Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Түмэн цагаан хонь минь
 
Найруулал

Нар мандлаа. Яг л тариатын хөндийн нэг захаас мэлтэсхийгээд гараад ирэх шиг  тэгээд хоттой хонийг минь бас намайг гэгээн туяагаараа илбэн таалав. Өглөө эрт боссон хоньчин эрт бэлчсэн хонь хоёр л нартай эртлэн золгодог юм аа даа. Гэгээн нарыг саравчлан харав. Дараа нь хоттой хонио харав. Нар ч гэрэлтэй. Хонь минь ч цагаан. Нар хонь хоёроо харж байгаа би ч баяртай. Зуны сарын өглөөтэй хотондоо учрах юутай сайхан! Нялх ногооны үнэр хонинд минь шингээд ч тэр үү, газрын шим бүхэн хотноос анхилах шиг. Өглөө бүр хот захлан бэлчдэг монхор халзан маань өнөөдөр Сонгино Хайрханыг зүглэв. Хайрханы зүг ажвал энгэрт нь нэр тусч, цагийн хайрууд ч өнтэй байдаг  нь өвгөн буурал аавын минь энэрэл хайрыг санагдуулна. Сонгино хайрхан уулынхаа суганд 29 жил өвөлжиж, Тариатын голын нугад 29 зун зусжээ. Энэ нутагт  эхээс  унаж, шороон дээр нь хөрвөж өсөөд гучин насны даваан дээр гарах нь дээ. Хониныхоо нэхийгээр өлгийдүүлж , цагаан сүүгий нь эхийн ангир уураг шиг залгилж өссөний хишиг буянг мөн ч их хүртлээ дээ. МХЗЭ-ийн 17-р их хурал, Засгийн их ордонд болсон магнай хагарам баяр! Нам, засгийн их хайр өчүүхэн над шиг хүн дээр буугаад ирчихнэ гэж би яаж мэдэх вэ?
Төрийнхөө алтан соёмбыг ээжийнхээ оёж өгсөн дээл дээр зүрхэн талдаа зүүчихээд гарч ирэхдээ, хөдөлмөрийн баатар! юутай их алдар хүнд вэ? Нам, засаг минь хонио сайн хариулсан хүнээ ингэж хайрладаг юм байна шүү гэж бодож, баярын нулимс нүдэнд дүүрч байсан. Завхан аймаг, Сонгино сум “Энх тайван” нэгдэл Цэрэндашийн Намхайнямбуу гэсэн үгс яг энэ мөчид зэрэг гарсан.   Их итгэл шүү. Эвлэлийн их хурал болсноос нилээд хоног өнгөрч байгаа ч гэсэн түм түмэн  залуусын минь сор болсон төлөөлөгч минь их хурлын танхимаас нам засагтаа илэрхийлэн хэлж байсан үг санаанд илхэн байна. Хийх ажил мөн их байна даа. Яваад байна даа хө. Ямар тээр жил Лхасүрэн ахтай хонь тууж үүрэглэж явсан арван хэдхэн нас биш дээ. Мөн ч урагшгүй байж дээ. Нойр ихтэй байсныг яана. Тэгсэн ч гэсэн малаа тушаачихаад хоёр мянган төгрөг ээж аав хоёртоо өвөртлөөд ирж байсан. Бас нэг бор эсгийтэй. Энэ эсгий мөн ястай шүү гэж ээж барьж үзээд л, би гэдэг чинь хол замын аян туулж  ирсэн эр хүн гэрийнхээ хойморт сууж аав ээждээ магтуулаад л...ажил хийвэл сайхан юм байна.мал цөөтэй байсан аав минь нэгдэлд орохоороо өмнө хорин нэхий элдэж байж л ганц шөлний хонь олдог байсан. Нэгдэлд ороод л сэтгэл амарсан гэж ярьж байдаг сан. Нээрэн ч тийм юм  байна шүү гэж бодож билээ. Тэгээд намар нь  суурь толгойлж мал авмаар бодогдоод дарга нарт “хонь авъя” гэсэн. Арван зургаатай л байж дээ. 1965 онд юм чинь. Ашгүй надад мал өгч есдүгээр сарын 20-ны өдөр 920төлөг тоолж авдаг байгаа. Сүрэг авсан энэ өдөр бол нэг ёсондоо миний баяр юм даг. Тэр өвөл манайх Сонгино хайрхандаа өвөлжсөн. Яггүй жил байсан. Ядаж мал сайн таргалж чадаагүй жил. Гэсэн ч уул тийшээ нүүсэн бид нэг ч мал үхүүлээгүй. Харин говь руу нүүсэн айлууд   мал хороосон. Хавар нь бригадын хурал боллоо. Аав намайг мал авсан хүн өөрөө хуралд оч гэсэн. Очлоо. Малаа үхүүлсэн хүн тун уруу дорой сууж байгааг харахад сэтгэл ч зовмоор юм шиг. Миний сайных биш дээ. Ав минь л сайн өвөлжөөнд буусных гэж бодож суулаа. Мал сайн өвөлжүүлсэн хүмүүсийн нэг дуудаж шагнаж эхэллээ. Миний нэр гардаг байна шүү. Босч очлоо. Шагнал урьд авч үзээгүйг хэлэх үү.  Олны өмнө гарч хичнээн бантав. Бригадын үнэмлэх, бас аман хуур. Гараа өргөн тосч авлаа. За хонь сайн хариулбал ингэдэг юм байна шүү гэж дотроо баясч, хурал бушуухан тараасай. Аман хуураа нэг татах юмсан гэж бодож билээ. Одоо ч гэсэн миний хуурын эгшиг дуу хэвээрээ л байгаа. Засгийн минь анхны хишиг. Баатар болсны баяр дээр ч гэсэн миний хуур “Баян Монголыгоо” аялж л байна. Хуурнаас дутахгүй бас нэг юм надад бий.  1970 онд юмсан. Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо гялалзуулсан, энгэрээрээ дүүрэн олон одонтой өвгөн хоньчин Санжжав, Ганболд гуай хоёртой уулзаж билээ. Төлчдийн чуулга уулзалт байсан. Би тэр хоёр алдарт малчнаас нилээд юм асууж мэдсэн. Хонио хариулж байгаад л ийм их алдар гавьяанд хүрснийг нь хараад сэтгэл их хөдөлсөн. Бахтай санагдсан. Энэ хэдэн хонины захаас холдохгүй гэж бат бодсон. Тэгэхдээ зүгээр нэг хонины ээлж өнгөрөөгөөд намарт нь хэдэн төлөг тоо бүрэн суурилаад зогсохгүй, тодорхой зорилготой больё гэж шийдсэн. Тэгээд бодож бодож “Түмэн цагаан хонь төлөөр нь өсгөж нэгдэлдээ өгнө” гэж амласан. Энэ цагаас эхлээд сэтгэл амар байгаагүй. Залуу насандаа хэлсэндээ хүрэхгүй бол хэзээ ч хүрэх билээ. МХЗЭ-ийн гишүүн хүний нэр гэж бий. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр малын нүд аниулалгүй болж л явна. МХЗЭ-ийн төв хороо хайр шагналаа  ёстой л гар таталгүй хүртээсэн. 1973 он гэхэд “Улсын залуу аврага” гэдэг цол хүртлээ. Энэ нь ч миний МАХН-д элсэх бэлтгэл болсон юм. Намд орлогчоор элсэхэд хүмүүс за Ц. Намайнямбуу чиний ажил сайн байна. Гэхдээ тайвширч болохгүй. Сурах юм их бий. Амжилтандаа толгой эргэж болохгүй. Бүх ажил урд чинь байна. Сайн ажиллах хэрэгтэй гэсэн. Би намын гишүүдийн хэлсэн бүгдийг тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэж авсан. Одоо ч гэсэн эргэж хардаг. Нөхдийн сургаал мөн хэрэгтэй юм даа. Баатар болоход тэд л хамгийн түрүүн баярлаж гарыг минь барьсан. 17 жилийн дараа түмэн хонь нэгдэлдээ өсгөх амлалт маань хэрэгжинэ гэж бодогдоно.  Тэгэхэд би дөчин хэдэн насандаа явна. За тэгээд түмэн хонь өсгөснөөр миний зорилго дуусахгүй юм шүү. Нам засгийн энэ их хайр халамжийг хариулахад бас л багадана. Залуучууд, хүүхдийг малын дөртэй, наад зах нь морио ч гэсэн зөв аргамжчихдаг болговол аштай юу? Хүнийг мал сайн мэддэг малд дуртай болгоно гэдэг бас л чухал ажил. Үүний тулд нилээд мордож суух хэрэгтэй. Тэгээд бас бодох юм ч их бий. Яаж хэдэн хонио чимх ч гэсэн хэдэн өвс, балга ч гэсэн илүү ус уулгаж явъя даа! Үүнээс л миний ажил эхэлнэ. Өглөөний хийсэн ажлын дүн оройдоо л гарч байдаг. Сайхан цагт төрждээ би. Хоньчин чавганц хуралд суухад гайхаж байсан тийм үе байсан юм гэнэ лээ. Залуу сайхан насаа хий хоосон өнгөрүүлж дээ гэж хожим нь гэмшихгүй л байх хэрэгтэй юм шүү. Хонины бэлчээрээс би залуу насныхаа жаргалыг амсан явна. Хониныхоо буянаар би Москвад очиж олон орны залуустай нүүр учирсан. Кремлийн бадмаараг таван хошууг харсан. Их Ленины дүрийг харсан. Ленинград хотын цагаан шөнөөр зөвлөлтийн анд залуусын хөгжин дуулалдаж явахыг үзэж сонссон. Хувьсгалын дохио “Аврора”  хөлөг үзсэн. Яриад яах вэ. Ардын их хурлын чуулган болно. Тэгэхэд би хуралдааны их танхимд очиж сууна. Ингээд бодохлоор хөдөлмөрийн гэгээн туяа хэчнээн сайхан бэ? Түмэн цагаан хонь минь. Чи бол эх орноос минь надад хайрласан хишиг! Түмэн цагаан хонины минь буян хотол олонд минь хүртэж, сүндэрлэн босч байгаа орд барилга, сургууль соёлын газар, атар хээрийн тариалангийн талбай, нэгдэл бригад...хүн ардын эдэлж хэрэглэж байгаа юм бүхэнд нэмэр хандив болон орж байгаа гэж бодоход юутай бахдам.
... Сайхан зун болох нь ээ! Хур бороо, алтан дэлхийн шим хонинд минь шингэжээ. Түмэн цагаан хонь нэгдэлдээ суурилах миний хүсэл ч хонинд минь байна. Хонь ээлтэй мал. Малчин хүн хониноосоо тэнхээ орж байдаг юм. Тэр дундаа Ц. Намхайнямбуу гэсэн нэрийг минь гаргасан миний хоттой хонь наддаа ээлтэй юм. “Баян Монголын хонь ямаан сүрэг” гэсэн аман хуурын эгшиг чихэнд сонсогдох мэт. Сайхан ч хөгжим, сайхан ч дуу. Энэ бол ариун цагаан хөдөлмөрийн яруу сайхан эгшиг билээ.

1978 он 04-14нд  №195   Д. Амбасэлмаа


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats