Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Үнэлэх, үнэлүүлэхүйн учир
Миний адил урьдаа тодорхой зорилт тавьж үнэнч шударга хөдөлмөрлөсөн хэн боловч зохих ёсоор үнэлэгдэж, алдар гавьяа хүндэтгэлийг хүлээн БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат гэсэн хүндэт цолыг хүртдэг юм. Энэ бол эх орон ард түмэн төрүүлж өсгөсөн ач үрсээ хайрлан энэрдгийн жишээ.
Энэ их хайр хишгийг хүртэж, тэр алдрыг олон түмнийхээ дунд өргөж явнаа гэдэг хамгийн чухал асуудал.Төр, засаг өндөр алдар цол олгон, итгэл найдвар   хүлээлгэж байгааг зөв ухамсарлан аль болохоор үр өгөөжтэй ажиллаж, ажил хөдөлмөрийн амжилт, орчиндоо үзүүлэх нөлөөгөөр хариулах ёстой. Хөдөлмөрийн баатар, алдар гавьяатнууд бид хийх зүйлээ хийгээд, дээд цэгтээ хүрсэн мэт уньж тунин, урдаасаа хүн үг хэлүүлэхгүй «эрх дархтан» болох учиргүй.
Сум, аймгийн удирдлага хүртэл шаардлага тавихаа болино. Уулзаж учирсан хэн боловч «Та» хэмээн хүндэлнэ. Айлд ороход хоймортоо урина. Худалдаа үйлчилгээнд дараалал харгалзахгүй үйлчилнэ. Энэ бүхэн «Танд ард түмэн бид үйлчилж цаг зав гарган өгч байна. Та ажилдаа шамдаарай» гэсэн үг гэхээс өөрөөр ухаарахын аргагүй юм. Алдар гавьяанд хүрэх чиг зорилго ижил боловч, хүрэх зам нь ялгаатай байдгийг нуух юун. Манай мал аж ахуйн хөдөлмөрийн баатруудын талаар хүмүүсийн дунд янз бүрийн ойлголт байдаг. Хэн юу гэж ойлгох нь хувь хүний хэрэг. Гэхдээ ам дамжсан «сул» яриа бол голыг нь   олсон   байдаг л даа. Хөдөлмөрийн   баатар малчид баян тарган хүмүүс, нийгмийн малын хорогдлыг өөрөөсөө нөхөж чадахгүй бол яаж баатар болох вэ?
Ашиг шимийн аваргуудын талаар ч мөн ийм яриа бий. Энэ нь үнэн талтай. «Биеэ засаж гэрээ зас. Гэрээ засаж төрөө зас» гэсэн ардын зүйр үг бий. Амь амьдралаа зохицуулж байж, улс түмэндээ бүтээлтэй ажиллах үндэс тавигдана.Малчин хүн малыг өөрийн, нийгмийн гэж ялгаж малладаггүй, амины нэгдлийн үнээг хоёр өөр хувинд саадаггүй.Саалийн ид үед бүх л сүү нийгэмд орно. Саалийн бусад үед сүү сааль амь нийгэм хоёрт хуваагдах тал бий.
«Иргэн баян бол улс баян» гэдэг. Малчин аминдаа боломжийн малтай, хэрэгцээгээ хангаад байдаг бол нийгмийн өмчөөс «шөлний хонь» гуйхгүй л байх байсан. Хоршооллын түүхэнд энэ талаар алдсан юм бий гэж боддог.Түүх бол гүн ухаан биш, хүн ба нийгмийн амьдралын он дарааллын бичиг тул хянаж засварлах  нь  зохисгүй юм.
Манайд иргэдийн туслах аж ахуйг «Амины өмч» гэж нэрлээд хувийн өмч үүсэх үндэс суурь мэт «субъектив» хандаж хязгаарлах, хатуу чанга үүрэг ногдуулах, амины аж ахуйн малыг захиргааны аргаар дахин дахин нийгэмчлэх  ажил байнгын болж хувирвал иргэд түүнээсээ салахын түүс болж мэдэх юм. Хот суурин газарт амины малын тоог өсгөж болохгүй, орхиж болохгүй хоёрын хооронд тогтоож хэд гурван малаа маллах, эдлэх, идэж ашиглах ямар ч боломжгүй болгож байгаагаас заасан тоонд нь байлгах гэж тугал бяруугаа алж идэх, хурга ишгээ зарахад хүрдэг тухай депутатын уулзалт дээр хөдөлмөрчид удаа дараа гомдол мэдүүлж байхыг дуулсан. Тиймээс амины малын тоог хот, хөдөөгүй эргэн харж үзэх цаг болжээ. Манай улсын тухайд гэвэл хүнсний хангамжийн болон махны асуудлыг нэг ч төгрөгний зардал гаргалгүй, зөвхөн зохион байгуулалт зөв хийснээр шийдэж болох ганц бололцоо энд л байх шиг санагддаг. Малчдын талаар сүүлийн үед овоо ахицтай арга хэмжээ авч байна. Гэрээ, түрээсний талаар ярьж, хийж байна. Хамгийн гол нь хотонд ороод шөлний хонь хүнд барьж өгөхдөө, ноос багатай, удам тааруутай, хургаа цатгадаггүй, ороо догшин   өөтэй боловч    шөл болчихоор   тарган хонь барьж өгдөг.
Өвгөдийн энэ уламжлалыг сэргээчихвэл болох нь тэр. «Чи өөрөө бариад ав. Би чамаас харамлахгүй» гээд хонио ээрч өгдөг хоньчны сэтгэлд хургасан бодолгүй жаврыг хөөн зайлуулж чадвал мал өгнө, ашиг шим нь ч дээшилнэ. Хэн нэг хувь хүн, хот сууринд суудаг ах дүү нартаа амины малаас илүүчлэхэд нь хориг саад тавиад нэмэргүй юм. Манай хөдөө нутагт наад захын бараа ирэхгүй   байна шүү дээ. Түүнийг төрсөн ах дүүсээрээ дамжуулж аваад оронд нь ганц хоёр мал өгч нүүрээ тахлахад буруу нь юу байх вэ? Энэ бол худалдаа наймаа биш эртнээс бие биедээ өндөр үнэтэй бэлэг сэлт өгч сурсан монгол хүний зан байхаа. Бэлэг сэлтийн тухайд энэ бол ахан дүүсийн сэтгэл санааны дэмжлэг юм. Түүнээс биш хот хөдөөгийн хооронд дамын панз хийдэг сувдаг шунахай хүмүүсийг дэмжих гээгүй. Тэдэнд хатуу хяналт тогтоож хориг саад тавих нь зүйтэй. Хөдөлмөрийн баатар, гавьяатан нарт сум орны удирдлагууд хүртэл илүү ханддагт нуух юм алга. Тэглээ гээд суурь бүрд нэг тэвш өвс өгч байгаа хүнд үед хоёр тэвш өвс буулгуулж байвал баатрын алтан соёмбоо зүүхийн хэрэг байна уу даа!
Нутгийн ард түмэн сайн хүнээ улам сайн болоосой гэж дэмжинэ. Түүнийг зөв ойлгохгүй бол манай аймагт тэр жил гарсан «хоньгүй аварга малчин» шиг болчихвол яах вэ. Apд түмэн ёстой гомдоно шүү дээ. Тэгэхээр дэмжихэд ч бас учир бий. Ёс суртахууны доголдолтой, омог бардам хнийг худал үнэн хэт дөвийлгөвөөс хэд гурван жил цойлж, нэрд гарчихаад сураг нь тасарч байна. Дэмжлэгийн эцсийн үр дүн нь хөдөлмөрийн тогтвортой амжилт гэж би боддог. Нутгийн ард түмэн шиг хүнийг зөв дүгнэдэг хэмжүүр байхгүй.
Аймаг, сумын удирдах нөхдөөс «Танай баатар ямар хүн бэ?» гэж асууснаас жирийн малчин гэрийн ажилтай хүнээс асуувал илүү үнэн хариулт авна. Зарим хөдөлмөрийн алдар гавьяатнууд хэт баян байдаг. нутгийн айлуудад малаа тарааж тоолуулдаг, хонь мал тастдаг, хорогдсон малаа ах дүү нараараа хаалгадаг, хүнээр малаа маллуулдаг, бусдад үлгэр дуурайлал болохоосоо илүү сайхан яриагаар цатгадаг гэсэн яриа байдаг. Үүнд үнэний хувь ч бий.Алдар гавьяатнаа дэмжээд жирийн хүний гавьяатнаас илүү амжилтыг олж хардаггүй удирдлага байдгийг хэлэх хэрэгтэй. Гэхдээ эцсийн эцэст цаг зүтгэж зуд болбол баатрын хотыг тойрч гарахгүй, хэн ур ухаантай, хичээл зүтгэлтэй ажиллаж чадсан тэр хүн аяндаа ялгардгийг амьдрал харуулаад өгнө өө.
Хөдөлмөрийн баатар миний хувьд ч гэсэн дутагдал их бий. Хамгийн наад зах нь сумын хэмжээнд хонин сууриа «сартуул» омгоор бүрэн шилж сонгон сайжруулж чадаагүй байна. Таван хошуу малыг ялгаж малласнаас бэлчээрийн мал аж ахуйн зохицол алдагдаж хорогдолд нөлөөлөх нэмэгдэл шалтгаан болж байна. Ачилга татлагатай айл байхаа больж тэрэг, трактор хүлээдэг айлууд олширч байна. Манай нутагт малын хулгай ихсэж аминыхаа хэдээс шогшуулахын зовлонг ч амсаж байна. Машины зам малын бэлчээрийг аалзны шүлс мэт хэрж, нэг удаа 1 км замыг машинаар явж өнгөрөхөд (ойролцоогоор) 800 ам метр газрын хөрсийг эвдээд зогсохгүй олон жил эдгэрэхгүй болтол нь давтан сүйтгэж байна.Газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлгүй хөгжүүлэх төлөвлөгөө өгч өнгөн хөрс нь үржил шим муутай нимгэн тогтоцтой. Ширээгийн хөндийг «Сонгино хайрхан»-ны өвөр хүртэл хагалуулан ганц хоёр жил овоо ургац авсан боловч дараа нь тордолгүй хаяснаас ихээхэн хэмжээний малын бэлчээрээр хохиров.
Гараар гаргасан уурхайн худгаа дарж, өрөмдмөл худагт хөрөнгө хүч зарж олныг гарган хэдий ч ашиглалгүй хаяснаас малын бэлчээртэй газар усгүй, устай газраа бэлчээргүй боллоо. Манай сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны захирамжаар Сонгино Хайрхан уул, Шар нурууны Хүрэн морьтын амыг дархалснаас хойш сонгино төлжин ургаж, тарвага үржин, буга үзэгдэх болов. Энэ бол сайшаалтай санаачилга Мангина уулын мод хэдий цөөхөн ч гэсэн арчлан хамгаалсны хүчинд нэлээд танагтай үлдсэн юм. Он удаан жил энд ойн цагдаа агсан М.Тулга өвгөн харуулынхаа өндөрлөгийг нэгэн хяр дээр барьсныг эдүгээ хүртэл «Жаажийн хяр» хэмээх болжээ. Онгон байгалиа хамгаалах нь иргэн бидний үүрэг. Тэгээд ч манай «Богд уул» дэлхийн хамгийн эртний дархлагдсан уул байжээ гэдгийг хэвлэлээс уншаад ахмад үеэрээ бахархах сэтгэл төрж байна. Ер нь хөдөлмөрийн алдар гавьяатай хүмүүс бүхнийг мэдэгчийн дүртэй дархлагдсан хүмүүс байх ёсгүй. Ард түмнийхээ хайр хишгийн хариуд амь биеэ үл хайрлан зүтгэгчид байх ёстой. «Хөдөө хүний сэтгэл татсан сайхан хангамж үйлчилгээтэй суурь, бригад, ферм хэзээ байгуулах вэ?» гэж залуус надаас асуухад нь: «Бусдын хийсэн бэлэн зүйл дээр биш, өөрсдөө барьж байгуулбал илүү жаргалтай байх болов уу? харсан ч бидний нүдэнд бидний хийсэн юм харагдана. Хойч үе маанъ биднээрээ бахархаж яваг» гэж хариулдаг.
Мал маллах үнэн сэтгэл байвал зоригтой гараад ир! Нэгэнт гараад ирвэл учир ч бий. Бэрхшээл ч бий. Гэхдээ «Биеийн хүчнээс давуу хөдөлмөрийн бэрхшээл гайгүй юм уу даа. Сэтгэл л тогтуун байвал» гэж би хэлдэг юм. Жирийн малчин миний хувьд л гэхэд улсаас ихээхэн гавьяа шагнал хүртлээ. Энэ бол хөдөлмөрийн ач  хийсний хөлс ч бас чамлахааргүй шүү. Ухаандаа манайх гэхэд жилдээ мал маллагаа, ноос, үс, ашиг шимийн хөлс нэмэгдэл нийлээд тогт¬мол хорин хоёроос хорин дөрвөн мянган төгрөг авч байна шүү дээ.
Ийм хөлс аваад идэх махаа амины аж ахуйгаас хэрэглэж байгаа хүнд амьдрах нөхцөл хөдөө байгаа биз дээ. Тиймээс би хүүхэд залуучуудыг мал дээр эртхэн гаргах нь зүйтэйг ажиглаж мэдсэн. «Намхайнямбуу хүүхэд уруу татаж байна. Сургуулиас далимдуулан гарах боллоо. Бүх нийтийг 8 жилийн боловсролтой болгох засгийн шийдвэр яах болж байна» гэсэн яриа гарах болов. Би хүүхдийг 3, 4 дүгээр ангиас нь гаргаж эртхэн ма¬лын дөртэй болгоё. 8. 10 дугаар анги төгсөхөөр бие нь мал дээр, сэтгэл нь хот сууринд байх юм. 3, 4 дүгээр анги төгссөн хүүхэд сэтгэл нь ч, бие нь ч мал дээр байна. Эчнээ ба суурийн сургалтаар 8. 10 дугаар анги төгсөж болно.Тэр бүү хэл малаа мэддэг сайн мэргэжилтэн бэлтгэж болно гэж боддог. Сургуулийн дотуур байранд суугаад сурсан ч номгүй, малласан ч малгүй сургуульд сурсан нэртэй «завсардан» хүчээр 8 дугаар анги төгсөж байгаа хүүхдийн тухайд л би яриад байгаа болохоос биш бүх хүүхдийн тухай яриад байгаа юм бишээ. Мал мэдэхгүй байж зааварладаг, малчдад мал маллахыг заадаг төлөөлөгчид олширч элдэв ажлын хугацаа зарлан сүр бадруулж явахын хэрэг юу байна. Тэдэнтэй тэдэнгүй малчид хийх юмаа мэднэ л дээ, сумын мэргэжилтнүүдэд хүртэл дээрх халдвар тусаж төлөөлөгчийн тэргээр хөдөө залардаг малын эмч,малзүйчдийн тоо ч өсөв. Үүний цаад учир нь гэвэл «Амьдрал онол хоёрын хооронд ангал бий болсных» буй заа. Инженер, техникч, шинийг санаачлагчид, үйлдвэр цехэд шинэ бүтээл хийж туршиж байх юм.
Үүнтэй адилхан хөдөө аж ахуйн эдийн засагч, мал аж ахуйн эрдэмтэн мэргэд өөрийнхөө жинхэнэ лаборатори болох бэлчээрт ирж л шинэ зүйлээ хийж баймаар юм. Эрдэмтдийн бичсэн ном,заавар зөвлөмж нь эзэндээ хүрч ажил болохгүй байна. Ойлгомж ч муу байна. Аймаг, сум орны удирдлагууд ч гэсэн шинжлэх ухаан техникийн үр өгөөжийг хөдөөд ашиглах талаар эргэлт гаргах цаг болсон баймаар  юм. Нийт аж ахуйн үр ашгийг бодохоосоо өмнө нэг хоёр хүний ажлын амжилтыг дэмжиж дөвийлгөөд байвал тэдний араас бусад нь дагана гэсэн явцгүй ойлголтоос салахгүй байна. Хонь хүртэл ганц хоёр түрүүлж гүйдэг ямааг дагахаасаа илүү  хажиглах нь их байдаг биз дээ.
Манай аймгийн нэгэн бүгд хурлын завсарлагаанаар «Урьд жилийн улсын аварга амжилтаа бууруулсан тул тэдэнтэй сайн ажилла» гэж удирдах нөхөд үүрэг өгч байхыг би сонсоод ихэд цочсон. Яахав тэр аварга энэ жилийнхээ амжилтыг бууруулаа л биз. Нээрээ л сайн хүн юм бол ирэх жил нэрээ бодоод аваргынхаа амжилтыг давтаж чадахгүй гэж үү. Ингэхлээр түүний цаана түүнээс доор ажилтай малчидтай хэн ажиллах болж байна аа. Ер нь ингэхэд «Аварга малчны болзол» хэтэрхий хүнд, огт үхэшгүй «төмөр сүрэг» бий болгох хатуу тулгалт хийснээрээ хүнээр худал хэлүүлж, аваргын нэр хүндийг унагаад байгаа юм биш биз ээ. Бөгс нь битүү, тагнай нь дутуу төрөлхийн гажигтай хурга гардаг шүү дээ. Түүнийг аварга маань нуухаас өөр арга алга. Гэвч тийм хурга гараад үхсэнийг хот айл, бригад, хэсгийнхэн мэдэлгүй яахав дээ.Үнэн юм үнэнээрээ сайхан, ингэхлээр хамгийн илүү идэвх зүтгэл гаргасан хүн аварга болж чадахаар тийм болзол гарсан нь дээр биш үү.
—    Мал аж ахуйн өнөөдрийн байдал залуучуудын сонирхлыг татаж чадаж байна уу? гэж их асуудаг.
—    Чадаж байна гэж би хариулна Хорин хоёрхон насандаа хөдөлмөрийн баатар болсон Хэнтий аймгийн Биндэр сумын саальчин Сангын Аюушийг мэдэх залуус үүнийг аяндаа ойлгоно байх аа. Мал аж ахуйд хүний сонирхол татах зөв хөшүүрэг хэрэгтэй. Малчдад ээлжийн амралтаас гадна 1989 оноос 5 жилийн гавшгайч  цол тэмдэг олгодог болж байна. Орон байр, ахуйн нөхцөл,соёлын төвшинг дээшлүүлэх талаар цаашдаа ч арга хэмжээ авч таарна. Гэхдээ л залуучууд бэлэн юм хүлээлгүйгээр өөрсдөө ч тэр бүтээн байгуулалтад оролцож ирсэн сайхан уламжлал бий шүү дээ.
Би та нарт бэлэн юм үгээр амлаж үнэнийг нуух эрхгүйн хувьд бидний мал маллаж байгаа өнөөгийн нөхцөл хүнд хүчир, зориг чадлын шалгуур байгаа юм гэдгийг хэлье. Хэн ажил амьдралаа зохицуулж бэрхшээлийг давна тэр амжилтад хүрнэ. Ажил хийхэд бэлтгэл, арга гэж хоёр лут юм бий. Хөдөөний хүүхэд хотод дорхноо дасдаг. Учир нь гэвэл бүх юм хүнд зориулсан, хүний амьдрах орчин учраас тэгж байна. Гэтэл хотын хүүхэд малчин болбол нэлээд зүйл шаардагдана. Наад эах нь дулаан, сэрүүн үед өмсөх үндэсний хувцас, морь унах эмээл хазаар, за тэгээд мал нүдлэх, цаг агаарт дасах гээд олон юм гарнаа. Гэхдээ монгол хүн хэзээнээс нааш төрж өссөн орчинд уламжлал болсон мал маллах ажилд хөл алдах юмгүй. Зөвхөн малчин болъё гэсэн хувиршгүй сэтгэл л хэрэгтэй. Малчин хүн нутгаасаа гарахгүй сууж байдаг хөдөлгөөнгүй  улс биш болжээ. Бүх төрлийн мэдээллийн хэрэгслээр дэлхийн соёлтой өдөр тутам танилцаж байна. Дэлхийн өнцөг буланд очиж байна. Энэ бүхэн төр засгийн маань ач гавьяа юм.
Хөдөлмөрөөрөө алдаршсан малчин, мал дээр гарч байгаа залуусыг дэмжиж байгаа боловч түүний зэрэгцээгээр хувийн атаа жөтөө хийж элдэв цуу яриа гарган нэр хүндийг нь унагах хандлага ч гарч байна. Атаа жөтөө шиг хүнийг гутааж гомдоодог өөдгүй юм алга. Ярьсан яриа нь газар сайгүй дэлгэрч хөдөлмөрийн хүний урмыг хугална, гомдооно. Алдар цол авах гэж байсан бол нэртэй нэргүй мэдээлэлд бичнэ. Түүний мөрөөр шалгах гэж зардал чирэгдэл гарна. Архангай аймагт улсын аваргаар нэг малчныг тодорхойлогдоод байтал худал мэдээлэл дээд газар очсоноос болоод авч чадалгүй хоцорсон боловч аймаг сумын удирдлагууд хөөцөлдсөөр байгаад цөхөн олгуулжээ. Гэхдээ л цагаан сарыг тэмдэглэн өнгөрөөх шинийн нэгний өдөр таарсан тэр их сэтгэлийн хямралыг  нөхөн шагнаснаар хэзээ ч тайлж чадахгүй.
«Бурмаар шагнахаар урмаар шагна» гэсэн ардын зүйр үг бий. Үнэндээ гэхэд бие биедээ урам хайрлахаас илүү бэлэг  гэж бараг байхгүй. Би өөрийнхөө энэ номыг   эх орныхоо залуучуудад зориулж байгаа юм. Ном бичих бодол олон жилийн өмнө төрсөн боловч би зориг хүрэхгүй өдий хүрлээ. Сонин хэвлэлийн захиалгаар нэлээд юм бичиж оролдсон. 1983 онд «Хөдөлмөр» сонины газраас тэргүүн бичлэгийн шагнал надад олгосон нь ном  бичих хүртэл урам хайрлаж, намайг хөгжүүллээ гэж би хэлмээр байна.  «Харахад хүн хөлөөрөө явах боловч хөлөөрөө биш ухаанаараа явдаг юм шүү» гэж захимаар байна.
Хүн амьдралдаа тодорхой зорилготой, бүтээлтэй байх ёстой. Хоёр түмэн хонийг би эхнэр хүүхдийн хамт өсгөнө. Гурав дахь түмийг амлана. Энд өмч хэний мэдэлд байхтай холбоотой өөрчлөлт гарах нь мэдээж боловч улс эх орныхоо өмнө авсан амлалтаа биелүүлнэ. Гэхдээ байгалийн жамыг дагаж нас бие гүйцэхгүй боловч хүүхдүүд маань залгана. Чухам хэн нь малчин болохыг одоо би тааж мэдэхгүй. Ямар ч гэсэн миний эр суран тоногтой эгэл даруухан эмээл, хазаар, хонины барьдаг хуйвтай шилбүүр маань эзэнгүй хоцрохгүй байх аа.

Сайн үйлс түгэн дэлгэрэх болтугай.

Ц. Намхайнямбуу /"Хонины хишиг номноос/ 1988-1989 он


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats