Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Монгол хот айл
Бидний нэг дутагдал бол ердийн хөсгөө бага ашиглаж   байна. Зөвхөн   зун намрын оторт алдаг оног тэмээ ачих болжээ.  Тэгээд юм л бол тэрэг, трактор болж амарчлах юм.
Чухамдаа таван хошуу мал чинь бие биедээ харилцаа шүтэлцээтэй тавуулаа нийлж байж бэлчээрийн мал аж ахуйг бүрэлдүүлдэг байсан байхаа. Ажиглаад байхад ямаа чинь хониныхоо бөөрөнд дулаахан онд мэнд ордог, ямаа өвсний аль сайныг шилэн явахад хонь дагаж бэлчээрээ заалгадаг, зуны халуунд хорсон хонийг ямаа л задалдаг юм байна.
Сүргийн манлайд яваа дагуулдаг мал сүүлд хоцордог зожиг малын аль алиныг адалж үзэх нь үнэхээр буруу.Сэргэлэн нь өөрийн    нарийн мэдрэхүй,    хүч тамирын сайнаар бусдадаа бэлчээр заана. Зожиг нь өвсний сайнд тогтож, сүргээ дагуулж тогтооно.
Чухам л энэ хоёрын тогтоосон заагт малаа багтаан тайван бэлчээрлүүлж чадвал хариулга тохирох учиртай. Үхэр сүргийг зөв хэвтүүлж сургавал хот хороонд нөөлөг нөмөртэй байж цагийн дөрвөн улиралд сүү саалиар хангана. Өвсний дээд сорыг иднэ (монгол үхэр) адуу цас зуданд зам мөр, бэлчээр гаргана. Тэмээ гуу жалга дагаж өндөр ургасан харгана голдуу өвс ургамал иднэ. Тэмээ ийнхүү бусад малын бэлчээрт хор багатайн дээр унаа болно.
Төрөлжүүлэн суурилах болсноос хойш тооцоо судалгаа үүлдэр угсааг сайжруулж, хариулга маллагааг анхаарах бололцоо ихээхэн гарсан боловч    дуртай цагтаа нүүж бэлчээр сэлгэн, өвсний сор, усны тунгалгийr хөөх боломж муудахад хүргэсэн байж ч болох юм.
Ер нь манай малчид тэмээ адууг хэт олноор биш суурилан маллаж тарга хүч авахуулаад өвөл хаврын хахир хатууд гаднаа авч унаж хэрэглэн цөөнөөр байлгадаг байсан нь бод малын өсөлт үржилт, эдэлгээнд таарсан зөв зохицол байжээ.
Саяхан болтол айл бүр тав зургаан тэмээ ачих суран хэрэгсэл чөдөр ногт, эмээл  хазаар бүрэн байдаг   байсан.
Гэтэл одоо гэрээ ачсан машины ачааг татах олс олдохгүйд хүрчээ. Үйлдвэрт хийсэн суран эдлэл, эмээл хазаар эмнэг догшин морины нэг булгиа. идэр залуу эрийн ганц дугтрахын аяыг даахгүй байна шүү дээ.
Энд тэндгүй хаягдаад байгаа ширийг бүрэн ашиглаж, зарим үед идээлж боловсруулаад сур хийж болмоор юм шиг санагддаг. Би Улаанбаатар хотод гурван бэлзгийг нь сураар хийж, төмөр гинжээр холбосон  чөдөр ганзагалсан нэг морьтой хүнийг хараад ихэд цочсон дог.
Манай хөдөө ч гэсэн ремень, олс, мяндсаар чөдөр, ногт, хазаар хийх болчихжээ. Агар хувингаар амны ус ачиж уудаг байлаа гэтэл өнөөдөр хувин үзэгдэхээ больж,элдэв хуванцар, төмөр саванд усаа хийн зэврүүлж говийн зарим суманд усан сан гэж нэрлэн бүтэн машин ус нэг айлын гадаа нөөцлөн удаадаг болжээ
Иймэрхүү байдал цаашид газар авбал үнэхээр хэцүү санагдана. Өрөмдмөл худаг газар сайгүй гаргаж, тоноглосон боловч эргээд ашиглах юм тун цөөн үлдэж ихэнх нь тоногджээ.
Дээр үед гараар гаргасан уурхайн өч төчнөөн худгаа дарлаа. Оронд нь өрөмдмөл худаг олныг гаргалаа. Гэвч онгоц нь эвдэрсэн хөдөлгүүр нь ажилгүй болсон өрөмдмөл худаг багажаа орхиод хавар намар хараар туувар хийж, малаа улдуулан туйлдуулсаар байж болно гэж үү.
Говь хээрийн бүсийн уул хаданд голдуу нууц байдаг амь ус (газрын гүний ус)-ыг өнөөдөр заалгаж үлдсэн за¬луу хүн ховордож, мэддэг буурлууд цөөрсөөр байна.
Ус хаана ч чандмань эрдэнэ. Иймд булаг шандаа бохирдуулж ундарга юугий нь саатуулах явдлыг зогсоох цаг нэгэнт болжээ. Гэрийн эзэгтэй хүн унаж, ачаа тээш хөтөлдөг зөөлөн гүүн хар алхаатай номхон морьд цөөрч мөнгөн тоноглолтой чамин хийцийн эмээл хазаар ховорджээ.
Нэг зун манай сум мал аж ахуйн бригад бүрээс арваас доошгүй морьтон эмэгтэй сумын наадамд ирэхийг урьж «хамгийн сайхан морь, гоё  хүүхнийг шалгаруулах уралдаан» болов оо.
Урьдынхтай адил мориор наадамд явахаа байчихсан юм уу, эмээл хазаар нь ховордсон юм уу нэг хоёроос илүү хүн ирээгүй гэсэн. Юм бүр бэлэн зэлэн сайхан    болжээ.    Хурдан унаа техник ч элбэгшжээ.Тэглээ гээд эмээл, тохшоо хаячихаж болохгүй юм шүү дээ.
Идэр есын жаварт жиндүүлэхээргүй төө үстэй дээлийн арьс элдэх технологийг ч тэр, адуу тэмээг эдэлж сургахгүй эмгэгшүүлж байгааг ч тэр, аль алиныг бодох цаг болжээ. Ингэж өгүүлэхийн учир гэвэл өвгөд дээдсээс уламжлан ирсэн малчин ардынхаа зан үйлийг нарийн судалж өөрчлөлт шинэчлэлтийн өнөө үед мартагдсан гээгдсэнээ сэргээе гэсэн санаа юм.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats