Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Түмэн цагаан хонь
1977 оны өвөл цаг.Өвлийн хүйтний эрч хоног хоногоор чангарч,малын хоргол газар унангуут хөлдөж төмөр үрэл шиг болж байв.Цан хүүрэгт дарагдсан харгана бутны толгой нарны туяанд гялтганана.Хотны бор бялзуухай хашаа саравчны нөмөр,тэрэг чарганд аясан өвсний зай завсраар орчихоод хүнээс үргэж цочих тэнхэлгүй болжээ.Хангайн сайхан буга хүртэл айлын гэр бараадаж ирэхэд малчны хүүхдүүд тугал бярууны өвс тэжээлээс илүүчлэн өгч,туйлдсан заримыг нь өөрсдийнхөө дээл хувцсаар нэмнэсэн үзэгдэнэ.Торомгор хар нүднээсээ илүү хайрлаж    явдаг салаа сайхан эврээ дааж ядан,ойртсон хүмүүсийг энэрэл эрсэн харцаар ширтэнэ.Малчид үхрийн эвэр,сүүлэнд дугтуй углаж,бог малын шилбэнд даавуугаар  ороожээ.Тэд мал сүргээ онд мэнд оруулах гэж ууж идэхээ хугаслан,унтаж амрахаа умартан,хүйтний эрчийг хөдөлмөрийнхөө илчээр нугалан цагийн хатууг туулна.Юутай хатуу өвөл гээч вэ?ийм цагт хүний ажил үйлс,зүтгэл бүтээл маллах арга ухаан тодордог ажээ.Тэр жилийн өвөл баруун зүгийн нутгаар явж байхад олон гайхамшигт хүнтэй уулзаж билээ.Ингэж явахад тэр өвлийн хатуу ширүүн нь зарим малчны суурьт огт мэдэгдэхгүй байлаа.Тийм малчны малын хот хэвтэр халуу дүйж,мал сүрэг нь омголон сэргэлэн харагдана.
 Энэ айхтар өвөл танай хотны хаагүүр өнгөрч байна? гэж асуухад "Зудтай зун тэмцдэг" гэж хууччууд ярьдаг.Өвөл болно гэдгийг   зун мартсан малчин өвлийг давж чадахгүй гэж шилдэг малчид ярьцгаана. Тэгэхдээ ярих хийх хоёрын хооронд асар их зай бий. Ярьсан бодсон бүхнээ ажил болгоно гэдэг амаргүй. Ам ажил хоёрын зөрүүг үнэнхүү сэтгэл зүтгэл нь ойртуулна.Тэр жилийн өвөл Цэрэндашийн хүүгийн ажил үйлсийг олон хүн харж байлаа. Харах харахдаа бас янз янзаар харж байсныг нуух юүн.Нэгдэлдээ нэг түмэн цагаан хурга бойжүүлж өгнө гэж 20 жилийн тооцоотой үүрэг авсан тэр залууг зарим хүн яахав залуу насны дэвэргэн сэтгэл. Амны билгээс ашдын билэг гэж үг бий.Бүтвэл сайхан л хэрэг.Үг нь сонсоход чихэнд чимэгтэй үг дээ.Энэ өвөл л харцгаана биз гэдэг байлаа.Хүйтний хэмжүүр -50 градус байсан тэр өвөл Цэрэндашийн Намхайнямбуугийнх нэгдлийнхээ 900 шахам толгой малтай байв.Төдий малыг тийм хатуу ширүүн өвөл нэг суурьт байтугай хоёр суурьт ч онд оруулах амаргүй нь мэдээж.Иймээс зарим нэгдэл тийм суурийг жижиглэн хэсэглэж онд оруулдаг тал ч бий. Гэтэл нэгдэл бригадынхны удирдах нөхөд Ц.Намхайнямбуугийнхыг бие дааж чадах суурь гэж үзээд тэднийх рүү шохшдог цаг,зөөдөг тэжээлийг өөр суурь луу зориулна. Харин тэдний суурьт ирсэн хүн өнөөх догшин ширүүн өвлийг агшин зуур мартаж,үнэтэй тарган намрыг сангалзан,сэтгэл санаа нь аяндаа өөхшин тайвширч,мэддэг,хийдэг,хэвшил болсон ажлынхаа тухай дандаа шинэ үг сонсоно.Тэгээд ижил малтай,ихэр бууцтай,хааяа нийлүүлэн айлсаж,хошуу нийлүүлэн бэлчээрлүүлж байсан боловч нэг янзын өвөл хоёр суурьт хоёр янзаар "зочилж" ирсний учрыг сая ухаарна.Дуу шүлэгт гардаг шиг гунын эвэр хөлдөм гурван есийн хүйтэн,Ц.Намхайнямбуугийн өвөлжөөнд зусаг,ишигний чихэнд ч хүрч чадсангүй.Ийм учраас түүнийг зарим хүн "азтай,тэнгэртэй" залуу гэлцэнэ.Аз,тэнгэр гэж хэрэв байдаг бол ажил үйлсийг л дагаж ирдэг байж таарна.Зарим малчин Ц.Намхайнямбуугийнхаас доргүй дулаан тохилог хашаатай,өвс тэжээлийн нөөцтэй, нэг нутаг усанд,нэг бэлчээрт адилхан оторлон таргалуулсан малтай атлаа ажлынх нь бүтээл үр дүн харилцан адилгүй болдгийг аз тэнгэр гэгчээр тайлбарлан сэтгэлээ зогоож суудаг бололтой.Нэг нутагт нутаглаж,нэг бэлчээрт үүрээс үдэш хүртэл малаа хариулаад байгаа тэр байдал ч нарийн ялгаа бий гэдгийг тэд анхаардаггүй байна. Завхан аймгийн Сонгино сумын "Энхтайван" нэгдлийн тариат бригадын нутаг,тэр ч байтугай хоньчин Ц.Намхайнямбуу түүний айл саахалтынхны нутагладаг газар орны байдал жил жилийн өвс ургамлын гарцыг тэр нь тийм гэж эрс ялгах гэдэг нэн бэрх.Харин ялгаа нь юу вэ гэвэл жинтэй хүйтэн өдөр Ц.Намхайнямбуу жилийн аль ч улиралд хөрс нь хуурай,чулуу багатай бэлчээрийг сонгон хонио хариулаад байхад,зэргэлдээх суурь нь хур борооны ус талаасаа ирж шингэдэг,харахад хуурай боловч хөрсний хөлдөлт ихтэй газар хонио бэлчээдэг байна.Гэтэл тийм газарт агаарын ерөнхий хүйтрэлтээс гадна хөрсний дороос жиндүүлэх хүйтэн их байдаг болохоор мал илүү даардаг.Тийм ч учраас туршлагатай малчид өвөлд хоёр янзын хүйтэн,зунд хоёр янзын халуун бий гэж ярьдаг.Энэ хоёр хүйтэн,хоёр халууныг эс анхаарвал малын хариулга маллагааны тохироог алдана.Харахад нэг нутаг бэлчээртэй гэх боловч тэр нэг нутаг бэлчээрт ийм ялгаа бий.Ц.Намхайнямбуугийн аз тэнгэр гэдэг нь энэ ялгааг ажигласандаа л байгаа юм.Жишээ нь зуны халуун өдөр хар чулуу ихтэй элсэрхэг хөрстэй газар хариулсан хонь энд тэнд бөөн бөөнөөр тасран бие биенийхээ сүүдэр бараадан ээрүүлтэй утас мэт бөөгнөрөн зогссоор ихээхэн цаг алддаг. Ийм бэлчээр наргүй бүрхэг буюу бороотой өдөр зохимжтой байдаг байна.Харин өвлийн хүйтэн өдөр тохиромжгүй чийглэг тэр бэлчээр зуны аагим халуун өдөр нэн тохиромжтой байдаг ажээ.Ялихгүй юм шиг мөртлөө ямар их ялгаа байгаа нь энэ бүхнээс үзэхэд ойлгомжтой.Ер нь ажиглаж чадвал ялихгүй юм гэдэг үгүй бололтой.Жишээ нь дулаан пүнзнээс хурга тэвэрч гарахад ч нарийн учир бий ажээ.Хурганы сарьсан сүгийг ил гаргаж тэвэрвэл салхи цохиулж хатгалаг амархан авчихдаг. Гэтэл үүнийг ажиглаагүй зарим малчин энэ хэдэн хургыг чинь бөөцийлсөөр байтал хатгалага тусчих юм.Хуурай хэвтэр, дулаан пүнз, элгэвч ер юу дутлаа гэх вэ гэлцэх нь дуулддаг.Үүнд ажиглалт анхаарал дутлаа гэхээс өөр ямар ч хариулт байхгүй бизээ. Ц.Намхайнямбуу бол энэ бүхнийг ажиглаж,энэ бүхнийг таньсан малчны нэг. Хөдөлмөрийн талбарт хүний оюун ухаан тэлж баяждаг юм билээ.Хөдөлмөрийн талбар бол насан турш суралцах их сургууль,хүн хөдөлмөрийн амт шимт ач гавъяаг биеэрээ амсаагүй цагт түүний аугаа гайхамшгийг хэзээ ч олж  харахгүй. Энэ гайхамшийг хараагүй хүн хөдөлмөрийг чин сэтгэлээсээ хүндэтгэх үзэл бодлоор ч дульхан байдаг. Ийм үзэл бодол суугаагүй хүний ажлын арга ухааны хүрээ өсөлт тун маруухан байх нь тун зүйн хэрэг юм.Яагаад гэвэл тийм хүмүүст чин сэтгэлийн зүтгэл,санаачлага дутмаг байдаг гэж хоньчин Ц.Намхайнямбуу ярьж байна.Энэ бол ажилд зүрх сэтгэлээсээ ханддаг хүний үг юм.Тэр жилийн өвлийн хатуу догшин сорилт Ц.Намхайнямбуугийн зориг самбааг нугалж чадсангүй. 1976-1977 оны өвөл түүний сууриас хэнз ишигний ч гарз гарсангүй.Харин ч 818-877 толгойн бог малыг үнэтэй сайхан жилийнх шиг тарган тавтай онд оруулж 281-350 хонь төллүүлж 284-350 төл бойжуулж,нэгдлийнхээ сүрэгт 634 төл нэмэрлэе.Тавдугаар таван жилд нэгдэлдээ 2500 төл бойжуулж өгөх үүрэг авсан энэ малчин залуу амлалт үүргээ 100 төлөөр давууллаа. 6-р таван жилд дээрхээс шахуу үүрэг авч ажилласан үед цаг агаар нэн хүндэрсэн боловч тэр бэрхшээлийг Ц.Намхайнямбуу ажлынхаа ааг эрч,арга ухаанаар давж гарсан юм.Түүний энэ амжилт "цаг хатуураагүй бол учир байлаа" гэж шалтаг заадаг зарим хүнд "эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг үгийн үнэнийг аргагүй сануулж билээ.Тэр эргэх 4 улиралд байтугай ээлжлэн өнгөрөх өдөр хоногт ч,мал сүргийнхээ арчилгаа маллагаанд өөр өөрөөр хандана.Тийм болохоор өдрөөс өдөрт дандаа шинэ зүйлийг олж харна.Ц.Намхайнямбууд цаг мөч бүхэн үнэтэй байдаг.Яагаад гэвэл тэр аймгийн ардын депутадуудын хурлын болон БНМАУ-ын ардын их хурлын депутат,МХЗЭ-ийн төв хорооны гишүүн,аймгийн намын хорооны гишүүн,халамжлан хүмүүжүүлэгч,аймгийн тэргүүний ухуулагч зэрэг нам,төр,олон нийтийн байгууллагын сонгуультай болохоор энэ хүлээсэн үүрэг ард түмнийхээ захиа даалгаварыг биелүүлэх ажилд тэр их цаг зардаг байна.Бас зэргэлдээ аймаг,сумдаас байн байн урилга ирнэ.Түүнд заавал оролцох учиртай.Депутатын хувьд,коммунистын хувьд түүнд хийх ажил үнэхээр их бий.Сонгогчдын захиа даалгавар,эрэлт хүсэлтийг судлах,биелүүлэх гэж хол ойр явах,биечлэн хөөцөлдөх ажил байнга гарна.Өөрийнхөө арга туршлагаар ажиллаж байгаа малчдын сууриар явж ажил байдалтай нь танилцаж,зааж зөвлөх заримдаа бэлчээр нутгийнх нь тохироог үзэж хонон өнжиж явах ч удаа бий.Энэ бүхнийг Ц.Намхайнямбуу завдан хийж байна. 10-р ангийн шалгалт өгсөн жил бүр ч их ажилтай байв.Бэлчээрт хонины дэргэд алгебр,хими,физикийн бодлого бодно.Түүх нийгмийн ухаан,уран зохиолын зузаан зузаан ном үншина.Асуух лавлах зүйл олонтоо тохиолдовч цаг чөлөө бага болохоор тэр бүхний хариуг өөрөө бодож,уншиж учрыг мэдхээс өөр замгүй болно.Юмыг хийе бүтээе гэж хүн үнэн санаанаасаа чармайвал хүнд хэчнээн их хүч нөөц бололцоо байдгийг Ц.Намхайнямбуугийн туршлага харуулж байна. 1978 оны зун цаг нутаг уснынх нь Ц.Намхайнямбууд баяр хүргэх гэж,түүний хэлэх ухаалаг үгийг сонсох гэж хуран цугларчээ.Түүний энгэр дээр БНМАУ-ын хөдөлмөрийн баатрын алтан соёмбо,Сүхбаатрын одон гялалзаж байв.Нөхөд өө МАХН-ын 17-р их хурлын төлөөлөгч ардын их хурлын депутат МХЗЭ-ийн 16,17-р их хурлын төлөөлөгч БНМАУ-ын хөдөлмөрийн баатар,хоньчин Ц.Намхайнямбуутай уулзах уулзалтын цуглаан нээснийг мэдэгдье гэтэл хуран  цугларагчдын дундаас цэх шулуун нуруутай,цал буурал тэргүүнтэй, сайхан өвгөн сэтгэл ихэд хөдлөн босч ирээд хал үзэж,хашир таньсан ухаалаг нүдээр цугларсан олныг нэгэнтээ тойруулан харснаа хөдөлмөр ариун цагаан хөдөлмөр гэж юу байдгийг харж байна уу? Ээдээ ажил л хүнийг,биднийг цөмийг өөд татна ажлыг хийсэн шиг хийцгээе. Энэ Цэрэндашийн хүүг харцгаа энэхүү нэгдэлдээ түмэн цагаан хурга өсгөж өгнө гэсэн тэр үгэндээ эзэн болж чадлаа.Улс орны маань цан хөмрөг юугаар арвиждаг вэ? Ажил хөдөлмөрөөрөө арвижин баяждаг.Нам засгийн зааж сургаад байгаагийн үнэн болохыг та бид хажуу хаяанаасаа харж байна биш үү? Өршөөгөөрэй намайг үг хэлнэ гэж зарлаагүй,Ц.Намхайнямбууг манай баатрыг,депутатыг үг хэлнэ гэж зарласан гэдгийг би мэдэж байна.Ээдээ ажлыг л сайн хий тэгвэл Ц.Намхайнямбуу шиг олны хайр хүндэтгэлийг аяндаа хүлээнэ гэж хэлмээр санагдаад тэсэлгүй босоод ирлээ.Манайд морин дэл дээгүүр давхиж залуу хүн мэр бий гэж ч хэлмээр бодогдлоо гээд цааш нь бас юм хэлэх гэснээ болив.Цугларсан хүмүүс тэр өвөөд баяр хүргэн алга нижигнүүлэн ташив.Ц.Намхайнямбуу тэр өвөөгийн хэлсэн үгний санааг дэмжиж үгээ эхэллээ.Гэхдээ сайн ажиллах их бүтээл гаргахын тулд яах хэрэгтэй юм бэ?Жишээ нь малчин хүн яаж ажиллавал дээр юм бэ гэж тэр өөрөөсөө асуугаад малдаа хайртай бай. Малыг хайрлахгүй бол түүнийг хамгаалах маллах ухаан төрхгүй.Ер нь юмыг хийе бүтээе гэсэн үнэн сэтгэл байсан цагт хүний зүтгэл санаачлага ундрана.Зүтгэл санаачлага байсан цагт ажлын арга дүйг олно.Жишээ нь өвс ургамалыг танина.Газар орон нутаг бэлчээрийн байдлыг мэднэ.Малынхаа тарга тэвээргийг бүр зүс зүсээр нь мэддэг болно.Ингэхгүйгээр мал нэг бүрд тохирсон арчилгаа хийж чадахгүй гэлээ.Тэгэхэд нөгөө өвгөн зүйтэй хүү минь чи тун зөв ярьж байна.Нам биднийг юмыг нүдэл гэж байна шүү юмтай байя гэвэл нүдтэй бай гэдэг биз ажилд сэтгэлээсээ ханд гэж чи маш зөв ярилаа."Сэтгэл муутын нүд харанхуй"гэж үг бий билээ.Тиймээ бүр сэтгэлээ үнэнхүү чин санаанаасаа хийх нь чухал ажилдаа их ухаантай,ухамсартай хандах болсон цагт үйлс бүтнэ.Зүгээр аргацаах,өдөр хоног өнгөрөөх гэсэн хүн ажилд хэзээ ч сэтгэлээсээ хандахгүй.Ингэхээр олигтой үр бүтээл гарахгүй.Үр бүтээл гарах арга замыг олж харахгүй. Сэтгэл муутын нүд харанхуй гэдэг үг ийм учиртай гэж Ц.Намхайнямбуу хэллээ.Уулзалтын цуглаан олон хүнд их юм бодууллаа.Эхэлж үг хэлсэн өвгөний царайд баярын мишээл тодорч өөрөө хөдөлмөрийн баатар болчихсон юм шиг бүр ч их эрч хүчтэй алхалж яваа үзэгдэнэ.Ц.Намхайнямбуу цуглаанаас гараад Сонгино хайрхан уулаа анх удаа үзэж байгаа юм шиг ажиглав.Найраг шүлэгт сэдэв болж нарийн зурагт санаа авмаар тэр сайхан уулын өвс ургамал нэг л базаахгүй үзэгдэнэ.Хур бороо хоёрын уршиг энэ дээ.Гэхдээ учир бий цагийн дэлгэрт цагийн хатууг давах бэлтгэлийг базаах нь чухал.МХЗЭ-ийн их хуралд явахын өмнө эргэж үзсэн нутаг газруудаараа маргааш явж үзүүштэй юм байна.Алсын оторт гарахаас өмнө тойргийнхоо сонгогчидтой уулзах ажил бас бий.Шавь нарынхаа сууриудаар орж тэдний малын тарга тэвээрэг нутаг уснынх нь өвс ургамалын гарцыг харж зөвлөж ярилцахгүй бол болохгүй гэж боджээ.Нөхдийн ажлын үр дүнг үзээд өөрийнхөөсөө илүү баярлан бахархаж явдаг түүний сайхан шинж чанар түүнд шинэ шинэ ажил нэмдэг боловч ингэх ёстой гэж тэр үздэг байжээ.Баатар хоньчин хамт олноо гэсэн ийм сайхан сэтгэлээр баатрын 2 дахь гараандаа гарлаа.Түм түмэн төлийн цангинасан дуу уянга яруу хөгжмийн эгшиг мэт түүний чихэнд цууриалж амжилтаас амжилтад ахих эрч хүчийг улам бадраана

Н.Цэвэгмид   /Ардын төр 1979.01.06нд/, /хуу 66-69/


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats