Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
НАМЫН ГИШҮҮНИЙ АМЛАЛТ, АЖИЛ ХЭРЭГ

Шинэ таван жилийн хоёр дахь он гарлаа. Манай намын 18-р их хурал. Намын төв хорооны удаа дараагийн бүгд хурлаас биднийг нийт ажилдаа дүн шинжилгээ хийж шүүмжлэлтэй хандах өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьж, үйлдвэрлэлийн явцад байнгын хяналт шалгалт хийж ам ажлын нэгдэл, гаргасан шийдвэрийн  биелэлтийг хангахын чухлыг онцлон зааж байна. Ийм учраас коммунист хүний хувьд миний сэтгэлийг зовоож байдаг зарим нэг асуудлын талаар санал бодлоо хэлье гэж шийдээд энэ зүйлийг бичлээ.

Би 25 настайдаа МАХН-д гишүүнээр элсэж, түүнээс хойш арав шахам жил боллоо. МАХН-ын 17-р их хуралд төлөөлөгчөөр, 18-р их хуралд тэргүүний залуучуудын өмнөөс рапорт өргөж оролцлоо. Хэдийгээр би “хал үзэж халуун чулуу долоосон” ахмад коммунист биш ч гэсэн намаас бидний өмнө хичнээн чухал зорилт дэвшүүлэн тавьж, тэр хэмжээгээр намын хамт олон гишүүн бүрийн ажил хэрэгч чанар, даалгасан үүргийг биелүүлэх шаардлага ямар өндөр нарийн чанд болж байгааг бүрэн ойлгож байна.
1961 онд бага сургууль төгсөөд л малчин болсон. 17 дахь жилдээ суурь хариуцаж байна. Нэгдэл нийгэмдээ хорин жилийн дотор  хонь өсгөж өгнө гэж 1970 онд амлалт үүрэг авсан. Одоо 6800 шахам хонь өсгөөд байна. Улс орон маань намынхаа жолоодлогоор үнэхээр их хөгжлөө. Эх орноо улам цэцэглүүлэн хөгжүүлэх шинэ шинэ зорилт тулгарч байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд зарчимт өндөр шаардлага чухал ач холбогдолтой юм. Тэр шаардлагын нэг гол асуудал нь ам, ажил, амлалт, биелэлтийн нэгдлийг хангах явдал юм даа. Ийм ч юм хийнэ, тйим ч амжилт гаргана гэж арав хорь дахин амласан хирнээ ажил хэрэг дээрээ бахь байдгаараа байх тохиолдол бишгүй л байна. Үүний шалтгаан чухам  юунд байна вэ? Энэ тухай л саналаа хэлье.
Ямар нэг асуудал түүнийг шийдвэрлэх арга замыг зөв зүйтэй тодорхойллоо ч гэсэн харин түүнийг гардан гүйцэтгэгч хүмүүс, тухайлбал намын гишүүн бид хариуцлагагүй хандвал амжилт олохгүй. Энэ юунаас болов гэвэл өөртөө болон бусдад тавих шаардлагыг сулруулсны уршиг мөн. Яагаад гэвэл бид шаардлагын тухай их ярьдаг боловч нэг нэгэндээ тавих,  эцэст нь намын гишүүний хувьд  өөрөө өөртөө тавих тодорхой шаардлагыг зоригтой тавихгүй байгаагаас л болж байна.
Цэдэнбал даргын хэлсэн тэр “шаардаж ч бай, тусалж ч бай” гэсэн зарчмын дагуу бие биедээ шаардлага тавьж, нөхөрсгөөр туслах явдал заримдаа дутаад байна.  Өнгөрсөн онд манай сум малаа өсгөсөнгүй. Энэ нь юуны өмнө манай коммунистууд, тухайлбал миний хариуцлагатай шууд холбоотой гэж бодож байна. Намын гишүүний хариуцлагын цар хүрээ өргөн байх ёстой. Энэ хариуцлага бол өөрийн харьяалагдаж байгаа намын анхан шатны байгууллагын ажилд яаж хандаж хэрхэн хүчин зүтгэж байна вэ гэдгээс эхлэх ёстой.
Намын үйл хэргийн төлөө намын гишүүн бүр идэвхитэй хүчин зүтгэж намын ажил үйлс, улсын төлөвлөгөөг заавал биелүүлэх ёстой. Харин зарим хэсэг нь хүчин зүтгээд зарим нь хажуугаас нь хараад сууж байж болохгүй ээ! Манай үүр  60 шахам гишүүнтэй. Тэдний маань дотор хуралд ажиглагчаар суучихаад олонхийг даган гар өргөж, хаана хаанаа хал балгүй, байгуулсан гавьяа, хүлээсэн шийтгэлгүй яваад байдаг дундаж хүн бий. Манай нөхөд ингэж хэллээ гэж надад гомдохгүй байх. Нар сүүдэргүй байдаггүйн адил дутагдалгүй хүн гэж бас байхгүй. Гэтэл намын бүх гишүүдийн хурал дээр шахаж шаардуулалгүй “надад ийм дутагдал байна” гэж тун ний нуугүй, тэр тусмаа намын гишүүн Намхайнямбууд ийм дутагдал байна гээд шүүмжлэхгүй байна шүү дээ. Үнэхээр л шүүмжлээгүй учраас би тэгж ярьж байна. Гэтэл аймгийн намын хорооны гишүүн, Ардын их хурлын депутат, МХЗЭ-ийн Төв хорооны гишүүн, аймгийн нэгдлийн зөвлөлийн гишүүний хувьд надад хамаарахгүй ажил гэж алга. Тэгээд ч энэ бүх ажил бүгд сайн гэвэл худлаа. Дутагдалтай хүн гэсэн дүгнэлтийг би өөртөө хийж байна.
Намын зарим гишүүн чухам яагаад ийнхүү ажиглагчийн байр сууринаас асуудалд хандаж байна вэ? Энэ нь чухамдаа шүүмжлэл, өөрийн шүүмжлэлтэй холбоотой байх гэж бодох юм. Сэтгэл зовоогоод бүр суулгахгүй байгаа ямар нэг дутгадлын талаар нэг гишүүн хоёр гурав дахин шүүмжлээд мөрөөр нь  арга хэмжээ авахгүй болохоор “за даа хэлээд хэлээд ч нэмэр алга шив дээ” гэж цөхрөнгөө барахад хүрдэг тохиолдол ч байна. Энэ бол тун буруу юм. Замын хагасад зогсолгүй шүүмжлэлийнхээ үр дүнг заавал үзэх хэрэгтэй. Харин шүүмжлэлийг хүлээж авсан дүр үзүүлээд хэрэг дээрээ ил далдуур ямар нэг арга хэлбэрээр эсэргүүцэх явдлыг намын үүр, хорооны зүгээс тухай бүр тас цохиж байх ёстой. Эс тэгвэл зарчимт илэн далангүй  уур амьсгал ажил хэрэгч шүүмжлэл хамт олны дунд байхгүй болно шүү.
Өөр нэг асуудлын талаар цухас дурдъя. Намын байгууллагын ажлын гол зорилт нь аж ахуй, соёлын төлөвлөгөөний биелэлтийг хангах явдал мөн. Үүнтэй холбогдуулан аливаа ажлын эцсийн үр дүнгийн талаар яримаар байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн эцсийн үр дүнг сайн байлгая гэвэл малаа таргалуулах ёстойг малчин, мэргэжилтэн удирдах ажилтан хэн хүнгүй сайн мэднэ. Гэхдээ яг тэр таргалуулах үедээ л алдчихаад байна. Үүнтэй адил ямар нэг арга хэмжээг хэрэгжүүлнэ, төлөвлөгөөт зорилтыг биелүүлнэ гэж хуралдаж, тогтоол шийдвэр хагас жилийн дараа түүнийгээ ор тас мартчихдаг гэм хаа сайгүй байна шүү. Энэ бол өдөр тутмын аар саар ажилд түүртэж, бичиг цаастай зууралдан мунгинаж сууснаас л  болж байгаа юм. Ер нь аливаа ажлын эцсийн үр дүнг үзэхийн төлөө хүн бүр хүчин зүтгэдэг байх ёстой.
Аймаг, сумаас социалист уралдааны олон сайхан болзол гаргаж байна. Харамсалтай нь түүнийгээ олигтой дүгнэдэггүй гэм байна. Уралдааны болзол зарлал ил тод байдгийн нэг адил уг уралдааны төгсгөл, үр дүн нь бас л ил тод байх ёстой. Намын байгууллага бүр энэ талаар сайн анхаарахгүй бол олон түмний урмыг хугалж, идэвхийг нь сулруулан, улмаар сайныг дундчуудын, дундчуудыг хоцрогчдын эгнээнд оруулчихаж мэдмээр байна. Үүнийг л намын анхан шатны бүх байгууллага онцгой анхаараасай гэж хүсэх гэсэн юм. Мал сүргээ хариулаад хээрийн бэлчээрт явахад минь аж амьдрал, ажил үйлс, анд нөхөд, улс орныхоо хөгжлийн тухай элдвийг эргэцүүлэн бодох үе их байх юм. Коммунист хүний ёс суртахууны өндөр чанар, хөдөлмөрийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, энэ талаар коммунист бүрийн оруулах хувь нэмэр, хамт олны дунд ёс суртахуун сэтгэл зүйн эрүүл саруул уур амьсгал бий болгож, залуу үеийг хүмүүжүүлэхэд намын хүний үүрэг гээд тэн олон зүйлийн талаар санал бодлоо хуваалцаж болмоор санагдах юм. Гэвч нэг захидалд энэ бүгдийг яаж багтаах вэ.
Манай аймгийн малчин хөдөлмөрчид өнгөрсөн онд алдсанаа нөхөж, өмнөх таван жилийнх шиг үр дүнтйэ гялалзтал сайхан ажиллаж түрүүчийн амжилтаа бататгахаар шинэ оныхоо ажилд шамдан орлоо. Аймгийнхаа намын хорооны бүгд хурлаар ололт, дутагдалдаа тодорхой дүгнэлт хийсэн. Одоо үүнийгээ хэрэгжүүлэх л үлдээд байна. Энэ нь хамт олон, хувь хүн бүрээс ялангуяа коммунист биднээс аливаа  асуудалд зарчимт өндөр шаардлагатай байж, нөр их хүчин зүтгэл, сэтгэлийн тэнхээ гарган ажиллахыг шаардаж байна. Коммунист бүр хэлсэн үгэндээ эзэн болж чадвал энэ зорилтоо биелүүлж чадна. Хэлсэн үгэндээ эзэн байна гэдэг нэр төрдөө эзэн болно гэсэн үг. Зөвхөн өөрийнхөө хувийн нэр төр төдийгүй манай нийт олны нэр төр, намынхаа нэр төрд эзэн байж, түүнийг эрхэмлэж явна гэсэн үг.

Завхан аймгийн Сонгино сумын “Энх тайван” нэгдлийн хоньчин, БНМАУ-ын Ардын их хурлын депутат, хөдөлмөрийн баатар Ц. Намхайнямбуу   


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats