээжлэх минь яав даа гэж өөрийгөө өөрөө зэмлэв.
Тэнд худалдаа хийсэнгүй. Орос хэл сурч байж, гар чийдэнтэй болоорой гэж сэтгэлдээ шивнээд «өөрийгөө шийтгэж» хоосон гарсан. Энэ тухай наддаа л орчуулагч Алтанхүүд (Угтаалын САА-н тракторч, хөдөлмөрийн баатар) хэлэхэд тэр маань намайг шоолон бөөн инээдэм болж билээ.
Миний хувьд инээд биш байв. Тэр уулзалтаас ирээд би орос хэл сурах гэж мэрийх болсон. Нэг сүрхий сурсан нь эс ч хонь мал, гар чийдэн гэх зэргийн яриатай болсоон.
Зөвхөн сурах төдийгүй соёлжилттой холбоотой «Өөрийнхөө бас нэг гашуун туршлагыг» нэрэлхэлгүй хэлмээр байна. Би тэр уулзалтад оролцох урилга аваад хонины бэлчээрээс монгол дээлтэйгээ явахаар очлоо. Гэтэл Улаанбаатар хотод костюм өмсөх юм болоод явчихлаа. Дасаагүй болохоор эвгүй гэж учиргүй, монгол дээлээ өмсөж яваа шиг санан өврөө уудлах гээд байх юм.
Миний ажлын амжилтыг өндөр үнэлж итгэл найдвар хүлээлгэн сумын ХЗЭ-ийн үүрийн товчооны гишүүн аймгийн ХЗЭ-ийн XY, XYI бага хуралд төлөөлөгчөөр сонгон аймгийн ХЗЭ-ийн    хорооны гишүүнээр   сонгож байсанд баярладаг юм. Тэр үед үүрэг амлалт авснаараа тооцоо судалгаатайгаараа л би жаахан илүү байснаас биш надаас амжилтаар  давуу залуучууд олон байсныг мартаж болохгүй.
Тухайлбал манай сумын Баян айраг бригадын Н. Цогзолмаа, Тариат бригадын Д. Сэдбазар, Шар нуруу бригадын Цэдээгийн Ванган нар ид өрсөлдөж байсан үе л дээ. Тэр үед манай сумын намын үүрийн нарийн бичгийн дарга агсан Х.Дорж залуучууд биднийг халамжлан хүмүүжүүлж, ажил амьдралын зүг чиг олгож байсан хүний нэг юм.
Түүгээр ч барахгүй улс орондоо нэгэн түм бүү хэл нэг хэсэг түмэн мал өсгөж өгсөн буянтай буурлууд, сайн мал чид хэчнээн олон байдгийг хэлэх юун.
Эвлэл бол намайг өсгөн ачилсан түмэн гавьяатны нэг мөн бөгөөд би МХЗЭ-дээ насан туршаа өртэй хүн.
МХЗЭийн XYI, XYII. XYIII. XIX их хуралд төлөөлөгчөөр оролцож 1986 онд Монгол-Зөвлөлтийн залуучуудын  их наадамд  хүндэт зочноор уригдсан юм.
Чухам НЭГ л хүнийг ингэж их дэмждэг юм биш биз дээ гэх бодол төрдөг байснаа нуух юун.
Хамгийн шударга зүйл бол эх орныхоо аль хэрэгцээт газар хэн биеэ үл хайрлан хүчин зүтгэвээс алдар гавьяа сонсдогийн эл жишээ энэ билээ. Хүнд 30  нас хүртлээ эвлэлийн  гишүүн байхыг зөвшөөрдөг бол 40 настай намайг их хуралд ирүүлсэн буянт хонин  сүргээ   муу нүдээр харах аргагүй. Өөрийн чадал тэнхээ хүрч байсан цагтаа малаа маллаж, хонь, маллахуйн түмэн гайхамшигт ур ухааныг нэг ч болтугай залуу хүнд эзэмшүүлэн ардын уламжлалт мал маллагааны аргаас зааж сургахад хичээн зүтгэх минь ахмад хоньчин миний туйлын зорилго   болно. Өөрчлөн байгуулалтын өнөөгийн өндөрлөгөөс эргэн харахад нэр төр  хөөцөлдсөн мэт инээдтэй харагдаж болно. Гэхдээ өнгөрсөн юм бүр гэнэн санагддаг билээ.

Ц.Намхайнямбуу /"Хонины хишиг" номноос, 1988 он/
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats