Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Асуулт хариулт
Намайг олон газар урьж уулзалт    хий гэдэг юм. Би бололцоо л байвал дуртайяа очиж санал сэтгэгдлээ хуваалцдаг л даа. Надтай уулзаж байгаа ямар ч хамт олон хувь хүн ажил төрөл нь явахаа байчихаад уриагүй нь мэдээж. Би ч юугаар гийгүүлэх билээ дээ. Хоньчин хүнтэй уулзан ярьж, малчин ардынхаа мал маллагааны уламжлалт арга барилаас сонирхох гэсэн дээ тэр биз дээ. Олон янзын асуудал гардаг. Би бүгдийг нь мэдэж хариулах ёстой хүн ч биш. Тийм ч албагүй юм. Гэхдээ саналаа хэлж, илэн далангүй байхаас сайхан юм хаана байх вэ дээ.
1987 онд ШУА-ийн философи, социологи, эрхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд эрдэмтэдтэй уулзсан нэгэн   сонин уулзалт санаанаас гардаггүй юм.

Асуулт: — Хөдөө аж ахуйд шийдвэрлэвэл зохих ямар гол асуудал байна гэж  та боддог вэ?
Хариулт:  — Шийдвэрлэвэл  зохих  асуудал    маш олон байна.Юуны өмнө хүн, газар, мал гурвын тухай асуудал юм. Хүний тухай гэхэд л мал маллах хүн тэр болгон олдохгүй байна. Сургуулийн хүүхдүүд малаас их хөндийрч, яаж ийгээд л хот суурин газар суух эрмэлзэлтэй болчих юм.Зарим нь ар өврийн хаалгаар энээ тэрээ гэж байгаад хотын нэг байгууллагад шургачих юм.
Хот газрын та нар бас хөдөө очихоороо, иш энэ хүүхдийг ингэж баллаж байх гэж дээ! Хот газар явуулж юм үзүүл. Ингэж баллаж болохгүй гээд л ухуулж гардаг.Ийм зүйл ярьдаг хүн та нарын дунд байгаа л байх. Тэгээд ч мал маллах хүн үнэхээр ховордож байна. Бас  зарим нь хот газрын соёл уруу татагдаж байна. Ер нь манай улсын хөгжил чинь хотдоо л төвлөрөөд байгаа юм биш үү?
Одоо хөдөөдөө энэ сайхан,хөгжил соёлоо дэлгэрүүлбэл яасан юм бэ? Заавал малчдын суурьт биш гэхэд нэгдлийн төвүүдийг сайхан болгож болно шүү дээ.
Мал газар хоёр бол үндсэндээ нэг ойлголт юм. Малаа өсгөе гэвэл газраа хайрлах таних хэрэгтэй. Манай мал чинь их соргог, бэлчээр нутагтаа тохирсон сүрэг, газраа хайрлах юм сан. Энэ бол мал өсөхийн нэг үндэс.
Асуулт: — Таны ажил хөдөлмөрийн гол зорилт юу вэ?
Хариулт: — Миний бие эхнэрийн хамт нэгдэлдээ түмэн цагаан хонь өсгөж өгсөн. Одоо хоёр дахь түмэн цагаан хонио өсгөж байна. Гуравдахийг нь хүүхдүүдтэйгээ өсгөх байх. Та нарт ажлын байр бичгийн ширээ байдаг бол минийх хонины бэлчээр юм. Гол хүсэл зорилго маань хоньтойгоо хамт байх явдал юм шүү дээ.
Асуулт: — Алдар гавьяанд хүрэхэд тань таны ямар авьяас чадвар, зан чанар нөлөөлсөн гэж боддог вэ?
Хариулт: — Тусгайлан хэлэх зүйл байхгүй. Харин би багаасаа хунд тус хүргэхийг их боддог байсан. Жишээ нь, аргал тууж яваа ахмад хүнд хормой аргал түүгээд өгөх
юм уу, ус түлшийг нь ойртуулах, адуу малыг дөхүүлэхийг боддог  байсан.
Гэхдээ би хүнд магтуулах гэж боддоггүй. Зүгээр л ахмад настай хүмүүст туслах, тэднийг хүндэтгэх гэж  чармайдаг. Энэ зан чанар л намайг хөдөлмөрт дуртай болгож хүмүүжүүлсэн байх гэж боддог.
Асуул т: — Таны мал маллагааны гол арга юу вэ? Хэдий үед мал төллүүлэх нь зүйтэй гэж үздэг вэ?
Хариулт: — Миний мал маллагааны гол арга бол хоньтойгоо л «ажиллах» явдал юм. Тарга тэвээрэг авахуулахыг хамгийн чухалд үздэг. Би одоо 700 гаруй төллөх хоньтой. Мал төллүүлэх хугацааг гуравдугаар сарын 15 наас дөрөвдүгээр   сарын нэгэн гэж үздэг.
Ер нь дөрөвдүгээр сарын нэгнээс хэтрүүлэхгуй байх нь зүйтэй.
Энэ хугацаанд гарсан төл өлчир, өөрөөр хэлбэл, хүйтэн сэрүүнийг даах чадвар сайтай, цовоо сэргэлэн, тарга хүчтэй мал болно.
А с у у л т : — Та залхуу хойрго хүмүүстэй яаж ажиллавал зүгээр гэж үздэг вэ?
Хариулт: — Улаанбаатар хотын энэ олон айлуудын хаалганы түлхүүрүүд өөр хоорондоо таардаггүй гэж дуулсан. Тэгвэл хүн болгонтой ийм л өөр өөр «түлхүүр» арга барилаар ажиллах нь зүйтэй юм. Нэгийг нь ухуулж ойлгуулах, нөгөөг нь загнаж айлгах гэх мэт.
А с у у л т : — Номын ухаан, амьдралын ухаан хоёрын талаар  та юу бодож явдаг вэ?
Хариулт: — Амьдралын ухаан номын ухаанаа явж байдаг гэж боддог.
Бас номын ухаан нь амьдралын ухаанаас гарна. Би хониныхоо бэлчээрт ном унших их дуртай. Багадаа нэг удаа овъёос гараараа зулгаагаад сууж байтал манай нутгийн нэгэн ахмад  хүн уулзаад:
«Чи хэдий болтол гараараа овъёос зулгаах хүн бэ. Жаахан номтойхон оролдооч!» гэсэн юм. Тэр үг одоо бол¬тол санаанаас гардаггүй. Миний ажил амьдралын зорилгод энэ үг ихээхэн тус хүргэсэн. Ер нь хүнийг хүмүүжүүлэхэд заавал танхимд суулгаад илтгэх биш, ганцаарчлан нэг сургамжтай үг хэлсэн ч багаддаггүй юм байна билээ.
А с у у л т :— Таны хувьд аз жаргал гэж юу вэ?
Хариулт: — Гэр бүлийн аз жаргалаас эхэлж яримаар байна. Амьдралын сайн хань гэдэг хүнд их түшиг болдог юм. Нялх балчирдуу олон хүүхэдтэй өнөр өтгөн айл боллоо. Хувийн аз жаргал, сэтгэлийн тэвчээр, зориг хатуужилгүйгээр сайн малчин болохгүй.
Асуулт: — Та төл бойжуулах үедээ тусламж авдаг уу? Хүн хүч хүрэлцэхгүй самгарддаг уу?
Хариулт": — Дөч гаруйхан настай, тэгээд баатар хүн «түргэн» дуудаад байвал ямар вэ дээ? Төл ид бойжуулах тоотой хоногт нойргүй хоноход яана л гэж дээ.
Асуулт:   — Эрдэмтдийн  шинжлэл  судлалын ажил явцуухан хүрээнд, бодит үр дүн муутай явагдаж байгаа гэж та ярьсан. Өнөөдөр ямар бодолтой байна вэ?
Хариулт: — Намын их хурал дээр   миний хэлсэн үгийг иш татаж байх шиг байна. Хэлснээсээ буцах   юм алга. Хэлсэндээ эзэн болох нь хэнд ч чухал. Өнөөдрийнх шиг ийм уулзалт, илэн далангүй халуун яриа олон байвал сайн сан.
Асуулт: — Танай сум нутгийн шилмэл үүлдрийн хоньтой юу?
Хариулт: — Манай «Сартуул» хонь нутаг ус, бэлчээртээ тохирсон, шалгаран зохицсон сүрэг. Мал нь нутагтаа, хүн нь малдаа дасаж зохицоод ирэхээр л алзахгүй болж байгаа хэрэг.Хонь ч сартуул, хүн ч сартуул шүү дээ.
Асуулт: — Хүүхдүүдийг гурав, дөрөвдүгээр ангиас нь малчин болгож буйг юу гэж үздэг вэ? Мөн амины малын талаар саналаа хэлнэ үү?
Хариулт: — Хүүхдийг арай багаас нь мал дээр гаргах санаа цухалзаж л байдаг. Ном ч үгүй, мал ч үгүй хүн болчих вий гэдгийг сайтар бодолцмоор юм. Амины малын тухайд бол унааны морь, ачлагын тэмээ, саалийн үнээ, төллөх хонь байх нь чухал. Амьдралд зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Амины мал бодын хязгаарлалтыг зогсоох талаар бодмоор юм шүү.
Асуулт: — Хорин нэгдүгээр зууны малчид ямар байх бол?
Хариулт: — Би энэ талаар юу хэлэх билээ дээ. Харин та нар л надаас илүү мэдэж байгаа шүүдээ. Ийм болохоор уг асуудлыг миний зүгээс эрдэмтэн мэргэд та бүхэнд хандан тавьж үр хүүхдэдээ дуулгах сайхан хариулт сонсмоор   байна.
1988 оны хавар «Ухуулагч» сэтгуулд уншигчдаас ирсэн асуултад хариулах эчнээ уулзалт хийх зайлшгүй шаардлага гарч билээ.

Асуулт: — Та малчны ажил, мэргэжлийг хэрхэн сонгосон бэ?
Хариулт: — Аав, ээж маань малчин байсан, аав шигээ аав, ээж шигээ ээж байх юмсан гэж хүсдэг байлаа. Малчны мэргэжлийг эзэмшихээс илүү сайхан ажил тэр үед надад бодогддоггүй байв.
Малчин түгээмэл мэргэжил. Түүний нэг төрөл   болох хонь маллах ажилд бие сэтгэлээ зориулсаар 20 гаруй жил болж байна. Одоо мал маллах мэргэжлийн хувьд би бүрэн бус дунд боловсрол эзэмшсэний хэртэй боллоо гэх үү дээ. Мал маллах ажил төгсгөлгүй эрдэм юм. Нэгэн уулын өвөр өвөлжлөө гэхэд цастай, цасгүй, хүйтэн, дулаан, өвстэй, өвсгүй, мал тарга хүчтэй, туранхай гээд олон янзын байдал, хувиралт өөрчлөлт гарна. Тэр бүхэнд тохируулан мал мал¬лах ухаан, нарийн ажиллагаа шаардана. Энэ мэргэжлийг ззэмшинэ гэдэг сайхан үйлс.
Асуулт: — Малчин мэргэжлээр бахархахын учир юу вэ?
Хариулт: — Тариа ургуулж талхтай болдог. Талх идэхийг хүсдэггуй хэн байх вэ? Үүнтэй адил мал сүргээ өсгөж хувцас хунартай, хоол хүнстэй болдгийг мэдэхгүй монгол хүн ховор. Барилгачин, нэхмэлчин, эмч, багш гээд ямар ч мэргэжлийн хэн боловч эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмрээрээ бахархдаг. Мах, сүү, ноос, ноолуур зэргийг ард түмэндээ хүртээх амьд үйлдвэрлэл малаа өсгөдөг малчны хөдөлмөрийн гайхамшигт сайхныг өгүүлээд баршгүй. Малчны мэргэжил нь аль нэгэн улс оронд юм уу аймаг, хотод очиж cap жилээр суралцахыг шаардахгүй хотондоо бэлчээртээ эзэмшиж болдгоор онцлог юм.
Суръя, суралцъя гэвэл багш маань малчид, судлах зүйл нь мал, танхим нь хот, бэлчээр байна.
А с у у л т : — Таны ажлын амжилтын үндэс юу вэ?
Хариулт: — Малаа гэсэн сэтгэлээс зүтгэх ухаан суудаг. Зүтгэсэн хүний амжилт бүтээл үнэлэгдэхээр ил тодорхой   харагддаг.
Иймд ямар ч үед малаа цөөн гишгуулж, олон өвс хазуулж таргалуулахыг хичээдэг. Энэ л амжилтын ундэс. бас амьдрал элбэг, хангалуун байх эх булаг. Малын жаргалыг бодсон малчин хүнд өөрийн жаргал аяндаа ирнэ.
Асуулт: — Өнөөгийн малчнаас өндөр боловсрол мэдлэг мэргэжил шаарддагийн учир, энэ талаар та биеэ хэрхэн дайчилдаг вэ?
Хариулт: — Хүн хоёр хөлөөрөө явдаг ч гэсэн яаж гишгэхээ ухаанаараа зална. Хэний боловсрол мэдлэг их байна вэ? Түүний бүтээл, хамт олноо гэсэн сэтгэл өндөр байдаг. Гуч, дөчөөд оны үед бидний өвөө, эмээ нар амандаа мааньтай, ханцуйндаа эрхитэй явсаан. Бидэнд өөр гайхамшигтай хувь заяа cурч боловсрох их боломжийг нам, засаг олгосон. Малын дэргэд дандаа цасан шуурга, хүйтэн бороо байхгүй нь мэдээж. Сүргийн дэргэд ном, хэвлэл уншиж, радио нэвтрүүлэг сонсож, мэд¬лэг боловсролоо дээшлүүлдэг. Зөвхөн хоньчин биш сурагч Намхайнямбуу хонио хариулж яваа гэж бодож мэдлэгээр хоцрохгүйг хичээдэг юм. Түүн дээр нэмээд маань, мэгзмээ хэлэхэд буруу нь юу байх вэ.
Асуулт: —Мал малласан хугацаанд танд ямар бэрхшээл тулгарч байв? Түүнийг хэрхэн давдаг вэ?
Хариулт: — Хонь хариулсан 20 гаруй жилд дандаа өвөлгүй зун, шөнөгүй өдөр, өгсүүргүй уруу зам, өөгүй цагаан тал байгаагүй.
Их, бага бэрхшээл тохиолдсоныг алийг тэр гэх вэ. Бэрхшээл ялагдахын тулд хүнд ирдэг юм уу даа. Ялагч нь хүн. Ялагдагч нь бэрхшээл байдаг. Гэхдээ сэтгэл санааны бэрх¬шээл хамгийн хэцүү нь. Бурмаар шагнахаар урмаар шагна гэдэг үг бий. Хамт олон, сайн нөхөд байхад гайгүй дээ.
Асуулт: — Та мал маллахын зэрэгцээ олон сонгуульт үүргээ хэрхэн биелүүлдэг вэ?
Хариулт: — Малчин хүнд чөлөөт цаг, зав гарах, эсэх нь өөрөөс хамаарна. Цагийн сайханд тайвширч, тэнгэрийн аясаар өөртөө чөлөө өгөөд байвал бүтээх ажил ховор. Цаг хугацаатай уралдаж, эртнээс бүх бэлтгэлээ амжуулаад байвал сонгуульт ажилд оролцох зав гарна.
Нам, төр, олон нийтийн байгууллагын хурал, зөвлөгөөнд оролцохоос эхлээд цаг зарцуулах ажил олон бий. Тэр бүхнийг амжуулахад ар талыг минь дааж үлддэг «Элбэг дээлийн эзэн» гэргий Жаргалын минь үүрэг ихээ. Манай голын малчид намайг ганцаардуулдаггүй юм.
Асуулт: — Та малчны мэргэжлээ үр хүүхэддээ өвлүүлж байна уу?
Хариулт: — Манайх найман хүүхэдтэй. Түрүүчийнх одоо нэг дүгээр анги төгсөнө. Ирээдүйд тэр нь тэгнэ, энэ нь ингэнэ гэж хэлж чадахгүй байна. Гэхдээ малд барьдаг шилбүүр, тулдаг уурга минь эзэнтэй үлдэх нь лав.
Асуулт : — Таныг өөр аймаг суманд уулзалт, зөвлөгөөнд оролцож явахад хамгийн их сонирхдог хариулахад амаргүй асуудал юу байдаг вэ?
Хариулт: — «Таныг ингэж явахад гэр орон, мал сүрэг чинь яаж байгаа бол?» гэж хүмүүс ихэвчлэн асуудаг юм. Хариулмаар хариулж чадмааргүй асуулт зөндөө байдгийн адил магтмаар, магтахад төвөгтэй хүн ч байдаг, миний арыг дааж, бүх ажлыг минь орлон хийдэг гэргийгээ магтаад байх нэг хэцүү, магтахгүй байх бас эвгүй байдаг. Хариулахад амархан мөртлөө хэцүү асуултьн хувьд ийм л байна.
Энэ хоёр уулзалт шиг олон уулзалт болж, хэдэн зуун асуултад хариулж, харилцан ярилцсан нь сургууль соёлд яваагүй жирийн малчин надад ухаан тэлж үнэт сургамж болдог юм.

Ц.Намхайнямбуу /"Хонины хишиг" номноос, 1988 он/


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats