Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
МАХН-ЫН XIX ИХ ХУРАЛ ДЭЭР ЗАВХАН АЙМГИЙН СОНГИНО СУМЫН
 Төлөөлөгч нөхөд өө!
Намынхаа их хурлын энэ хүндэт индэр дээрээс жирийн малчин би их зохиолч Д.Нацагдоржийн "Хуучин хүү" өгүүллэгээс хоёр мөр иш татаж үгээ эхлэхийг хүсэж байна.Түүнд хуучин хүү "...Тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр,түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдсэн" гэж хувьсгалын өмнөх Монгол орны хүн ардынхаа хувь заяаг ингэж дүрслэн харуулсан юм.
Хэрэв "Хуучин хүүгийн" ач гуч нарын өнөөгийн амьдрал, ажил үйлсийг дээр хэлсэнтэй зүйрлэн үзвэл ямар их ялгаатайг социалист Монголын бодит байдал тод нотолж байна.Монгол орны хөгжил, монгол хүний амьдралд гарсан гайхамшигт өөрчлөлт,нийгэм соёлын дэвшил нь манай нам, ард түмэн хувьсгалт тэмцлийнхээ анхны мөчөөс эхлэн аугаа их Октябрийн орны ажилчин,тариачидтай хувь заяагаа холбож,ах дүүгийн найрамдал тогтоон бэхжүүлж ирсний ач үр гэж бид бүхэн зүй ёсоор бахархан үздэг юм.
Зөвлөлүүдийн орон,зөвлөлтийн их ард түмэн өнөөдөр коммунист намынхаа ХХҮП их хурлын дэвшүүлсэн эдийн засаг,нийгмийн хөгжлийг хурдасгах стратегийн чиг шугамыг хэрэгжүүлэх их ажилдаа эрчимтэй ороод байгаад бид туйлын баяртай байна.ЗХУ олон улсын хурцадмал байдлыг намжаах,цөмийн дайны аюулыг зайлуулах,зэвсгээр хөөцөлдөх явдлыг хазаарлан зогсоож,олон улсын маргаантай асуудлыг эв зүйн аргаар нааштай шийдвэрлэх,улс түмний энх тайван,аюулгүй байдлыг хангахын төлөө цуцалтгүй хүчин чармайлт тавьж байгааг монголын коммунистууд,хөдөлмөрчид чин сэтгэлээсээ талархан дэмжиж байна.
Энэ завшааныг тохиолдуулан бид бүгдийн өмөг түшиг,аугаа их ЗХУ,ах дүү зөвлөлтийн ард түмэнд монголын хөдөө нутгийн малчид,нийт хөдөлмөрчдийн халуун баярыг хүргэж,коммунизм байгуулах их үйл хэрэгтээ улам шинэ амжилт олохыг хүсэн ерөөж байгааг минь дамжуулж өгөхийг тус их хуралд оролцож байгаа ЗХУКН-кн хүндэт төлөөлөгчид та бүхнээс хүсье.
Хоёр их хурлын хооронд намаас авч явуулсан нийгэм эдийн засгийн олон талт арга хэмжээний үрээр хөдөөний хөдөлмөрчдийн аж амьдрал,соёлын түвшин   байнга дээшилж байна.Энэ нь ч бидний урам зоригийг бадрааж улам ихийг бүтээх эрч хүч нэмж байдаг юм.Бүхнийг хүн ардынхаа сайн сайхны төлөө,тэр дундаа хөдөлмөрийн хүний төлөө зориулж байдаг нам,төрийнхөө хайр халамжийг хүртэж амсаагүй нэг ч хүн манайд байхгүй.Наад захын жишээ гэхэд малчны хотонд цахилгаан гэрэл асаж,тив дэлхийн сониныг телевизорын дэлгэцнээс үзэж,захиалсан хэвлэл,шаардлагатай бүх зүйлээ гэртээ авчруулж байгаа жирийн нэгэн жишээ хэлэхэд л малчин бид ямар их жаргалтай сайхан амьдарч,аж төрж байгааг харж болох юм.
Энэ их хайр халамжийг бид хөдөлмөрийнхөө үр шимээр хариулах ёстой. Энэ үйл хэрэгт  коммунист хүн тэргүүн эгнээнд явах үүрэгтэй.Би үүргээ ингэж ойлгодог.Тэгээд ч нэгдэлдээ төлөөр нь түмэн цагаан хонь өсгөж өгөх хорин жилийн хугацаатай үүргээ дөрвөн жилийн өмнө амжилттай биелүүлснээ их хуралдаа рапортлахын ялдамд хоёрдахь түмэн цагаан хонио өсгөх их аянд гараад байгаагаа энхрий хайрт намдаа илтгэхийг хүсч байна. Үүнийг би сэтгэл санааны нөөц,хүч хөдөлмөрийн нөөцөө л дайчилсаны үр дүн гэж боддог.
Ер нь ихийг бүтээх арвин нөөц манай хөдөлмөрийн хүн бүрд бий.Харамсалтай нь тэр их нөөцөө бид бүрэн дайчлан ашиглаж чадахгүй байгаад хамаг учир байна. Энэ талаар хүний хүч нөөцийг ашиглахтай холбоотой хэдэн зүйлийг шүүмжлэлтэй ярихыг хүсч байна.
-Нэг:Залхуурах нь их нөөц бололцоо алдах уршигтай өвчин гэж хэлж болно.Залхуурснаас болж мэдлэг,чадвар нь ахихгүй,хийж бүтээсэн юмгүй,идэвх,оролдлого ч үгүй,цаг хугацаа,их хэмжээний ил, далд нөөц бололцоо алдаж байгаа юм.
"Залхуугийн гадаа түлшгүй,залгидгийн гэрт хоолгүй" гэдэг ардын маань мэргэн үг бий.Энэ үг хичнээн мэргэн сургамжтайг зарим нэг залхуу хүний үйл ажиллагаанаас л илт байх юм.Малчин хүн залхуу хойргоосоо болоод малаа нэг цагаар оройтуулж бэлчээх юм бол нэг мал минутад 12,цагт 720 үмх өвс идэх тэр бололцоог алдахад хүрнэ.Мал өвс ногоо идэж таргалдаг,ашиг шим нь ч нэмэгддэг.Буянт малынхаа ашиг шимийг бүрэн авч ашиглах нь манай барагдашгүй их нөөц юм.Өвс тэжээлийг өдөр тутам үмх чимхээр нь ингэж алдаад байвал бүтэн жилд 360 цаг буюу 36 өдөр малаа өл хоолгүй байлгаж байна гэсэн үг.Энэ нь хичнээн их тарга хүч,мах, сүү,ноос үс алдаж байгааг нотлох зүйл юм.
Мал сүрэг хорогддогийн гол шалтгаан ч үүнд байгаа юм.Ер нь манай улс,аймгийн аварга,гавьяат цолтон,хөдөлмөрийн баатар зэрэг алдарт хүмүүс унтах нойр,идэх хоолоо хагаслан,залхуурах хойргоших гэгчийг мэдэхгүйгээр зүтгэж чармайсны ачаар л амжилтад хүрдгийг амьдрал харуулж байна.Тэгээд ч үмх өвс,балга ус илүү идүүлж, уулгах юмсан гэж цаг ямагт сэтгэл зовж санаа тавьж явсны минь ачаар буянт сүрэг минь өсөн үржиж,би өөрөө хөдөлмөрийн баатар болсон билээ.
Хэзээ ч,хэдийд ч залхуурч болохгүй гэдгийг малчин олондоо, ялангуяа залуу нөхдөдөө сануулж хэлэхийг хүсэж байна.
-Хоёр:Мэдэхгүй,чадахгүй гэдэг хариултын цаана бас их нөөц бололцоо алдаж,улс нийгэмд хохирол учруулж байна.Мал,төл хорогдуулсан,төлөвлөгөө нормоо тасалсан,улс нийгмийг хохироосон хүмүүсийн урдаа барьдаг гол халхавч нь "мэдэхгүй,чадахгүй” гэдэг үг юм.Мэдэж,чадахын төлөө мэрийж зүтгэдэггүй,биеийн амрыг харагчдын бэлэн хариулт ч бас энэ шүү дээ.Мэдэхгүй,чадахгүй гэдгээр мянган үг,түмэн үйлийг таглагчид манай урагшлах хөдөлгөөнд саад болж байна.Ийм болохоор үүнтэй хийх тэмцлийг бүх сувгаар хүчтэй болгохыг  нам,улсын эрх ашиг биднээс шаардаж байгаа юм. Ийм хүмүүсийн сэтгэл санаа,үйл ажиллагааг өөрчлөхөд манай намын байгууллагууд ч,хөдөлмөрийн тэргүүний хүмүүс ч их ажил хиймээр байна.
 -Гурав:хариуцлага,санаачилга,сахилга нь амжилт,бүтээл гаргахын эх үндэс мөн.Үүнээс л бүх зүйл шалтгаална.Аливаа ажилд бүтээлч санаачилга дутсанаас,цаг хугацаа тооцож ажилладаггүйгээс их хэмжэний ил,далд нөөц алдаж байна.Эх орны маань өнөөгийн давшингүй хөгжил малчин биднээс өндөр хариуцлага,их санаачилга, хатуу сахилга,зохих мэдлэг шаардаж байна.Ижил нөхцөлд, ихэр бууцанд байгаа малчдын арга ажиллагаа,амжилт бүтээл тэр бүр адил байж чадахгүй,зарим нь мал,төлөө олон тоогоор хорогдуулсан,алдаж үрэгдүүлсэн байх юм.Энэ нь бас л залхуугаас,санаачилга,хариуцлага дутсанаас болж байгаа юм.Шинжлэх ухаан техникийн эрин үед амьдарч байгаа өнөөгийн нөхцөлд малчдын амьдрал ахуй,арга ажиллагаанд машин техник ихээхэн үүрэг гүйцэтгэх боллоо.Энэ бол манай хөгжлийн бодит илрэл мөн.Гэхдээ манай зарим малчин машин,трактороор нүүж,ердийн хөсгөө мартахад хүрч,тэр ч байтугай дулааны улиралд мотоциклээр малаа эргүүлж тойруулж, дурандах төдийгөөр харж хариулж байгаагаас тав тухыг нь алдагдуулж,тарга хүч авахуулж чадахгүй,их нөөц алдаж байна.Энэ нь бэлчээрийн мал маллагаанд хэзээ ч байж болшгүй ноцтой дутагдал мөн.
Малд элэгтэй,залхуугүй зарим малчин нутаг сэлгэн нүүхдээ ердийн хөсөг хэрэглэх эрмэлзэлтэй байгаа боловч тэмээ ачъя гэтэл хом,татлага олдохгүй байна.Ер нь гүү барьж саах гэхэд ч зэл,ногт,чөдөр байхгүй болжээ.Мал аж ахуйг жинхэнэ ёсоор эрхлэн хөтлөхөд хэлж байгаа энэ жишээ жижиг зүйл огт биш ээ.
Малынхаа алхаж гишгэх,хэвтэж амрах,тав тухыг нь тааруулж байж л амжилтад хүрдэг.Үүнийг анхаарахгүй байгаагаас л алдаж байна.Мал,малчин хоёр бие биенээ таньж дасч чадсан цагт л малчин хүн малынхаа байдлыг бүрэн мэдэрч,шаардлагад нь тохируулан тарга хүч авахуулж, тав тухтай байлгаж чадна.Малдаа эзэн хүн яаж хандаж маллана,тэр хэмжээгээр л мал эзэндээ ашиг шим,хишгээ хайрлана."Мал эзнээсээ" гэдэг ардын маань цэцэг үгийн утга учир үүнд л байна гэж боддог.
Өглөөний хийсэн ажил оройдоо дүгнэгдэж байдаг нь малчин хүний ажлын нэг онцлог юм.Дашрамд хэлэх нэг зүйл гэвэл малчин, мэргэжилтэн хоёр малаа таньдаг болох нь хамгийн чухал зүйлийн нэг шиг санагддаг.Ингэж чадаагүй цагт малчин нь биеэ дэмий зүдрээж,мэргэжилтэн нь бичиг цаасандаа дарагдаж тэжээл,ус гээд илүү эардал их гарахад хүрнэ. Малаа таньсан мэргэжилтэнд бэлчээрээ таних  шаардлага аяндаа гараад ирнэ.
Малын үүлдэр угсааг сайжруулах талаар нам,засгаас авч байгаа арга хэмжээ үр дүнгээ өгч байна.Гэвч хөдөө аж ахуйн нэгдлүүдэд энэ ажлын чанар төдий л сайжрахгүй байна. Энэ талаар эрдэм шинжилгээний байгууллага,эрдэмтэн,мэргэжилтэн нарын хийж байгаа судалгаа шинжилгээний ажил тэр бүр малчин бидний сонирхлыг татаж чадахгүй, үр өгөөжөө өгөхгүй, явцуухан хүрээнд нууцхан явагдаж байна уу даа гэж бодогддог. Өчигдөр энэ талаар Намын Төв Хорооны тайлан илтгэлд шудрагаар шүүмжиллээ.
-Дөрөв: Залуу үеийнхэнд мал маллагааны шилдэг арга туршлага эзэмшүүлэн,нэр төртэй залгамж бэлтгэхэд их анхаарах цаг болжээ. Малчид маань залуужиж байна.Гэхдээ тэдэнд мал маллах арга туршлага,хатуужил,ур ухаан дутаж байна.Бие даан мал маллаж байгаа залуу малчдын олонх нь тогтвортой амжилтад хүрч чадахгүй байна. Мал аж ахуйн мэргэжилтэн,бригадын удирдах хариуцлагатнаас тэдэнд байнга туслах ажил ч хангалтгүй байна.Залуучуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах талаар ч их зүйлийг бодож боловсруулмаар байна. Залуучуудыг тэдний дур хүслийн дагуу багаас нь эцэг,эхийг нь дагуулан мал дээр гаргаж ажиллуулахад илүү үр дүнтэй байна.
Илгээлтийн эзэн залуучуудын тусгай хороолол байгуулсан ч болмоор санагддаг.Тэгвэл сурч соёлжих,тогтвортой ажиллахад нь тус болно.Дээрээс туслах,авах арга хэмжээ ч төвлөрнө.Үүнтэй холбогдуулан хэлэхэд малчдыг ээлжийн ажилтай болгох асуудал малчдад хямд төсөр cууц барьж суурьшуулах асуудлыг ч хөндөж тавих цаг болсон гэж бодож байна.Ингэхгүйгээр малчдын сурч,соёлжих, хөдөлмөр, ахуйн нөхцөлийг сайжруулах асуудалд олигтой ахиц гарахгүй байх гэж бодож байна.
Малын төлөө тэмцэл бол манай орны тухайд социализмын төлөө тэмцэл мөн гэж би боддог.Тиймээс ч би мал маллагааны арга туршлагаас ажил амьдралын их сургамж олж авсан хувь заяандаа болон түүнийг олгож өгсөн эцэг, эх, нам, засагтаа баярлаж байдаг юм. Монгол хүний амь зуулга мал байсан,цаашдаа ч улс нийгмийн эдийн засагт мал аж ахуй их ач холбогдолтой байх нь мэдээж. Ингэхээр залуу халаа,өсвөр үеэ мал маллагааны нэр хүндтэй өгөөмөр арга ухаанд сургах талаар хүн бүр санаа тавих нь иргэн бүрийн үүрэг байх ёстой гэж би ойлгодог.Би өөрийн болон бусад аймгийн 130 гаруй шавь нартаа арга барилаа эзэмшүүлэхийн тулд мэддэг бүхнээ хэлж зөвлөж байгаа.
Ер нь хүн бүхэнд эх орноо гэсэн сэтгэл хүчтэй байдгийн нэгэн адил хүн бүхэн малаа гэсэн сэтгэлтэй байх юм бол малчин хүний мал хорогдох гэж байхгүй.Малаа гэсэн сэтгэл, зүтгэлээс л бүх зүйл шалтгаална гэдгийг энд онцлон хэлэх гэсэн юм. Малчин бидний хөдөлмөр бол цаг ямагт малын дэргэд байж,үргэлж ажиглаж байхыг шаарддаг болохоор малынхаа аясаар сэтгэл санаа, арга барил өөрчлөгдөж, өнгөтэй өөдтэй байхаар нь урамшин баярлаж,өхөөрдөн хайрлаж байдаг бахархалтай,сонирхолтой хөдөлмөр юм.
Малаа өнгө зүстэй, өндөр ашиг шимтэй байлгах эсэх нь биднээс шалтгаална.Ийм учраас мал маань тэр чигээрээ малчин бид нарт ажил амьдралын их сургууль болж,байнга шинийг мэдэрч,эрэл хайгуул хийж,санаачилга чармайлт гаргахыг шаардаж байдаг гэдгийг мартаж болохгүй.
-Тав: Малчдын дунд зарлаж байгаа уралдаан сүржин эхэлж, дундаа нам гүм болсноо эцэстээ дүгнэлгүй,мэдээлэх ч үгүй өнгөрөх явдал олонтаа байна.Төл хүлээн авч бойжуулах үеэр зарладаг богино хугацааны болзолт уралдаан аль ч аймаг,суманд ихээхэн хавтгайрсан, өгөөж муутай байх шиг санагддаг.Жишээ нь миний л мэдэхээр манай аймгийн бараг бүх суманд хүлээн авсан төлөө бүрэн бойжуулж байгаа бүх суурьт 10 хоног тутам шилжин явах дарцаг,10-20 төгрөгийн мөнгөн шагнал олгодог.Төлөө бүрэн бойжуулдаг тэргүүний малчдын тухайд энэ нь шударга бөгөөд зөв зүйтэй боловч зургадугаар сард төл тоолох үеэр олон төл хороочихсон байдаг хүмүүсийн тухайд бол төлийг зөвхөн хэдэн хоног, цаанадаж бүтэн хагас cap амьд мэнд  байлгасны төлөө л шагнал олгон нэгдэл,нийгэм давхар хохирч байгаа юм шиг санагддаг.Иймээс малчдын дунд зарлах уралдааны арга, хэлбэрийг маш нарийн бодож боловсронгуй болгох шаардлагатай байна.
Эцэст нь нэг зүйл хэлмээр байна..Мал аж ахуйн бригадын төвийг тохижуулж, орон тооны хувьд ч харж үзэх цаг болжээ гэж санагддаг. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хувь заяа суурь,бригадад л шийдвэрлэгдэж байна.Гэтэл одоо бригадад төр, аж ахуй,олонх тохиолдолд намын байгууллагын ажил ганцхан бригадын дарга дээр л овоорч байна. Яаж ингэж ажиллах вэ? Бас улсын төсөв,төлөвлөгөөгөөр барьсан орон сууцтай сум нэгдэл манай аймагт л лав байхгүй.Аймгийн төвд ч гэсэн орон сууцны 4-5-хан барилга байдаг.Гэтэл нийслэл хотод хүн ам олноор бөөгнөрч,ажил үйлчилгээг хүндрүүлдэг гэж би сонссон.Энэ байдалд нухацтай дүгнэлт хийж хөдөө нутгаа тохижуулж суурьшуулах замаар хүн амыг зөв байршуулах,мал аж ахуйн үйлдвэрлэлийн үндсэн нэгж бригад,суурьт анхаарлаа төвлөрүүлэх нь манай хөгжлийн өнөөгийн шаардлага,хэтийн төлөвөөс урган гарч байгаа зүйл мөн гэж үзэж байна.
Нөхөд өө! Миний ажиллаж амьдарч байгаа Сонгино сумын хөдөлмөрчид ард түмнийхээ нэг адил намынхаа их хурлыг угтаж өмнөх он, жилүүдээс улам илүү амжилт гаргаж,улс төр,хөдөлмөрийн өндөр идэвхтэйгээр хөдөлмөрлөж байгааг энэ дашрамд хэлэхийг хүсч байна. Тус сумын хөдөлмөрчид мал сүргээ 99,9 хувиар онд оруулж,хүлээн авсан төлийнхөө 99,9 хувийг бойжуулан,энэ оны эхний хагас жилийн төлөвлөгөөт ажлын бүх үзүүлэлтийг 100-гаас дээш хувь биелүүлсэн амжилтаар их хуралдаа бэлэг барилаа.
Амжилт ямагт урагш ахиж байх ёстой.Намын их хурал манай хөдөөний хөдөлмөрчдийн өмнө томоохон зорилт дэвшүүлэн тавилаа. Энэ бол малчин бидэнд их үүрэг, хариуцлага ногдуулж байна гэдгийг гүнээ ухамсарлаж урьд урьдаасаа улам их идэвх чармайлт гаргаж, шинэ уур амьсгал, үзэл санаа, арга барилаар ажиллахаа малчин олноо төлөөлж энхрий хайрт намдаа илэрхийлж байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats