Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Миний зөвлөгөө

Миний багш БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Л.Санжжав «Бэрхшээл хүнд ялагдахын тулд тулгардаг юм түүнийг давж гарах эр зориг тэсвэр хэрэгтэй» гэж сургадаг бол Н. Ганболд баатар маань «Нойрыг сэрж бардаг юм» гэнэ. Энэ нэг ёсондоо цагийг зөв ашигла гэсэн үг шүү дээ. Хүнд залхуурах гэж нэг «өвчин" бий. Залхуугаас тойрч явбал л юм дуулна шүү. Хүн ажил хийхдээ хэтийн зорилготой,хийе бүтээе гэсэн чин эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Тэгэхдээ ойрын ба холын гэсэн зорилт тавиарай. Ойрын гэдэг нь 5—10 жил, холын гэдэг нь хорь гуч, цаашдаа өндөр насны Тэтгэвэрт гараад юу бүтээх ба залуу халаагаа яаж бэлтгэх гэсэн үг юм л даа.
Би залуучуудтай уулзах бүрдээ аавынхаа хэлсэн үгийг санадаг юм. Аав минь амьд сэрүүндээ:
— Амьдарч байгаа нийгэм маань юу билээ хүү минь. Хоёрын хооронд цаг өнгөрөөх хэрэг байна уу, юманд чи зорилготой бай гэдэг сэн. Энэ бол зөвхөн миний аавын үг биш. Миний аав шиг олон аавын хүүхдүүддээ хэлдэг үнэтэй сургамж юм. Энэ бүгдээс ургуулан бодоод — Сэтгэл байвал зүтгэл төрнө. Зүтгэл байвал бүтээл гарна. Бүтээл байвал хоосон өнгөрөхгүй сайхан үед амьдарч байна гэж хэлмээр санагддаг л даа. Сурах хөдөлмөрлөх хоёрт цаг алдан алгуурлаж болохгүй. Би малчинтай холбоотой тун жирийн нэг жишээ дурдъя.
Манай тэргүүний аварга малчид мал төллөлтийн үед хонио тогтмол өглөө 8—9 цагт бэлчээж, орой 18—19 цагт хотлуул», өдөрт 10 цаг орчим идээшлүүлж  энэ үеийгээ хамгийн богиноссон бэлчээрийн үе гэж үздэг. Гэтэл зарим малчид дээрх үед хонио 12—13 цагийн үед бэлчээгээд 17—18 цагийн хавьд хотлуулж, өдөрт 5 цаг л бэлчээрлүүлж байна. Мал төллөлтийг нэг сарын хугацаанд явагдана гээд тооцоход ажил муутай сууриуд малаа 150 цаг буюу, бэлчээрлэлтийн хугацаагаар бол 30 хоног бэлчээрт идээшлэх хугацааг алдаж байна шүү дээ. Энэ талаар зааж зөвлөхөд, зарим хүмүүс ингэхгүйгээр төлөө бүрэн хөхүүлж чадахгүй байна гэж тайлбарладаг. Үнэндээ энэ байдал нь малаа ч нийгмээ ч хохироож байгаа хэрэг. Үржлийн мал маллаж байгаа хүний ажлын гол үзүүлэлт, үр дүн бол төл бойжилт юм. Энэ талаар өгүүлэх нь зүйтэй гэж бодож байна.
Хээлтүүлэг- Мал хээлтүүлгийг хэр зэрэг зөв зохион явуулснаас төл бойжуулах ажиллагаа ихээхэн шалтгаална. Манайх хонио хангайд өвөлжвөл 2 дугаар сарын 20-ноос, говьд өвөлжвөл, 3 дугаар сарын 15-наас төллөхөөр тооцож хээлтүүлдэг. Хонио 8 хоногийн завсарлагаатайгаар 2 ээлж болгон хээлтүүлэгт оруулж хээлтүүлгийн бүртгэлийг хөтөлнө. Ингэснээр хонь хоёр ээлжээр төллөх бөгөөд ажил төрлөө зохицуулахад ашигтай. Хуцыг нийлүүлэгт оруулахын өмнө 2—3 хоног сойгоод, давстай бүлээн усаар байнга усална. Хээлтүүлгийн явцад хуцаа шөнө уяж хоноод байвал хуц шөнөдөө бүрэн амардаг, нөгөө талаар хавар төл нь голдуу өдөр гардаг сайн тал ажиглагдаж байна. Бас миний ажиглалтаар нийлүүлэгт эхлэн орсон хуцны үр илүү ихэрлэж байх шиг санагддаг. Ийм учраас би 2 дугаар ээлжинд болбол нийлүүлэгт ороогүй  хуц тавьдаг юм. Ер нь ес дөнгөж дуусаад газрын хөрс гэсэхээс өмнө малыг төллүүлж дуусгах нь зүйтэй санагддаг.Газар гэсэхээр өт хорхой хүртэл амилж, өвс ногоо сэргэж эхэлдэг тул улирлын ид солилцоо болж, төлийн биед ч бодисын солилцоо, биологийн өөрчлөлт ордог бололтой. Эрт орой дулаарах нь жил жилийн онцлогтой холбоотой боловч 4 дүгээр сарын 15-ны дотор хонь ямаа төллөсөн байвал дээр. Хаврын борог өвс идэж өвсөнд орсон, ногоо гарч буй үеэр алаг бутуул идэж өвсөнд орох хоёр их ялгаатай. Борог өвс идэж өвсөнд орсон төл ногоо идэж торнино. Тэгээд дараа жилийн намар, өвөлтэй залгахдаа аль хэдийн хуурай өвс идэж шингээх амьдралын зохицолтой болсон байх тул турж эцэх нь бага байдаг. Мал төллөх хугацааг малын эмч, мал зүйч, малчид жил бүр хоорондоо зөвлөн тохиролцсон байх нь зүйтэй.
Хээл хамгаалах- Эх малыг тарган байлгаж үргээж  цочоохгүй, ширүүн хөөж туухгүй хэвтэр бууцыг хуурай дулаан байлгах нь хээл хамгаалах үндсэн нөхцөл юм.Мал ус, тэжээл, хужир, давсаар дутагдах, хашаа байрандаа шахалдах, хэвтэр нь нойтон хөлдүү байх, хээл хүндэрсэн үед хад бартаатай газар бэлчээрлүүлэх зэрэг нь хээл хаях шалтгаан болно. Хээлтэй малын хашаанд бод мал оруулахыг хатуу цээрлэх хэрэгтэй.
Хурга бойжуулах- Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн үндэс болсон төл бойжуулах ажил, малчны ажиллагаанаас шууд шалтгаална. Мал төллөх үеэр малыг өглөө бэлчээхдээ нэг бүрчлэн нарийн ажиглаж, төллөх дөхсөн хонийг ялган авч нэмэгдэл тэжээлтэй гэрийн гадуур байлгана. Гарсан төлийг эхэд нь сайн долоолгож тэр дор нь амлуулбал голно гэж байхгүй. Төл амархан тэнцэж, ходоод гэдэс нь бөхөжнө. Төлийг эхтэй нь хамт дураар байлгаж хөхүүлбэл уураг сүүндээ цадна, эх төл хоёрыг хүний гар олон хүргэхгүй  зэлүүд маягтай байлгаад 7 түүнээс дээш xoносон,  ихэр, туниа муутай зэргээр ангилан өөр өөр өтөг бууцанд хураах  буюу хашна. Манайх 2—3 ихэр бууцтай газар хонио хургалуулдаг. Ингэж хонь хургалуулах нь маш тохиромжтой бөгөөд эхийгээ олж хөхөх, бие биедээ дасах сайн талтай. Хонь төллөж байх үед олон хүн бужигнах, туслах төлчин авахдаа дургүй. Хүн олширч хөл ихсээд ирхээр хонь хургаа голно догширно, ааш зан нь хувирна. Өөрөөр хэлбэл мал маллагааны уламжлалт бор дүр монгол аргаар хонь төллүүлж, жаварт гарсан төлийг жаварт чийрэгжүүлэх чиглэл барьдаг.
Хургыг эхтэй нь хамт торниулах байдлаас шалтгаалан хол ойр бэлчээрт гаргаж дасгах нь сайн. Ингэж цөөн цөөнөөр нь ангилахад эх хүү хоёр хоорондоо дасаж, малчин хүн нүдлэхэд хүртэл түргэн байдаг. Эхийн нь жилбэ муудаж хургаа цатгахгүйд хүрвэл өгөх тэжээл хангалттай бэлтгэсэн байх хэрэгтэй. Эхийн сүү жилбэ татарсан үед бэлтгэл тэжээлээс өгвөл эхийн сүү жилбэ сайжирч төл торних нь түргэсдэг. Ер нь төл махлуулна гэдэг нь эхийг тордоно гэсэн үг. Зарим малчин сүү их хөхвөл төл чацга алдана гэж эхээс нь салгаж өдөржин хоосон байлгаад, орой нь нэг мөсөн их хөхүүлдэг. Ингэж хөхсөн төл сүүгээ шингээж чадалгүй ходоод гэдэс нь хямарч чацга алдана. Тиймээс төлд сүү ихдэж сүжнэ (пологтох) гэдэг нь байнга хөхүүлээгүйгээс болж байгаа дутагдал юм. Хот хэвтрийн үс ноос цэвэрлэх төлийн хэвтэр хуурай байлгах талаар байнга aнxaapax нь чухал. Нялх төл сониуч зантай байдаг. Тэр байдлыг нь ажиглан тэжээлд дасгахын тулд ус, өвсийг байнга бэлэн байлгах хэрэгтэй. Мал төллөж байгаа үеэр хужир өгөх муу гэдэг худал. Харин ч байнга хужраар хантаж байх нь хэрэгтэй юм шиг ажиглагдаж байгаа юм. Мал төллөж байгаа үед хотны ариун цэврийг онцгой сахих хэрэгтэй. Суурийн малчны хэн нь ч малаа эх хүүгээр нь андахгүй сайн таньдаг байх нь чухал. Ингэж ажилласан нөхцөлд төл бүрэн бойжно. Бид хонийг задгай шахуу хашаа хороонд байгальтай элбэж хургалуулах дуртай. Эхтэй нь хамт зэлүүд байлгавал ядаж хургаа голох нь хүртэл бага байдаг.
Дулаан цагт хээр хургалж хоноод хургаа дагуулаад ирсэн хонины хурга арай л хөл чангатай сэргэлэн байдаг даа. Тиймээс малын өөрийн нь удамшиж дассан байгальд ойртуулах нь зүйтэй.Манайх туслах төлчин авдаггүй. 500 хонь төллөх сууриа гурав тасалбал төлчин хүн арай илүү зовно доо.
Тэгэхээр бие дийлж л байвал сууриа тастахын оронд хариуцлагаа дээшлүүлсэн нь арай дээр биз ээ. Малчин хүний ажиллах цагийн хуваарьт сурч, соёлжих, ариун цэвэр гэгээрлийн ажил гээд бүгд орно. Манайд нийтийн аж ахуй үйлчилгээний явуулын   иж бүрэн бригад үйлчилж байгаа нь сайшаалтай боловч хэлбэрийн төдий байна. Малчдын ахуй нөхцөлийг сайжруулах ШБОС-ын зүйлийг ч гэсэн олон хувиар үйлдвэрлэж нийтийн хүртээл болгохын оронд үзэсгэлэнд тавих төдий жаахан шуугиж байснаа чимээ тасрах юм. Отрын гэрийг олон янзаар хийж байна. Гэвч хүн бүхний хэрэглэх үндэсний уламжлалт хэлбэр   хадгалсан гэр алга л байна. ШБОС тэргүүн туршлагаар хийгдсэн зүйлийг хүмүүс өөрсдийн шаардлагаар наад зах нь аваад хэрэглэхэд хялбар энгийн хийц загвартай эдийн засгийн хувьд хямд төсөр, бат бэх байх учиртай. Гэтэл амьдралаас хол хөндий зөвхөн үзүүлэхийн тулд хийсэн бүтээлүүд эзэндээ алтан медаль олж өгөөд л өргөн түмний хэрэгцээ болж чадахгүй аяндаа сураг тасарч байна.
Авто тээвэрт гарсан «Ачааны тэрэгний татлага чангалагч» шиг энгийн болоод хэрэглээний бүтээл малчин бидэнд хэрэгтэй байна. Шинийг санаачлагч эрдэмтэн нөхөд минь амьдрал судлаач гэж хүсмээр байна.Манай орны хөгжил хурдсахын хэрээр хот хөдөөгийн ялгаа арилж, малчид гэртээ дэлхий дахины болон улс орныхоо үйл амьдралыг телевизээр харж суух болов.
Энэ нь залуужиж байгаа манай малчдын оюуны ба ахуй амьдралын хэрэгцээтэй яв цав нийцэж байна. Гэхдээ л мал аж ахуйн үйлдвэрлэлд гарч байгаа мэр сэр залуус ажилдаа шамдан суралцахын оронд тодорхой бүтээсэн юмгүй хот суурин бараадахыг хичээн цаг хугацаа алдах явдал байна.
Заавал сургуульд явж боловсрол мэдлэг олох нь алба бишээ. Гол нь цуцахыг мэдэхгүй оролдож, ичихийг мэдэхгүй асууж өөртөө өндөр шаардлага тавьсан хүн зорьсондоо хүрнэ.
Намайг  ХААДС (Хөдөө аж ахуйн дээд сургууль)-д суралцахыг урьсан нь үнэн. Гэвч би яваагүй. Учир нь гэвэл хонь гэдэг бүхэл бүтэн шинжлэх ухааны практик асуудал хөндөж байгаад онол хөөвөл «хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцрохын үлгэр» болж мэднэ. Онол мэддэг хүн олширчээ. Ямарч гэсэн хонио дагавал илүү үр дүнд хүрнэ. Энэ нь наддаа ч улсдаа ч хэрэгтзй. Миний онолын мэдлэгийн дутууг мэдлэгтэй нь нөхөж, дадлага дутууг нь дадлагатай бид нөхье. Тэгвэл дундаас нь «нутгийн шилмэл үүлдрийн хонь» гэдэг өгөөж ихтэй өөх тарга сайтай, ноос арвинтай хонь гарах юм биш биз дээ. Ингэж гэмээж нь онол практикийн нэгдэл хангагдах бус уу?
Дүгнээд хэлчихэд сайн хоньчноос дарга төрөхөд хэцүү, сайн даргаас малчин бараг л төрөхгүй болов уу даа. Чаддаг чаддагаа л сайн хийж явбал үйлс буян тэгш, өлмий бат орших биз ээ. Манай аймагт гэхэд л ноос ихтэй, хүч тарга сайн авч чаддаг, хатуу ширүүн улиралд тэсвэр сайтай сартуул омгийн хонины ноосны чиглэл баримталж үндсэн сайжруулагчаар нь үржүүлж байгаа нь үр дүнгээ өгч байна. Казакийн ууцан сүүлт, баяд гэх мэтийн махны чиглэлийн сайн хонь байдгийг би үзсэн.Гэхдээ тэр хонь нутгийнхаа хүрээнээс хальж, үндсэн сайжруулагчаар ашиглаж байгаа нь төдийлөн харагдахгүй байна.
Энэ мэтэд манай хөдөө аж ахуйн эрдэмтэн мэргэжилтэн нар судалгаа, шинжилгээний ажил хийж байгаа байхаа. Харин тэр нь нийтэд харагдахуйц малчдын хүсэл сонирхлыг татсан бодитой ажил хараахан болж чадаагүй байна. Чухам энд л удирдлага зохион байгуулалтын ажиллагаа хэрэгтэй л дээ. Манай залуучууд өдөр тутмынхаа сонин хэвлэлийг  бүрэн ашигладаг болжээ. Урьд цагаан мэдээгээр дүүрэн байдаг байсан «Үнэн». «Хөдөлмөр», «Монголын залуучууд" үнэхээр шинэчлэл өөрчлөлтийн бодлогоор амьсгалж байна. «Утга зохиол» сонин бол урлаг соёл, уран бүтээлийн толь бичиг болжээ. Гэвч орон нутгийн сонинууд  зарим сэтгүүлийн хувьд зураг чимэглэл тааруу, нуршуу ач холбогдол багатай материал дахин дахин тавих зэргээр нэгэн хэвэндээ эргэлдсээр байна.     Хүүхдүүдийн маань хэвлэл тун аятайхан гарах болов.Томчууд бид түүнийг уншиж санал бодлоо нэмэрлэж байвал илүү өгөөжтэй баймаар санагдана. Ер нь хүүхдийн мэдлэгт тусалъя гэвэл сурах бичгийг нь эхлээд өөрсдөө уншиж ойлгоод дараа нь тэдэнд хэлж өгөх нь зөв. Миний хувьд л хүүхдийн сурах бичгээс сурах зүйл их байдаг. Сурах бичгийг тогтвортой хэдэн жилийн эдэлгээний ая даах хавтастай, алдаа залруулга багатай, чамбай хэвлэвэл хүүхдийн үрэлгэн байдал багасах сан.
Уран зохиол, соёл шинжлэх ухаан, мэргэжлийн ном өнөөдрийн залуу хүний оюуны болон ахуйн хэрэгцээ нэгэнт болчихжээ. Би Д.Нацагдорж, Б. Явуухулангийн түүвэр зохиол, Л.Түдэвийн бичсэн уран нийтлэл, «Оройгүй cүм» зэрэг роман туужууд, С. Эрдэнийн уянгын өгүүллэгүүд, С. Дашдооров, Б. Лхагвасүрэн, Д. Пүрэвдорж П. Бадарч нарын шүлэг найраглалыг байнга унших дуртай. Лев Толстойн «Сэхээрэлт», Богатый «Ойлголцол», Марко Пологийн «Орчлонгийн элдэв сонин" зэрэг орчуулгын зохиолууд дахин дахин уншмаар санагддаг. Өнөөдрийн хүмүүсийн амьдралын харьцааг нарийн харуулсан Д.Урианхайн «Халуун зуны сүүдэр», С. Жаргалсайханы «Айлын том хүү» зэрэг номыг уншаад цаг үеэ  мэдэрдэг юм. Яруу найрагч О. Дашбалбар олон сайхан шүлэг найраглал бичихийн хамт түүх, соёлын дурсгалт зүйлээ хамгаалан додомдох талаар онцгой санаачилга гарган хэд хэдэн өгүүлэл нийтлэл бичсэнд туйлын их баярлаж явдаг. Яруу найрагч 3.Дорж, Б. Батхүү, Б. Цэнддоо, О. Содномпил, Баттөмөр нарын зохиол бүтээлээс уншаад ихээхэн итгэл найдвар тавьдгаа нуугаад яах вэ?
Манай ахмад зохиолч, хөдөлмөрийн алдартнууд дурсамжаараа ном хэвлүүлж байгаа нь сайшаалтай. Хорвоогийн жамаар нэгэнт халин одсоны дараа судалгаа болж буруу зөвөө шүүж байснаас амьд сэрүүн ахуйд нь бичүүлээд үлдэнэ гэдэг туйлын зөв юм шүү. Малчин бидний амьдралын нарийн учрыг уянга дуугаар өргөн барьж байдаг хөгжмийн зохиолч, удирдаач, найруулагч, дуучдыг хэлэхгүй өнгөрөхийн аргагүй мэт санагдана. Манай нэрт дуучин Түмэндэмбэрэл, Нансалмаа, Адарсүрэн, Чулуунхүү нар малчид бидний жаргаж цэнгэх  цагт  баясал нэмж, зовж зүдрэх цагт хүч нэмж, байдгийг хэлээд яахав.
Уран зураг, баримал гээд дүрслэх урлагийн их ид шидтэнгүүд ч малчин биднийгээ мөнхийн бүтээлдээ дархалж байдаг билээ. Уран бүтээлийн нүсэр хүнд хөдөлмөрт ядарч зүдрэхийг мэдэхгүй зүтгэж яваа та нарыг малчид бид, үргэлж ойлгон,  сэтгэл тавьж явдгаа хэлэхэд илүүдэхгүй биз ээ. Залуу нөхөддөө захиж хэлэхэд. «Хэл ярианы уламжлалт соёлоо хөгжүүлж, төрөлх хэлээрээ цэвэр сайхан» ярьж сурах нь чухал. Хот суурин газрын зарим охид хөвгүүд балчир юм шиг «хэлээ хазах» үндэсний хэлээ гадаад үгтэй хольж ярих нь даанч эвгүй  байдаг. Эх Монгол хэлээ сайн эзэмшиж чадвал гадаад үг хэрэглэлтгүй бүрэн хүрэлцэнэ. Бидний үед цэвэр нямбай, гоё бичих гэж мэрийдэг сэн. Хэлний соёлын нэгэн хэсэг болох бичгийн соёлоо хайрлаж байсан нь тэр байжээ. Гэтэл одоо бичгийн хэв асар муудаж, алдаа мадгийг тоохоо байжээ. Надад ирж байгаа захиаг уншихад «Энэ чинь арай дээд сургууль, техник мэргэжлийн сургууль төгсөөгүй байлгүй» гэмээр хүн ч мэр сэр байх юм.
Одооноос сэргэж байгаа монгол бичгээ сурч өнгөрсөн түүх соёлын өв сантай танилцах, гадаад хэл сурах зэрэг нь манай залуучуудын өнөөгийн чухал шаардлага болж байна. Өнөөгийн малчин, ажилчин, сэхээтэн залуу хүн, хэн боловч эрдэм мэдлэгийг чармайж эзэмшихгүйгээр урагш ахихад бэрхтэй болжээ.

Ц.Намхайнямбуу /"Хонины хишиг" номноос, 1988 он/


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats