Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
"Хоньчин баатраараа бахархацгаая" зохион бичлэгийн уралдааны шилдгүүдийн бүтээлээс...
        " Хоньчин баатраараа бахархацгаая " зохион бичлэгийн уралдааны 13-18-н насны ангилалд 1-р байр эзэлсэн зохион бичлэг
                            
    Хоньчин баатраараа бахархацгаая
           Талын яргуй мэт ховор
           Таних нэгэндээ Болоож
           Танихгүй нэгэнд Баатар минь
           Та бидний овоглох нутгийн нэрний алтан багана билээ
...............Нүүдлийн шувууд ирж буцна. Хаврын тэр яргуй соёолно Сонгино Хайрхан хэмээх алтан ганжиртай, сэр сэр салхи, бугын урамдаатай, онголон сүслэн мөргөдөг тэнгэр уулын Мараат хэмээх толгойн бүдэрхий тус газарт нар сарыг мишээлгэж, гавъяа намтрын эзэн дүрээр амилсан бурхан мэт ялгуусан бүрээгээр эгшин уйлж тэнгэр ээжийн зарлигаар 1948оны зурдугаар сард Цэрэндаш хэмээх борхон айлын гэрт борлог царайт эгч нарынхаа гэгээн өлмийг дэрлэн мэндэлжээ. Тэрээр аав уулынхаа хэрмэг чулуунаас зодуур аван томоожиж суусрын гүйдэл шиг зантай ч төрсөн янзага мэт цовоо сэргэлэн өсөн бойжиж төрсөн гэрээсээ
    Цахилсан зэргэлээнд хуур эгшиглэхэд
    Царгисан тэнгэрээс шувууд уяран түүнийг зорино
    Хултай айраг бидэрлэх шиг хуурай төвд (сумын төв)
Хундаган сар шиг гялайх эрдмийн зүг Болоож хүү 1961онд богц үүрэн мориндоо морджээ.
Ийнхүү бага боловсролыг 1965онд дүүргэн малч хүний бурхан ухаанаар хишгийн арвай болсон мал сүргээ хариулахаар илгээлтээр гарчээ. Тэрээр жинхэнэ монгол маллагааг сурсны дээр эрдмийн аяныг гэрээр бие даан суралцаж мэдлэг чадварынхаа ятгын утсыг хөглөж, бичиг ухааныхаа оньсон цоожийг дуут болжмороор нээж отроор явах болгондоо сум орон богцоор дүүрэн сонин хийж, нам төрийн мэдээг уншин, радиогоо үргэлж өөрт авч явж сонсон нутгийн ахан дүүст сурталчилдаг төдийгүй “Бэлчээрийн ухуулагч” хэмээх хүндэт нэрийг хүртэл авч байжээ. Угийн зорилго зоригтой тэрээр нэгдэлдээ түмэн цагаан хонь өсгөх үүрэг даалгавар авч 1977онд Б.Жаргалтай гэр бүл болж өнөр өтгөн аз жаргал гавъяа намтрын голомтоо тулга болгон тэнгэр өөдөө бадруулсан. Энэхүү түмэн цагаан хонь өсгөх нөр их хөдөлмөрийг нь буян заяа нь таацан түшиж амлалтаа биелүүлснээр
            Хэний ч хүүгийн хүрч үл чадах
            Хүрмэн уулсын буйг чимэх өнгөт мялаалгаар
            Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг нь
            Хорин есхөн насандаа хүдэр цээжинд нь 1978 оны 5сарын 20 ны №122 тогтоолоо мэлмийг гялбуулан гялалзлаа.
Шашин төрийг хослон баригч гэдэг шиг малчин, төрийн түшээ гэх хэцүүхэн жинхэнэ ур чадварын сорилтын их хаалганы мөнгөн зүүд мэт тэрээр Бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлын 9,10,11 дэх удаагийн депутат, 1992 оны улсын их хурлын гишүүнээр сонгогдож үндсэн хуулийг батлалцахдаа од шүүрэх мэт оновчтой үгийг оройлон хэлэх намтай төртэй ардын элч хүмүүн байлаа. Түүний батлалцсан хуулиуд нь мал, малчин, хөдөөгийн аж амьдралын салшгүй чиг үүрэгтэй байсан нь малч монгол төрийн хугараагүй ноён нуруу байлаа. Түүний энгэр нь даахгүй эгнэгт баярын медалиуд нь зөвхөн шагналын төлөө бус бусдын бас гэр бүлийнхээ төлөө хээрийн салхиар ариуссан омголон бүргэд өдөө асган сум мэт зүтгэсний үр шим нь мэр буй. Халамжит хань, ханхүү мэт эрэлхэг элит мэрээр есөн буянт хүүхдийн бурхан эцэг болсбн булгийн усан ундрааны шижир эхлэл нь байлаа.
                       Хүрэхгүй алдрын оройд мэт гялалзан гарсан
                       Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу минь
                       Хэцийн даргил салхинд насны жудгаа дагаж
                       Хоёр мянга гурван оны намрын мэр л хар өдөр дөрьөн уулынхаа дундаа солонго мэт арилан одов.
     Таниар овоглосон гэрэлт өргөөгөө бид хөгжүүлэхийн сацуу таниар бусдыг бахархуулхын тулд өндөрт өргөж цадиг түүхийн нугачаанд алдрын оргилд хүрнэ
Таны байгуулсан гавъяа нэр
Таны туулсан бэрх замын он жилүүд
Төхөмт наран адил үүрд бидэнд мандахад
Тулга бадарсан гэртээ Амбааж таныхаа гэгээн дүрийг залж
Тураг улаан цус судсаар лугшихад удмаараа гайхуулах болно би........
 
                      Тэр хүмүүн
Хангайн нурууд түргэний уулс мананд хөшилдөх нь сүрлэг бөгөөд басхүү тэртээ оройд нь бүргэд эргэн цэнхэртэх Сонгино Хайрхан уул нүдэнд илхэн. Хаврын хавсрага тавьж онд арай чүү орсон малчид эцсэн малын эрхээр алгуур нүүдэллэнэ. Мараатын хаваржаанд сэргэлэн ногоон дэнжийн дээр нэгэн цагаан гэр харагдах ба хэдэн хурга тоглон үзэгдэнэ. Гэрийн тоононоос утаа савсан өглөөний цэлмэг тэнгэрт уйтгар бэлэглэнэ. Удалгүй тэр гэрээс нэгэн дунд зэргийн нуруутай, шалмаг, хөдөлмөрч байрын хүн гарч уяан дээр сойсон хээр морийг унаж өглөө эрт бэлчээрийн соргогыг зулгааж буй олон тооны хонины араас тууж Цэцэнхайрхан уул чигтээ цагаан талаар алгуур туух ба үзвэл нас гуч орчим хар даавуун дээлийг өмсөж шар цайвар бүс ороосон бөгөөд шилээпэн малгайг тавьсан тэрээр хээр морины гишгэдлээр аяар нямбайлан явна. Туусан сүрэг нь тоолбол түм илүү болох ба хахир өвлийн цагийг дөнгөж давсан гэхэд намраараа байх нь гайхалтай. Дунд зэргийн нуруу, махтай түүний шар царайнд нь үрчлээ бүдэг суусан ба үл мэдэгдэнэ. Өврөөсөө Үнэн сонины гарчиг цухуйлгаж яваа түүнийг Ц.Намхайнямбуу гэдэг ба Бүгд найрамдах Монгол ард улсын Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялааж удаагүй байгаан дээр анхны хүүхэд Хаянхирваагаа тэнгэрээс бэлэг болгон авсандаа хуримын анхныхаа жилийн эхлэл төгсгөлгүй малч ажлын хүчрийг баяр баясгалагнаар давж Дөрвөлжингийн нутагт малаа отроор тууж очсон ба цас цоохортох үед буцаж иржээ. Түүний алсыг ширтэх дөлгөөн мэлмийд нь жаргал зовлонгийн навчис нэг нэгээр ээлжилэн ургаж тэр бүгдэд амьдрах санаанд нь ухаарлын нугачаа суусан ба гагцхүү хорвоогийн сайхныг бас муутай үзсэн нь мэлмийд нь илхэн. Санчигны үс нь энд тэнд цайсан тэрбээр нямбайлан боосон орос дурангаа барихын хажуугаар ухааны далай нь тунгалаг рашаан мэт мэлтэлзэж өврөөсөө сонин гаргаж гарчиглан мал аж ахуйн хажуугаар эрдмийг хослуулна. Эцэг шигээ айлын тулах тулгуур тэрбээр аавынхаа тухай яриаг бишгүүл, түмэндээ ярихын хажуугаар мал маллагааны ариун зарчим, нам төрийн гэгээн бодлогыг ярилцаж явдагийг нутгийнхан “Бэлчээрийн ухуулагч”гэж нэрлэдэг нь надад бахархууштай.Түүний эцгийнх нь тухай яриа:
Түүний эцэг долоо найм хоног яваад тарвага алж саахалт айлуудыг тэжээж бусдын буяныг өөр дээрээ шингээдэг тэр ариун цагаан буян нь өөр дээр нь баатар хүмүүн болон мэндэлсэн гэж  түүнийг бага байхад нь тэгэж дуурсдаг байжээ. Тэгэхээр өвөг удмаараа буян үйлдэж явдаг нутаг элэг амьтай хүмүүс ажээ. Удалгүй наран жаргалаа хаврын тэнгэр нэг инээхдээ торох үүлгүй салхи нүүрийг үл илбэнэ. Молор цагаан сар дээшилсээр түмэн цагаан хонь бөмбийх нь сүртэй агаад түүний ард буй хоньчин баатар гэрлүүгээ үл тууна. Хөдөлмөрийн хөлсөөр өөрөө золигжиж яваа энэ хүн хөдөөгийн тайзнаас хүмүүний алтан нэртний тайзанд гарна яг өглөөний наран адил.
                 
Завхан аймгийн Сонгино сумын МУ-ын Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуугийн нэрэмжит  11-н жилийн сургалттай бүрэн дунд сургуулийн 11а ангийн сурагч  Нацагдоржийн Баасандорж


“Хоньчин баатраараа бахаргацгаая” зохион бичлэгийн уралдааны 13-18н насны ангилалд 2-р байр эзэлсэн зохион бичлэг
                       
          Хоньчин баатраараа бахархацгаая

        Төрсөн нутаг минь Сонгино сумынх
        Төгссөн сургууль минь миний нэрэмжит
        Төллөсөн мал минь мал аж ахуйн үйлдвэрийнх
        Тоонот гэрт хослон жаргасан хань минь энэ нутгийнх
Миний бие Сонгино сумын нутагт Сонгино хайрхан уулын өвөр бэлд 1948 онд эгэл жирийн малчны гэрт хорвоод мэндэлсэн, дуугаан хадааж хонины нэхийнд өлгийдүүлж алтан нарны элчинд дулаацан аав ээжийн хүслээр ааг дэлхийд хүн болж төрсөн юм. Хүн гэх энэ л хувь заяаг олоод түүний дундаас хөх толбот Монголын үр сад болж төрсөн би азтай дамшиг шүү. Энэ орчлонд хүний биеийг олж төрөөд алдар хүндийн амжилт бүтээлийн оргил өөд мацаж гавъяат үйлсийг өөрөө бүтээсэн миний нэр алдар, миний суу гавъяа бүхэн надад нөлөөлж намайг алдаршуулсан. “Дуудах нэрийг эцэг эх өгдөг Дуурсах алдрыг өөрөө олдог ”гэдэг шүү дээ хүүхдүүдээ. Чи юуг бүтээж юуны төлөө шамдаад байна тэр л чиний алдар гавъяа болдог. Цэцэг анх ургахдаа шороон доороос соёолж гарч  ирээд улам улам өндөр ургасаар бас дэлбээлэн цэцэглэсээр хүн бүхнийг өөртөө татах далд увидаст хорвоогийн нэгэн гоёл болдог. Яг л үүний адил та өсөх тусмаа гавъяаг бүтээсээр л басхүү амьдрал үргэлжилсээр л. Ажилд шамдаж сэтгэлээсээ хөдөлмөрлөсөн хүнд  аз жаргал өөрөө ирдэг. Ажил таныг голохоос та ажлыг голвол таны амжилт бүтээлийн оргил холдсоор л байна. Хар бор, хатуу хэцүү гэлтгүй ямар ч ажлыг хэнээр ч заалгалгүй өөрийн арга зүйгээр хийж сур. “Оролдлого сайт оройд нь, Оволзуур аашт ёроолд нь” гэсэн сайхан үг ч бий. Миний бие малчин, ажилчин, УИХ-ын гишүүн хүртэл хийж үзээгүй ажил ховор. Ёстой л нөгөө туг ч барина, тугал  ч хариулна гэдгийг энэ биеэрээ үзсэн дээ. Би эхнэр хүүхдүүдийн хамт малын цагаан буянаар сайхан амьдарч хоёр идэхгүй хоосон хонохгүй элбэг хангалууны дээд ч биш эгэл жирийн монгол амьдралаар амьдарч эхнэр минь хөдөөгийн саальчин бүсгүй харин би унага нь хүртэл босоо заяат удамт хүлгийн төвөргөөнд өссөн эр хүн. Хань бид хоёр нутгийн ард олондоо хүндлэгдэж орж ирсэн хүнийг өөд суулгаж, идээ ундаагаар дайлж, монгол хүний зочломтгой занг улбаалсан нутаг усныхантайгаа эвтэй найртай сайхан явсан. Тэр үеийн нийгэмд хүн бүр л ажлын төлөө төрсөн юм шиг хөдөлмөрч хүн нь хүнээ дээдэлдэг юм бүхэн ховор төрөөс өгсөн зүйлийг авч амьдрал амьдраад л төрийн төлөө ард иргэд ажилладаг байлаа. Харин одоогийн нийгэм хүн бүр өөр өөрийн хувийн амьдралаа бодож нэг нь нөгөөтэйгөө тэрсэж баян нь баяжиж, ядуу нь туйлдсаар л өдөр хоногийг өнгөрөөсөөр л. Ядуу хүн  гэхээр л мунхаг залхуу бүдүүлэг бодогдох боловч түүний цаана ядуугаас гарсан суутангууд нийгмийн урсгалд өөдөө гарахгүй доошоо живээд байх юм даа. Тэд хүн нэртэй хүнэнцэр юм даа хөөрхий. Гэхдээ тэднийг шоолж инээх, гутаан доромжлох тэнэг байхад өөд татах урам хайрлах өрөвдөх сайн санаатнууд ч бас байна. Харин ирээдүйд монголын ирээдүй улам хөгжиж ядуус нь язгууртан болж, баячууд нь бүр дэвшин дээшилж миний эх орон Азийн бар орнуудтай зэрэгцэхүйц хөгжил биднийг хүлээж байна. Энэ бүхний эцэст ажил хийж хүн болдог, ар давж хүлэг болдог гэдгийг ойлгуулахыг хүслээ. Миний аав монгол туургатан морьтон ард малын ашиг шимийг дээшлүүлэн мал маллагааны арга ухааныг эзэмшсэн хүн. Харин би удам залгасан малчин, нэг сонин нь миний үр хүүхдүүдээс мал маллаж байгаа хүн  алга гэхдээ тэд бүгд л сайхан амьдарч ажил хөдөлмөртэй сайн яваа. Тэд маань мал маллахыг багахан ч гэсэн мэднэ. Үүнээс харахад Монголын ирээдүй мал маллагаа болон эрдэм мэдлэг юм гэдгийг миний гурван үеийн түүх гэрчилж байна. Миний нэрэмжит сургууль амжилт бүтээл арвин, мэдлэг сурлагын их уурхай. Энэ сургуулийн сайн сайхан хаана цуурайтана тэнд миний нэр хамтдаа дуурсагдана энэ л миний бахархал. Би энэ сургуулийг яагаад миний нэрэмжит болгосон юм болоо гэж бодоход би энэ нутгийн хөрсөн дээр өсөж тэндээс алдар гавъяаг олсон. Мөн хөдөөгийн сургууль гэхээр нүүдэлчин монголчуудын сурч боловсрох өргөө бодогдоно. Би тэр нүүдлийн мал аж ахуйг туулаад сурсан болгон нь эрдмийг өвөртөлж, түүнийг ирээдүйн амьдралдаа хэрэгжүүлж сайхан амьдарч байна. Энэ сумын уул ус үзэсгэлэнт цогцолбор газар, үүний дундаас миний төрсөн нутаг ай даа тэр Хайрхан ууланд чинь ёстой нөгөө улаан номонд орсон ургамал ногоо, ан амьтад байдаг. Би их азтай хүн шүү унасан газар угаасан ус нь хүртэл энэ нутгийн сайхан  газрын нэг бөгөөд энэ сумынхны шүтэж дээдэлж явдаг Хайрхан уул шүү.
    Сонгино сум нь үзэсгэлэнт сайхны өлгийн болохоор
    Сонгино нутаг минь алдартан суутны өлгийн болохоор
    Сонгино нутаг минь хурдны угшил наадмын түрүү олонтой болохоор
    Сонгино нутаг минь дээдлэх ариун  шүтээн
            Сайн үйлс дэлгэрэх болтугай

Завхан аймгийн Сонгино сумын МУ-ын Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуугийн нэрэмжит 11-н жилийн бүрэн дунд сургуулийн 10-а ангийн сурагч Даваагомбын Дашням

"Хоньчин баатраараа бахаргацгаая” зохион бичлэгийн уралдааны 13-18 насны ангилалд 3р байр эзэлсэн зохион бичлэг

Хоньчин баатраараа бахаргацгаая

Монгол улсын малчдын үлгэр дуурайл болсон МУ-ын Хөдөлмөрийн баатар малчин таны амьдралын тань алтан хуудасыг сөхөж туулсан амьдралыг чинь эргэн дурсаж бахаргацгаая.
Хариг хатуу хавар цаг нэгэнт өнгөрчээ. Эцэг өвгөдийнхөө төрж өссөн Сонгино хайрхан ууланд Ц.Намхайнямбуу хонио хариулж явна. Хөх ногоо наранд хавийн газар ногоорон тэр л чигээрээ өвс ургамлаар бүрхсэн юм шиг санагдана. Гэвч өвсний гарц харагдаж байгаа шигээ тэр бүр арвин их байдаггүйг залуу хоньчин хэдийнээ сайн мэднэ. Тоос босгон жириилгэж явсан суудлын тэрэг хонин сүргийн зүг иргэв. Надтай уулзахаар хүмүүс ирж явна. Нэрээ хэлж танилцуулахын хэрэг байна уу?даа саяхан намайг аймгийн сонинд “Сайн малчин” залуу гээд гаргачихсан тэртээ тэргүй намайг таньж байгаа...хүү ингэж бодлоо. Зарим малчныг бодвол малаа онд сайн оруулсан нь үнэн. Гэхдээ л хэд гурвыг нүд аниулчихсан даа. Малаа яавал хорогдуулахгүй байх вэ?гэсэн өөр нэгэн бодол сэтгэлийг нь эзэмдэнэ. Цэрэндашийн Намхайнямбуу эвлэлийн илгээлтээр мал аж ахуйн үйлдвэрлэл дээр гарснаасаа хойш бие даан суурь сүрэг хариуцсан анхны жилийн зуны нэгэн өглөөний ярьсан яриа нь юм. Ц.Намхайнямбуу баатрын эцэг эх 2 нь биеийг нь ч, ухааныг нь ч төрүүлсэн. Үнэхээр ч өсөх бага насанд нь хэрсүү ухаан суулгаждээ. Өвөө эмээ нутгийн буурлууд маань Ц.Намхайнямбуу баатартай уулзахад малчин хүний арвин цагаан нөр .хичээнгүй хөдөлмөрийн тухай хүүрнэх бүрд ингэж бодогддог. Түүнтэй хонь малын тухай төдийгүй нийгмийн амьдралын ямар ч сэдвээр ярилцсан хэлсэн ярьсныг нь бишрэхээс аргагүй гэж ярьж байхыг олонтоо би сонссон. Ажлын төлөө болсон хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Энэ хүн бол гагцхүү Ц.Намхайнямбуу баатар юм. Тэр төр улсынхаа төлөө ажиллаж байсан ч мал малчин 2-оо хэзээ ч хаяагүй тийм л маландаа хайртай, ажилдаа сэтгэл зүрх бүгдийг нь зориулж чадсан баатар юм. Тэр уламжлан үлдээх сайн малчинтай болох асуудлыг хүүхдийг 8-10р анги төгсөх үеэс нь ярих асуудал биш санагдана. Малаа таргалуулж чадалгүй өөрийн муугаас үхүүлчихээд үр хүүхдүүдийнхээ дэргэд нийгмийн малыг муулж ярих юм бол тэдэнд ямар сэтгэгдэл төрүүлэх үү? Нас бие тогтсон үеэс нь биш гадна орчноос нь юм хүлээж авах 3-4 насны үеэс нь эхлэн хүүхдийг малд хайртай  болгомоор байна. Тэгэхлээр ахмадууд бид малчныг залуу халааны тухай, залуучуудын хүмүүжлийн тухай шогшрон ярих биш бид тэдэнд ямар харагдаж байна гэдгээс өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй санагдана гэж ярьсан. Энэ ярианаас ойлгоход мал маллах  нь их нарийн ажил байх нь харагдаж байна. Мөн Ц.Намхайнямбуу баатар маань сонины идэвхитэн бичигчдийн нэг зөвөлгөөнд оролцож байхдаа мал маллах чин эрмэлзэлтэй ажлын арга эвээ олсон гэхдээ олноо алдаршаагүй залуу малчин олон байна. Тэд хаагуур яаж гарч ирэх вэ? Гээд л булталзаад л байна. Сонины ажилтнууд идэвхитэн бичигчид чухамдаа тэднийг л олж бичих хэрэгтэй байна гэж хэлсэн нь ёстой л малчдад маань загтнасан газар маажив гэгч болсон гэдэг. Тэр цагаас хойш ёонины редакцийнхан олон арван идэвхитэн бичигчид зөвхөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд төдийгүй улс ардын аж ахуйн аль ч салбарт тийм л хүмүүсийг эрж хайж эгэл жирийн мөртлөө үнэхээр хөдөлмөрийн хүнийг олж тодруулахаар үзгээ хурцалцгаадаг болжээ.
Сонины уран бүтээлчид баатрынхыг зорихоор тариат бригадад очихдоо тэд сонгино сумаас манай хамаатны нэг хүнтэй явсан гэдэг. Хамаатан ах маань ярихдаа нэг удаа мал ид төллөлтийн үеэр Ц.Намхайнямбуу баатрыг нийслэл рүү явахад нь тэднийд туслахаар очиж л дээ. Гарсан төлөөс арай л тавьж туучихаагүй байсан. Баатрыг ирэхэд нь би нэг хурга амлуулах гээд хурга захдаад эхийгээ хөхдөггүй. Баатар маань машинаас буунгуут хүрч ирээд нөгөө хурганд хүрэх шиг л болсон гэтэл хурга нь эхийгээ хөхөөд эхэллээ. Би ид шидтэй хүн гэж хэлэх гээгүй. Нээрээ л тэгсэн юм даа гэж тэр ах дахин дахин өгүүлж билээ. Үнэхээр үнэмшмээргүй гэхдээ энэ бүхэн Ц.Намхайнямбуу баатрын бодит амьдрал юм. Ц.Намхайнямбуу баатар олон цөөн хоногоор явах ажил бишгүйдээ нэг гарна. Зэргэлдээ сум аймгаас урилга тасрана гэж үгүй. Хониноос салах дургүй энэ хүн ийм их ажлыг амжуулах нь амжуулдаг л байж. Харин тэр хугацаанд гарсан хохирлыг нэг хонь бол нэг үйлдвэр гэсэн үг. Хонио нэг өдөр цатгаагүй бол өч дөчнөөн мах, сүү, ноос алдаж байгаа юм гэж үздэг хүн. Үүнийг яаж зохицуулдаг юм бол гэж бодоод сонирхон асуухад: тэр жижигхэн цагаан шүдээ яралзуулан инээмсэглэж зугаа цэнгэлтэй газар явж байгаад ирсэн хүн хүнийг муу хэлэлтэй нь биш..
Яаж аргалах аргаа л олох хэрэгтэй болдог юм гээд цагаахан сэтгэлээр тас тас хөхөрч билээ хэмээн нутгийхандаа ярьсан ярианых нь хэсэг юм. Энэ бүхнээс харахад амсар бялхам амжилттайгаар хөдөлмөрлөж амьдарсан энэ хүн бол Ц.Намхайнямбуу баатар та байлаа.
Улсын их хурлын гишүүн БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар хоньчин Ц.Намхайнямбуу баатар та төр улсдаа түшиг нөмөртэй нутаг усныхаа хайр хүндэтгэлийг хүлээж чадсан баатар таны гаьъяат үйлс нь үеийн үед мөнхөд мөнхрөн үлдэх болно.

Завхан аймгийн Сонгино сумын МУ-ын хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуугийн нэрэмжит бүрэн дунд сургуулийн 10а ангийн сурагч Дашдаваа овогтой Соёлбаяр

“Хоньчин баатраараа бахаргацгаая” зохион бичлэгийн уралдааны 13-18насны ангилалд тусгай байр эзэлсэн зохион бичлэг

Хоньчин баатраараа бахаргацгаая

Хүний амьдралын үеүүдийг эртний Грекийн их сэтгэгч Пифагар улиралтай зүйрлэсэн байдагчлан хаврын улирлаар хүүхэд насыг. зуны улирлаар залуу насыг, намрын улирлаар идэр насыг, өвлийн улирлаар өтлөх насыг адилтгасан байдаг. Үүний нэгэн адил бидний бахархал болсон нэгэн хүмүүний түүхт амьдралыг улиралтай зүйрлэе.
Хавар цаг: тэртээх 1948 онд малчин ард Цэрэндаш, Лхамжав нарын хүү болон Сонгино нутаг, Тариатын голоосоо Төрсөн чиг, гарсан чиг хүмүүнээ. Хавар болж юм бүхэн сэргэж өөрчлөгддөгийн адил хүү том болж сумынхаа сургуульд сурч байгаад МХЗЭ-ийн илгээлтээр хоньчин болж, их амьдралын анхны алхмаа хийсэн. Эцэг эхийн хамт мал маллах арга ухаанд суралцан өөртөө маш том хариуцлага хүлээж, мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж эхлэх үедээ  таван зуун эм хонь авч төлөөр нь Сонгино сумынхаа Энхтайван нэгдэлд түмэн цагаан хонь болгож өгнө гэсэн том үүрэг амлалт авч гарлаа. Энэ бол маш том хариуцлага, нөр их хөдөлмөрийг залуу хүүгээс шаардаж байлаа. Аливаа хийж бүтээе гэсэн сэтгэлээр яг л
                Саруул тунгалаг Завхан гол шигээ
                Сайхан чиг өөдрөг хүмүүнээ.
Зун цаг: гэдэг цаанаа л нэг амар тайван байдаг шиг баатар маань ч гэсэн намуун дөлгөөн жинхэнэ Монгол эр хүн билээ.
Онгон шүтээн очирваань шигээ
Одтой чиг адтай хүмүүнээ. Ёстой л одтой, адтай хүү дээ. Олон жилийн нөр их хөдөлмөр эцэж цуцашгүй зүтгэлийн үр дүнд хариуцлага дагуулсан амлалтандаа хүрч энэхүү хүч хөдөлмөр нь улс эх орондоо үнэлэгдэн 1978 оны 5сарын 20ны өдөр БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар хэмээх асар том цолыг хүртсэн.
Оргил хайрхан тэнгэр уул шигээ
Түшигтэй чиг нөмөртэй чиг хүмүүнээ гэж 1977онд эхнэр Жаргалтай ханилан
        Есөн гэгээн үрсийн дуулалтай
        Ерөөлтэй чиг заяатай чиг есөн сайхан үрийнхээ хайрт аав нь юм. Түүний эхнэр Жаргал нь БНМАУ-ын залуу аварга малчин болсноор агуу их хөдөлмөрч гэр бүл гэдгээ харуулсан. Хур бороо шаагин асгардгийн адил шагналын хур үерлэн буусан цаг байлаа.
Намар цаг: Цаг хугацаа өнгөрсөөр хорвоогийн өнгө солигдсоор
 нартай сартай ертөнц дээрээ        
намтай чиг, төртэй чиг хүмүүнээ. Баатар маань Монгол улс даяар нэр цуу түгсэн алдарт хоньчин байгаад зогсохгүй эх орон ард түмнийхээ төлөө амьдралаа зориулсан төр нийгмийн зүтгэлтэн юм. БНМАУ-ын 9,10,11 АИХ-ын депутатаар, 1992-1996онд УИХ-аар сонгогдон хууль санаачлах, батлах үйл явцад идэвхтэй оролцсон. Монгол улсынхаа төр нийгмийн асуудал тэр дундаа малчдын нийгмийн асуудалд түлхүү анхааран тэдний дуу хоолой нь болон мал сүргийн тухай хуулийг санаачлан баталж байснаараа онцгой үүрэг гүйцэтгэж байсан нэрт төрийн түшээ бидний баатар билээ. Намтар түүхийн алтан хуудаснаа, нэртэй чиг мөртэй чиг хүмүүнээ.
Өвөл цаг: цас хаялж хорвоогийн өнгө солигдон тэнхлэгт нүдэн гариг хуудсаа эргүүлдэг шиг баатрын маань санчиганд буурал нэмсээр түүхийн хуудас зузаарсаар түүнийг зөвхөн сайн малчин төдийгүй амьдралын ухаан сайтай, аливаа асуудалд голч байдлаар ханддаг үзэл бодлоо оновчтой илэрхийлдэг, шинэлэг сэтгэлгээтэй хүн хэмээн төр нийгэм, анд нөхөр, ард түмэн нь үнэлдэг байв. Түүний хэлж байсан онжтой сургааль үгнээс дурьдвал: Малыг жаргааж байж малласан болдог юм, хонио үргээн машин мотоциклоор эргүүлж, ширүүн гуугчиж болохгүй. Мөн ямар ч төр тогтлоо Монгол орны эдийн засгийн хөгжлийн үндэс нь мал аж ахуй байх болно зэрэг алсын хараа холын бодолтой үгсийг хэлдэг байснаар тогтохгүй хойч үедээ өөрийн үнэт зөвлөгөөг өгөх тэднийг мал маллах ухаанд сургах зэрэг бүхий л амьдралаа амралтгүй их ажил хөдөлмөр    нөгөө талаар хариуцлагын дунд өнгөрөөсөн юм. Баатар маань Монгол улсынхаа төр нийгмийн сайн сайхны төлөө хүчин зүтгэж, санаачилж, хойч үедээ үнэт сургаалаа хайрлаж байгаад 2003 онд өвчний улмаас 55 насандаа улс орон, бид бүгдийгээ орхин одсон.
        Буман цагаан хонины хишигтэй
        Буянтай чиг бурхантай чиг хүмүүнээ. Би Завхан аймгийн Сонгино сумын Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуугийн нэрэмжит бүрэн дунд сургуулийн 11р ангийн сурагч. Би сурч буй сургууль баатраараа бахархахгүй юм бол өөр хэн бахархах юм бэ? Хаана ч явсан Ц.Намхайнямбуугийн нэрэмжит гэсэн тодотгол үргэлж дагаж явдаг нь нэг талаар бахархал нөгөө талаар асар их үүрэг хариуцлагыг хүлээлгэдэг болов уу гэж би боддог юм. Баатрын сургуулийн хүүхэд аливаад баатарлаг л байх хэрэгтэй. Түүний төлөө хичээж чармайж, хөдөлмөрлөдөг байх нь хамгаас чухал. Тэгхээр энэ сайхан хүнээрээ бахархан хүүхэд бид өөрсдийн чадах зүйлээр хичээн чармайж эрдэм номд шамдан суралцвал, би баатрын сургуулийн сурагч гэдгээрээ бүрэн бахархаж чадна. Аливаа зүйлээр бахархан омогшино гэдэг үнэхээр сайхан зүйл. Би хэдхэн хоногийн өмнө 11р анги төгсөлтийн эрдмийн баяраа хийж баатрынхаа хөшөөнд цэцэг өргөж, хоньчин баатрынхаа дууг дуулж зогсоход энэ хүн ямар агуу хүн бэ гэдгээр өөрийн эрхгүй бахархан омогшиж зогссон. Эгэл жирийн малчны хотноос нөр их хөдөлмөр, ажилсаг чанараараа товойн гарч төр түшилцэн өөрийн хөдөлмөр бүтээлийн балрашгүй ул мөрийг түүхийн хуудаснаа үлдээсэн. Завханчууд,Сонгиночууд бидний үлгэр дуурайл болсон баатраараа бахархан омогшиж, алдаршуулан магтмуй. Тиймээ баатрын алтан соёмбо хоттой хониндоо бий.
       
Хоньчин баатар минь хорвоод мөнхөө
        Хөдөлмөрийн баатар хөгжилд мөнхөө. Таныг агуу их алдрыг бишрэн сөгдмүй.

Завхан аймгийн Сонгино сумын МУ-ын Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуугийн нэрэмжит  11-н жилийн сургалттай бүрэн дунд сургуулийн 11р ангийн сурагч Сэрдамбын Отгонбилэг

"Хоньчин баатраараа бахархацгаая" зохион бичлэгийн уралдааны 7-12насны ангилалд 1-р байр эзэлсэн эзэлсэн зохион бичлэг
                       
Хоньчин баатраараа бахархацгаая

Сонгино сум нь Завхан аймгийн баруун хойд хэсэгт Хангайн нурууны төгсгөлийн тэгш өндөрлөгт уулс зонхилсон бүсэд оршдог билээ. Тус сум 122000 толгой малтай, 248953 га газар нутагтай. Үүний 97%-ийг малын бэлчээр, 1.7%-ийг ой мод эзэлдэг юм. Далайн түвшнээс 1700-2200 метр өндөрт өргөгдсөн эрс тэс уур амьсгалтай нутаг билээ. Сумын эдийн засгийн гол үндэс нь бэлчээрийн мал аж ахуй юм. Хэдэн зуун жилийн өмнөөс дөрвөн улиралд нүүдлийн мал аж ахуй эрхэлж, түүнийгээ маллан өсгөн үржүүлж, ашиг шимийг нь авч ашиглан амьдарч ирсэн уламжлалтай билээ.манай сумыхан маш ажилсаг, эвсэг найрсаг, авъяаслаг мэдрэмжтэй ард түмэн юм. Үүний тод жишээ нь манай сумаас ардын хувьсгалын партизан, ахмад дайчин, хөдөлмөрийн баатар, улсын гавъяат болон алдар цолтнууд маш олноор төрөн гарч нутаг орноо дуурсгаж байдаг билээ.бидний өвөг дээдэс дэлгэр өлгий нутаг тэгш сайхан байгаль дэлхий, онгон догшин уул ус, газар шороогоо унаган төрхөөр нь нандигнан хадгалж цэвэр ариунаар нь хайрлан хамгаалж хойч үе бидэндээ өвлүүлж өгсөн юм. Хойч үе бид энэ уламжлалыг залган авч төрсөн нутаг орноо хайрлан хамнаалж хойч үедээ өвлүүлэн үлдээх нандин бөгөөд хүндтэй эрхэм үүрэг ноогдож байгааг хүндэтгэх ёостой юм. Бидний энэ өгөөмөр сайхан Сонгино нутагт 1948 онд нэгэн ажилсаг хүү төрсөн нь “ Хөдөлмөрийн баатар алдарт хоньчин мөр нийгмийн зүтгэлтэн ЦЭРЭНДАШИЙН НАМХАЙНЯМБУУ” байсан билээ. Ц.Нахайнямбуу нь бага насаа бидний нэгэн адил эцэг эхийн гар дээр өнгөрүүлж сумынхаа дунд сургуульд суралцаж байгаад 1965 онд МХЗЭ-ийн илгээлтээр хоньчин болсон юм. Хоньчин болмогц нутаг усны хашир сайн малчдын мал маллах эх эрдэмд суралцаж өөрийн бүхий л ажил амьдралаа зөвхөн мал маллах төвөгтэй бөгөөд эрсдэлтэй ажилд зориулсан байна. Түүний мал маллаж амжилт гаргасан гол арга барил нь:
-Мал нэг бүртэй тулж ажиллах, нутаг бэлчээрийг тохируулан маллаж хотгүй отроор малдаа дээд зэргийн тарга хүч авхуулж, авсан тарга хүчийг алдахгүй тогтоон цаг үргэлж малаа тарган байлгаж чаддаг нь түүний ажилын амжилтын үндэс байлаа. Малдаа байнга ажиглалт хийн ядарсан доройг ялган тэжээлд оруулах, ойрын бэлчээрт хариулах, бэлчээрийг цаг агаар нөхцал байдалд тохируулан ашиглах зэрэг нь түүний мал маллагааны нэг онцлог байсан юм. Тэрээр нэгдэл нийгмийн дан төллөх эм хонь хариуцан маллаж төлийг хагас эхлээрийн аргаар бойжуулдаг нь түүний төл бойжуулах нэг онцлог байсан юм. Тиймээс төл бүрийг хорогдолгүй бойжуулж зөвхөн малласан малынхаа төлөөр нь төр нийгэмдээ хоёр түмэн хонь өсгөн өгч “БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар” гэдэг эрхэм бөгөөд хүндтэй цолыг хүртэж Монгол улс даяар нэр хүнд нь түгэн Сонгино сумын нэрийн хуудас болон дуурсагдаж бид бүхний бахархал болж байсан юм. Ц.Намхайнямбуу бааиар нь ард түмэн эх орныхоо төлөө амьдралаа зориулсан төр нийгмийн зүтгэлтэн байсан билээ. Тэрээр “Ардын их хурлын 9,10,11 дэх удаагийн сонгуулиар их хурлын депутатаар 1992 онд Улсын их хурлын гишүүнээр  сонгогдож, төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж хөдөөгийн хөгжлийг хурдасгах, малчилын нийгмийн асуудлыг шийдэхэд илүү аихаарч “ Тэмээн сүргийг хамгаалах хууль”, “ Малын удмын сан”, “ Эрүүл мэндийг хамгаалах хууль”-уудыг санаачлан боловсруулалцаж чуулганд оролцуулан хэлэлцүүлж байсан төрийн хүндтэй түшээ байсан юм. Тэрээр зөвхөн сайн малчин төдийгүй амьдралын ухаан сайтай аливаа асуудалд шудрага голч байдлаас ханддаг үзэл бодлоо чөлөөтэй оновчтой илэрхийлж чаддаг шинийг эрж хайж байдаг ноён нуруутай төрийн зүтгэлтэн сайн малчин байсан юм. Ц.Намхайнямбуу нь сайн эцэг халамжит хань 9 хүүхэдтэй айлын тэргүүн байж олон найз нөхөд багш шавиар хүрээлүүлсэн манай сумын тэргүүний хүмүүсийн нэг байсан билээ. 2006 онд түүний хөшөөг сумын төвд сүндэрлүүлэн босгож манай сургуулийг түүний нэрэмжит болглсон нь тус сумын хойч залуу үе сурагчид тус сумын иргэн бид бүхний бахархан дууриах дурсан хүндэтгэж явах эрхэм шүтээн байх нь дамжиггүй юм.
                
Завхан аймгийн Сонгино сумын МУ-ын Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуугийн нэрэмжит  11-н жилийн сургалттай бүрэн дунд сургуулийн 3а ангийн сурагч Б.Дэлгэрмагнай

“Хоньчин баатраараа бахаргацгаая” зохион бичлэгийн уралдааны 7-12насны ангилалд 2-р байр эзэлзсэн зохион бичлэг
       
Хоньчин баатраараа бахаргацгаая
Уугуул нутгийн малчин ардын хүү Ц.Намхайнямбуу 1948онд
            Хөгшид өвгөдийн хүндэт бурхан
            Хүн ардын сэтгэлийн шүтээн
            Харах бүрдээ наминчлан залбирдаг
            Хайрхан уулын өвөр бэлд мэндэлж бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлэн Сонгино сумын дунд сургуульд суралцаж байгаад мал аж ахуй дээр гарч аав Цэрэндаш ээж Лхамжав нарын хамтаар мал маллаж эхэлжээ. Энэ үедээ тариа будаа халиуран найгаж, ус ургамал жигдэрсэн тариатын уудам хөндийд морин дэл дээр хийморь нь сэргэж, хонин сүргийн дэргэд ухаан нь тэлж, малчин удмын уламжлалыг хадгалан 500 эм хонь авч төлөөр нь өсгөн, сумынхаа нэгдэлд түмэн цагаан хонь өсгөж өгснийг нутгийн ард түмэн ам дамжин бахархан ярьсаар өнөөгийн хүүхэд бидний танил нэгэн ах болсон юм. Малд нүдтэй хэрсүү, ажилсаг хүү “Мал дагавал ам тосдоно” гэгчээр уйгагүй хөдөлмөрлөн, малын хишиг буяныг хүртэж, амьдрал ахуйгаа авч явсаар улмаар нэр төртэй малчин хүн болжээ. Баатар малчны “Дунд идэш, дулаан хэвтэш” гэж урин дулаан цагт өтөг бууцаа засч, тохижуулан, хадлан тариагаа бэлтгэн, өвөлжилтийн бэлтгэлийг ханган, өвлийг өнтэй давдаг бөгөөд харин зуны аагим халуунд өглөө оройны сэрүүнд малаа идээшлүүлэн, тарга хүч авахуулдаг “Нойронд сэргэг, номонд мэргэн” байсан ажилч хичээнгүй арвин туршлагыг нь манай нутгийн залуу малчид өвлөн үлдсэн юм. Аав, ээж, ахан дүүс нутаг орныхоо нэр төрийг өндөрт өргөн, итгэлийг хүлээж явсан хүндтэй гавъяаг хүүхэд багачууд бид үеийн үед дурсан мөнхжүүлж, бахархан дуурайж байх болно. Тиймээс ч сумын 80 жилийн ойгоор “Баатрын алтан соёмбо хоттой хонинд минь байсан” гэсэн хэлсэн үгийг нь сийлсэн цээж баримал хөшөөг захиргааны өмнөх төв талбайд босгож,хүндэтгэл үзүүлдэг бөгөөд сумын сургуулийг түүний нэрэмжит болгон хүүхэд багачууд бид үлгэр дууриалаар нь хүмүүжиж байдаг юм. МУ-ын хөдөлмөрийн баатрын төрж өссөн нутаг буюу миний төрсөн Сонгино нутаг нь дөрвөн цагийн улиралд дураараа нүүх өргөн уудам нутагтай, Өвгөн, Мангина, Хайрхан, Түлээт, Олон булаг гэсэн өндөр өндөр уулстай, Тариатын гол, Уртын гол, Зараагийн гол, Баруун гол гэх мэт том том голуудтай. Аргаль, Янгир, Үнэг, Чоно, Буга, Гөрөөс бүхий ан амьтадтай, ховор эмийн ургамлаар баялаг билээ. Хүн ард нь ажил хөдөлмөрч, зочломтгой, ах захаа хүндэтгэн, өвөг дээдсээс уламжилсан ёс заншлаа хадгалж явдаг юм. Баатраараа овоглосон Сонгиночууд бидний бахархал дууриал батжиж, хоньчин баатар минь хорвоод мөнх, хөдөлмөрийн баатар минь хөгжилд мөнх байх болно.

Завхан аймгийн Сонгино сумын МУ-ын Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуугийн нэрэмжит  11-н жилийн сургалттай бүрэн дунд сургуулийн 4а ангийн сурагч Батбаяр овогтой Золсайхан

“Хоньчин баатраараа бахаргацгаая”зохион бичлэгийн уралдааны 7-12насны ангилалд 3-р байр эзэлсэн зохион бичлэг
           
Хоньчин баатраараа бахаргацгаая

Эмээгийн минь дүү Цэрэндаш гуайн том хүү Сургуулийн минь нэр Сурагчийн дэвтрийн нүүр 4-н жилийн сурагч, 9-н хүүхдийн эцэг, сум нэгдлийн депутат, УИХ-ын гишүүн, эх орны хууль санаачлагчийг батлагч, балчир бага наснаасаа түмэн цагаан хонио төр засагтаа өсгөгч, нам төрийн зүтгэлтэн байсан юм. Хайрхан уулын зүүн үзүүр Хонгилт өвөлжөөний хадтай энгэр, Мараат зөөлөнгийн ар өврөөр хахир хүйтэн хавар, өвлийг туулж, Бор толгой, Бор гүвээ, Баян голын эх, Нурдаг, Майхан, Шар худагаар нутаглаж нүүдэллэсэн. Зуны сайхан зуслангийн гоёд хуучин төвийн адагт хужир мараа хөөж Шувуун бор улаан халзан мориндоо богцоо ганзаглан цуваа нөмөрч Тариат голоороо отролсон, уулзаад салахад уйдах завгүй сайхныг зөвлөсөн, ухаант нэгэн малчин бас төрийн түшээ хүн юм билээ. Хонгилт үхэр хадан чулуунд нөмөрлөсөн өвлийн хүйтнийг давж, дэнгийн гэрлээр гэгээ гаргаж, ихэр хундан хургануудаа тэнцүүлж, шөнийн харанхуйд хотон дотроо хүүхэд шавиа дагуулж, амьдралыг сургаж, зүлэг ногоо ургасан зуны сайханд ус хужир мараа хөөж, номоо уншиж, эрхээ барисан шүшлэгтэй гэгээнтэн.
Амбаа ажаа гэж нутгийн залуу дөрөө мултлан хадлан сургална. Сайрын худгийн ар жалганд сайн бухал өвс гарна даа. Тариатын адаг хүйтний ард таана, тарваган шийр байна түүнийг базааж ав гэсээр хамтач хөдөлмөрч хүнлэг зан гаргана. Идэр залуудаа “Хөдөлмөрийн баатар” авч хийсэн гавъяагаа үнэлүүлсэн алиа хошин шог үгтэй түүгээрээ хэнийг ч болов ухаарлыг сануулж, нэгийг бодуулсаар нутгийн хөгшид нь Болоожоо дүү минь гэсээр нутаг цаг агаар зөвлөлдөнө. Аймаг сумын хурал зөвлөгөөн гээд гадуур гарч гарна. Харин арын албыг амаа эгч нялх нойтон хүүхдүүдтэйгээ дааж үлдэнэ. Дажгүй ирэхэд нь сайн л байж байна. Ийнхүү их хурлын гишүүн болж төрийн түшээ түмний тэргүүн явж байгаад эгэл жирийн сургуулийн ажилтан гэх зэрэг эр хүний хийдэг бүгдийг хийсэн нэг юм билээ.
Аав минь ярьж, би ном сонсож, уншиж ийм л нэгэн авга ах шигээ хүн болохыг мөрөөдөж, зорьж явдаг тийм л хүн болно.

Завхан аймгийн Сонгино сумын МУ-ын Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуугийн нэрэмжит  11-н жилийн сургалттай бүрэн дунд сургуулийн 2а ангийн сурагч Нанзандоржийн Элбэгзаяа

“Хоньчин баатраараа бахаргацгаая” зохион бичлэгийн уралдааны 7-12насны  ангилалд Тусгай байр эзэлсэн зохион бичлэг
             
   Сайн малчин

Бидэнд бахархах зүйл олон бий. Бид оюун ухаан, авьяас билиг, аав ээж, ах эгч, дүү, багш, өвөө эмээ гээд олон хүнээр бахархдаг юм. Ялангуяа намайг амьдралд хөл тавихад ихийг сургасан багш, намайг төрүүлж өсгөсөн аав ээж, эх орон, анги хамт олон, алдартан баатрууд, бүх сайн сайхнаараа бахархдаг юм. Эх орны минь хилийг хамгаалж байгаа дайчин цэрэг ах эгч нараар, өвчнийг анагаадаг эмч нараар бахархдаг. Ангийн андын дотно сэтгэл, ах эгчийн тусч байдал, ээжийн ариун сэтгэл, аавын хөгжөөнтэй байдал, өвөө эмээгийн өглөгч байдал бүгд л бахдамжтай. Эдгээрийн нэг нь хөдөлмөрийн баатар хоньчин Ц.Намхайнямбуу гуай юм. Манай сумын ард олон төдийгүй сурагч бид энэ  алдартай хүнээрээ бахархаж, төрөлх сургуулиа түүний нэрэмжит болгосон юм. Ц.Намхайнямбуу нь 1948онд Сонгино сумын нутаг Сонгино хайрхан уулын өвөр бэлд төрсөн юм. Ц.Намхайнямбуу нь анх Чулуунбаатар гэдэг нэртэй байжээ. Унаж татсан учир нэгэн орос эмчид үзүүлж байхад орос эмч “Волдя волдя” гэж дуудснаа танай хүүд “Болож” гэдэг нэр өгч байна гэжээ.
Боложийг 1р ангид ороход Орос нэртэй хүүхдийг Монголчлох хөдөлгөөн өрнөж байжээ. Боложийн ангийн багш Нямдорж чамд Намхайнямбуу гэдэг нэр өгч байна гэв. Сонгино сумын дунд сургуульд суралцаж байгаад 1965онд МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуй дээр гарчээ. Мал маллаж байх үедээ 500 эм хонь авч төлөөр нь өсгөн Сонгино сумынхаа “Энхтайван” нэгдэлд түмэн цагаан хонь болгож өгнө гэсэн үүрэг амлалт авч уйгагүй хөдөлмөрлөсний дүнд амлалтандаа хүрч байжээ. Мал аж ахуйг хөгжүүлэх, малд тарга хүч авхуулах, ашиг шимийг нь дээшлүүлэх, мал маллах арга туршлагаа залуу үед өвлүүлэх талаар бодитой хувь нэмэр оруулсан хүн юм. Үүнийхээ үр дүнд 29хөн насандаа буюу 1978 онд “Хөдөлмөрийн баатар” цол хүртэж байжээ. Түүний хэлж байсан үнэт үгс өнөөг хүртэл бидэнд төдийгүй ирээдүйн малчдад сургааль болсоор байгаа юм.
Заримыг нь дурьдвал ....... “малыг жаргааж байж малласан болдог юм, хонь үргээн машин мотоциклоор эргүүлж, ширүүн хашхиран гуугчиж болохгүй.”
.............” ямар ч төр тогтлоо Монгол орны хөгжлийн үндэс нь мал аж ахуй байх болно”
...........” Баатрын минь алтан соёмбо хоттой хонин дотор минь бий”
.............” Хүн хөдөлмөрлөх тусам ажлын үр дүнг мэдэрдэг.”
Сайн малчин шигээ сайн үйлс бүхнийг бид бүхэн бүтээх ёстой.

Завхан аймгийн Сонгино сумын МУ-ын Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуугийн нэрэмжит  11-н жилийн сургалттай бүрэн дунд сургуулийн 3а ангийн сурагч Л.Номиндолгор




Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats